Tuesday, December 31, 2013

2013 оны сүүлчийн бичлэг: "Та өөрөө старт-ап компани" номыг орчуулсан тухай

2013 онд миний хийсэн нэг гол ажил бол “Та өөрөө старт-ап компани номыг орчуулан гаргасан явдал байлаа. Анх орчуулах санаа 2012 оны намар төрж, Батбаатар, Энхбат нарын найзууддаа хамтран орчуулах санал тавьж байв. Ингээд 2013 оны эхнээс бид үндсэн ажлынхаа хажуугаар орчуулж эхэлсэн. Орчуулгын эрхээ хөөцөлдөж, орчуулгаа гүйцээх үед зургаадугаар сар гарсан байв. Хурдан гаргах гэж ихэд адгаж байсан ч зун болж хаа сайгүй амралт эхэлсэн тул арга буюу намар болохыг хүлээв. Ингэсэн нь ч оносон байлаа. Энэ үед мөн Батбаатар маань Майкрософт-д инженерээр ажилд орж, биднийг баярлуулав. Түүний орчуулдаг хэсэгт нэгэн залуу Майкрософтод ажилд орохоор тун сонирхолтой арга хэрэглэсэн тухай гардаг болохоор бид их бэлгэшээж байлаа. Хэвлэлд шилжүүлтлээ орчуулгаа сайжруулсаар, номынхоо агуулгын дагуу танилын сүлжээгээрээ дамжуулан танилцсан Гоодаль сэтгүүлийн ерөнхий редактор Баярхүү эгчтэй холбогдож, номоо албан ёсоор редакторлуулав.  Хавтасны тухайд Оюунгэрэл сайдын номын хавтасны дизайныг гаргадаг Дорж ахаас зөвлөгөө авахад англи хавтасных нь дизайныг барьчих гэсэн билээ. Тэр ёсоор үйлдэж, гадаад хүмүүсийн зурагны оронд хуучин ажлынхныхаа зургийг (Бэста ХХК-ийнхан) оруулсан нь номыг маань их сайхан чимэв.
Ингээд номоо Монголын Бизнесийн Хөгжлийн Холбооны санаачилга болох Некстжен хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Мөнхийн үсэг ХХК-д хэвлүүлж, Интерномд 2013 оны 11 сарын 7-нд нээлтээ хийв. Энэ үеэр Энхбат бид хоёр үг хэлж, мөн Америкт суугаа Батбаатарынхаа явуулсан үгийг уншиж өгсөн. Мөн спонсор МБХХ-ны төлөөлөл ч сэтгэгдлээ илэрхийлэв. Дараа нь танхим дүүрэн ирсэн зочдоос азтан тодруулж номоо бэлэглээд, гарын үсэгтэй худалдаа явуулав. Найз нөхөд болоод зарын дагуу ирсэн хүмүүс баяр хүргэж,  “хэвлэлтийн чанар сайн болжээ, ялангуяа хавтас нь” гэхэд би их л хөөрч, зарим нэгэнд нь “Доторх агуулга нь хавтаснаасаа ч тасархай” гэж догдлонгуй хэлж байлаа.
Номын нээлт болон агуулгын талаар www.news.mn зэрэг зарим сайтууд нийтэлж, UBS-ийн Номын ертөнц нэвтрүүлэг сурвалжлав. Улмаар “Та өөрөө старт-ап компани” худалдаанд гарсан эхний 7 хоногтоо Интерномын №2 бестселлер болж, дараа 7 хоногт нь мөн ТОП 10-т багтав. Удалгүй “Нийслэл гайд ” сэтгүүл дээр нэгэн уншигчийн сэтгэгдэл хэвлэгдлээ.
Үүнээс хэд хоногийн дараа эхний уншигчид сэтгэгдлээ хуваалцаж эхлэв. Нэг найз маань “Энэ номыг уншсан чинь яг л Блүүмберг суваг үзэж байгаа юм санагдсан” гэж билээ. Цахим Өртөөний Жагдагдорж, Буянцогтоо, Лодойравсал нарын ах нарын урмыг үг, Твиттерийн Танхай эмээ, Ikon.mn сайтын сэтгүүлч Болортуяа нарын талархалд баярласан гэж юүхэв. Америкт IBM-д ажилладаг Жагдагдорж ахын хувьд 2011 оноос эхлэн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн залуу багш, оюутнуудад “Энтрепренершип ба инновацийн хичээл”-ийг онлайнаар зааж байгаа аж. Энэ жилийнхээ хичээлийн хөтөлбөрт “Та өөрөө старт-ап компани” номноос оруулна, орчуулдаг нь их сайн хэрэг боллоо гэхэд нь хийсэн ажлын маань үр дүн шууд гарах нь гэж их урамшив. Мөн номынхоо буянаар танилцсан Болортуяатай ярилцан Ikon.mn сайтад номоосоо цувралаар тавихаар болж, эхнийхийг нь саяхан тавилаа. 


Маркетинг сэтгүүлийн дугаарт
Түүнчлэн “Маркетинг” сэтгүүлийн 11-р сарын дугаарт номын хэсгээс хэвлэгдэж, олон компанийн маркетингийн албаныханд хүрэв. Энэ мэтээр ном маань олон сувгаар хүмүүст хүрч, уншигчид сэтгэгдлээ ирүүлсээр байна. 
Уншигчдын санал сэтгэгдэл дундаас “Орчуулга сайн болжээ” гэсэнд нь би юу юунаас илүү баярлаж байгаа. Яагаад гэвэл сайн агуулгатай, монголчуудад хэрэгтэй ном гэдэгт нь би тун итгэлтэй байсан болохоор буруу хуудуутай орчуулж, эх санаануудыг нь тааруухан хүргэчих вий гэж, уншигчдын мэдэхгүй (Монголд дөнгөж хөгжиж эхэлж буй энтрепренершиптэй холбоотой) нэр томъёо олон байсныг зөв зүйтэй орчуулсан л байгаа даа гэж эмээж байлаа.
Өнөөгийн хурдтай, өрсөлдөөн ихт мэргэжлийн талбарт хэрхэн өсч дэвжих тухай үзүүлэхийн зэрэгцээ энтрепренершип, старт-ап ертөнцийн талаар тун цэгцтэй мэдлэг өгөх энэхүү номыг ийнхүү орчуулан гаргав. Энтрепренершипийн талаар ийм сонирхол татам байдлаар бичсэн ном өмнө нь Монголд бараг л гараагүй болов уу. Тиймээс миний, бидний хувьд энэ бол том амжилт юм. Үүнийг ч батлах мэт “Та өөрөө старт-ап компани” ном Интерномын Grandbook 2013 шалгаруулалтанд “Бизнес, эдийн засгийн ном” төрөлд аман хүзүүдэв. Бидний ном оны сүүлээр гарсан ном болохоор энэхүү шалгаруулалтын дүнг зөвхөн борлуулалтын дүнгээр биш бусад хүчин зүйлүүдийг харгалзан гаргасан юм байна гэж ойлгосон.
Одоо ном маань харьцангуй олон хүний гар дээр очсон тул бид ирэх 1-р сараас эхлэн уншигчдын уулзалт зохион байгуулахаар ярилцаж байгаа. Мөн тус номд олонтаа дурдагддаг Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандбергийн шинэхэн номыг  хэдэн нөхдийн хамт орчуулж буйгаа энэ далимд дуулгахад таатай байна. Дээрх холбоосоор орон like дарж, энэхүү шинэ номтой холбоотой мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Tuesday, October 15, 2013

Өрсөлдөх давуу талаа хөгжүүл

 "Та өөрөө старт-ап компани" номын хэсгээс:

2-р бүлэг 
Өрсөлдөх давуу талаа хөгжүүл

Бэй Эриагийн 101-р хурдны зам дагуух самбар дээр 2009 онд “Гадаадад буй 1’000’000 хүн таны ажлыг хийж чадна. Та юугаараа онцгойрч чадах вэ?” гэж бичсэн байв. Нэг сая гэдэг нь хэтрүүлэг байж болох ч маш олон хүн таны мөрөөдлийн ажлыг хийж чадна гэдэг нь, хийхийг хүсч буй нь хэтрүүлэг биш юм. Аваргын төлөөх тоглолтын билет авах, царайлаг залуу юм уу бүсгүйн гарыг атгах, сайн коллежид орох, мэргэжлийн боломж бүрийг шүүрэх гэхчлэн хүсүүштэй ямар ч зүйлд өрсөлдөөн бий болдог.

Өрсөлдөөнд ялгарах нь энтрепренерийн орших үндэс юм. Салбар бүрт хэд хэдэн компани хэрэглэгч бүрийн ширхэг доллар болгоны төлөө тэмцдэг. Чимээ шуугиантай, эмх цэгцгүй энэ дэлхийд жижигхэн ялгааг задлан шинжлэх зав чөлөө хэрэглэгчдэд байдаггүй. Хэрвээ компанийн бүтээгдэхүүн өрсөлдөгчийнхөөсөө үлэмж ялгаатай л биш бол, “Ямар нэгийг хий” /Do something/ ТББ-ын гүйцэтгэх захирал Нэнси Лаблины хэлсэнчлэн, хэрвээ таны бүтээгдэхүүн хамгийн анхны, цорын ганц, илүү хурдан, илүү сайн, илүү хямд л биш бол хэн нэгний анхаарлыг татахгүй. Шилдэг энтрепренерүүд өрсөлдөөнд онцгойрох бүтээгдэхүүнийг бүтээж, брэнд болгодог. 1999 онд байгуулагдсан, онлайнаар гутал зардаг Zappos.com бол үүний тод жишээ. Shoebuy.com, Onlineshoes.com зэрэг бусад онлайн гутлын дэлгүүр 30 хоногийн дотор бараа буцаах эрх өгдөг бол Заппос зарсан бараа бүртээ 365 хоногийн буцаалтыг санал болгосон анхны дэлгүүр болж, хэтэрхий сайн хэрэглэгчийн төвөөрөө нэрд гарсан юм. Эл.Эл.Бийн, Жэй.Крю зэрэг жижиглэнгийн дэлгүүрүүд онлайн захиалгаа буцаасан тохиолдол бүрт хэрэглэгчээс тээврийн зардал авдаг бол Заппос юу ч асуулгүйгээр бүх буцаалтыг үнэгүй хийдэг. Гаап /The Gap/ зэрэг аварга компаниуд онлайн гутлын дэлгүүртээ тэдний үнэгүй хүргэлт, үнэгүй буцаалтыг хуулбарласан ч, хэрэглэгчийн төвийнхөө утасны дугаарыг вэбсайтынхаа доод хэсэгт маш жижигхэн фонтоор оруулжээ. Харин Заппосын 1-800-тай дугаар вэбсайтын хуудас бүр дээр, гүйцэтгэх захирал Тони Хсиэхийн хэлсэнчлэн “бахархалтай нь аргагүй” тавигдсан байдаг. Түүнчлэн Невада дахь тус компанийн төв салбарт ажилладаг орон нутгийн ажилтнууд дуудлага бүрт хариулна. Хэрэглэгчийнхээ дуудлагад цагийн хязгаар тавина, тэмдэглээд эргэж хариу өгнө гэсэн ойлголт байдаггүй нь өдөрт хийх дуудлагын тоондоо хязгаар тавьдаг, гадны хүмүүсийг ажиллуулдаг хэрэглэгчийн төвүүдтэй өнөөгийн эринд бараг л дуулдаагүй үзэгдэл. Заппос байж болох бүх талаараа хэрэглэгч-төвтэй соёлыг бүтээснээр өрсөлдөөнд илт ялгарсан юм. Энэ нь л Заппосыг сая сая гутал сонирхогчдын итгэлт газар болгож, Амазон тус дэлгүүрийг бараг тэрбум доллараар худалдаж авах шалтгаан болсон билээ.

Тийм ээ, та бол онлайн гутлын дэлгүүр биш. Гэвч та өөрийн оюун ухаан, ур чадвар, эрч хүчийг зарж байгаа. Ингэхдээ асар их өрсөлдөөн дунд үүнийг хийж байгаа. Ажил олгогчид, түншүүд, хөрөнгө оруулагчид болон бусад эрх мэдэлтэй хүмүүс таныг юм уу тантай адил харагдах хэн нэгнийг сонгоно. Аятайхан боломж гарах бүрийд төсөөтэй ажилтай, ойролцоо боловсролтой олон хүн тийш зүтгэдэг. Ажилд орох хүсэлт бүхий өч төчнөөн өргөдлийг шүүж суухдаа ажил олгогчид хэт их мэдээлэл дунд өргөдөл гаргагчдын төсөөтэй байдалд автан төөрөлддөг.

Хэрвээ та зах зээл дэх бусад мэргэжилтнээс өөрийгөө онцгойруулах төлөвлөгөө боловсруулах гэж буй бол, нэн түрүүнд “.................. учир аливаа компани намайг олон мэргэжилтэн дундаас сонгон ажилд авдаг” гэх өгүүлбэрийг гүйцээх чадвартай байх хэрэгтэй. Тухайн ажлыг хийхийг хүсч буй бусад хүнээс та юугаараа ялгарч, хэрхэн хамгийн анхны, цорын ганц, илүү хурдан, илүү сайн, илүү өгөөжтэй нь болох вэ? Та олж авахад хэцүү юуг санал болгож байна вэ? Ховор болоод үнэ цэнтэй юуг та өгч чадах вэ? ...

Friday, October 11, 2013

Зөв бичгийн дүрэм ээ гэж...

"Та өөрөө старт-ап компани" номыг орчуулахдаа угийн дагах ёстой Дамдинсүрэнгийн зөв бичгийн дүрэм, саяхан Төрийн хэлнээс зөвлөлөөс цэгцэлсэн 700 үгийн бичлэгийг барих гэж хичээв. 1983 энэ дүрмийг сайн уудлаад үзвэл мэдүүштэй зүйл их олон байна лээ. Гадаад үгэнд нөхцөл залгах гэх мэт зарим зүйл заалтууд нь гэхдээ Саруул багшийн хэлснээр үг дуугүй дагахад хэцүү гэх. Нээрэн л тийм шиг. Юутай ч, уг номыг уншиж байх явцад "цээжлэх" гэдгийг "чээжлэх" гээд биччихсэн байвал бүү гайхаарай. Хэдий санал нийлэмгүй зарим зүйл байсан ч дүрэм бол дүрэм гэж үзэв.

Зарим нь ч уншсан биз, Саруул багшийн хоёр сонирхолтой нийтлэлийг, өнөө 700 үгтэй хуваалцъя:

Толгойд гарсан бөөс болоод буй зөв бичих дүрмийн алдааг яах вэ?

Өнөө 1983 оны Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын “Зөв бичих дүрмийн толь” чинь л одоо хүртэл хүчинтэй байгаа шүү дээ.
Буруу биччихээд тэрийг нь хэлэхээр “та нар өөрсдөө дүрмээ олон солиод байхаар чинь тэгэлгүй яах юм бэ?” гэх хүн олон таарах. Та нар гэдэг нь хэл шинжээчдийг хэлж байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд өнөөх 1983 оны дүрмийг хэн ч өөрчлөөгүй гучин жил болж байна даа. Төсөрхөн 700 үгийг цэгцэлсэн, энэ нь дүрэм өөрчилсөн гэсэн үг огт биш, хоёр өөр янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр болгосон хэрэг юм.
Ингэхдээ аль дүрмийг нь баримтлах юм бэ гэж л ахин битгий асуугаарай даа, албан ёсны ганцхан дүрэм л байгаа. Алдаа биш, харин санаатайгаар өөр өөрийнхөөрөө бичдэг нь дүрэм биш үзэл бодол юм. Үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй, харин дүрмийг бол дагах ёстой. Дагахгүй бол тооцдог хариуцлага бас байх ёстой.
"Пэхээняан" гэж гацалгүй, "лямбда" гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна

Төрийн хэлний зөвлөлөөс бичлэгийг нь нэг мөр болгон цэгцэлсэн 700 үг

Wednesday, October 9, 2013

What is permanent beta?

Саяхан твиттерийнхээ танилцуулгыг I'm in permanent beta гэж өөрчлөв. "Та өөрөө старт-ап компани" ном хэд хэдэн шинэлэг санаа дэвшүүлсний нэг нь энэхүү байнгын бета хувилбарт орших явдал юм. Юу болохыг номын доорх хэсгээс уншина уу:
-------------------------------

ИРЭЭДҮЙГ ЧИГЛЭХ ЖИМ

1997 онд Цахиурын хөндийд амьдардаг Рийд Хастингс хэмээх програм хангамжийн мэргэжилтэн залууд нэгэн асуудал тулгарчээ. Тэр видео киноны дэлгүүрээс “Аполло 13” киног түрээсэлж үзээд, хэд хоног хоцроон буцаах үедээ эхнэртээ хэлэхээс ч санаа зовмоор их мөнгөний торгууль төлжээ. Улмаар түүний энтрепренер зөн “Хэрэв чи кино прокатлалаа гэхэд хэзээ ч хожимдож буцаасны төлбөр төлдөггүй байвал ямар вэ?” гэж дотроос нь хатгажээ.

Ингээд тэр энэ салбарыг судалж эхлэн, шинээр гарсан ДиВиДи /DVD/ технологи нь тээвэрлэхэд хөнгөн, бас хямд болохыг олж мэдсэн байна. Тэрбээр интернэт худалдаа руу чиглэсэн шилжилтийг ДиВиДи-ний хувьсгалтай нийлүүлбэл гайхалтай боломж нээгдэхийг ойлгоод, тэр жилдээ интернэт худалдааг уламжлалт шуудантай хослуулсан бизнес эхлүүлэв. Үйлчлүүлэгч вэбсайтаас хүссэн киногоо сонгох бөгөөд киноныхоо ДиВиДи-г шуудангаар хүлээн авч, үзэж дуусмагцаа буцаан илгээх ёстой байв. Энэ нь маш гайхалтай санаа байсан ч технологийн салбарт олон жил ажилласан Рийд бизнес нь цаашид зайлшгүй хувьсан өөрчлөгдөхийг мэдэж байлаа. Тэр бизнесээ “Шуудангийн ДиВиДи” гэдэг ч юм уу, бизнесийнхээ тухайн үеийн нөхцөлийг илтгэх өөр бусад нэрээр нэрлэхээс зайлсхийж, оронд нь Нетфликс хэмээх илүү өргөн хүрээтэй компанийн нэр бодож олжээ.

Нетфликс тэр даруй амжилт олсонгүй. Тухайн үед Нетфликсийн хэрэглэгчид дэлхий даяар зуу зуун видео прокатны дэлгүүртэй, салбартаа ноёрхогч Блокбастерын үйлчилгээнд төлдөгтэй л адилаар түрээсэлсэн ДиВиДи болгондоо мөнгө төлж байв. Бизнес нь олонд сайн хүрээгүй тул Рийд сарын захиалга хийсэн нөхцөлд хязгааргүй тоогоор кино авах үйлчилгээ санал болгож эхлэв. Гэсэн ч хэрэглэгчид онлайнаар кино сонгосноос хойш шуудангаар иртлээ их удаж байна гэж гомдоллосоор байлаа. 1999 онд тэр Блокбастерын төв байранд уулзалт зохион байгуулж, орон нутгийн түгээлтэд хамтран ажиллах боломжийн талаар, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах тухай ярьсан боловч Блокбастерынхан дэмжээгүй аж. “Биднийг оффисоос нь гарахад тэд инээлдэж байсан” хэмээн Рийд дурссан байдаг.

Рийдийн багийнхан шантарсангүй. Тэд түгээлтийн төвүүдийн сүлжээгээ төгөлдөржүүлж, хэрэглэгчдийн 80-аас илүү хувьд киногоо өдөрт нь хүлээлгэн өгдөг болов. Мөн өмнөх худалдан авалтан дээр нь үндэслэн хэрэглэгчдийн сонирхлыг татах магадлалтай кинонуудыг санал болгодог програм хөгжүүлэв. 2005 он гэхэд Нетфликс дөрвөн сая захиалагчтай болж, өрсөлдөгчдөөсөө ялгаран, онлайн кино прокатны хаан болсон бөгөөд 2010 онд Нетфликс 160 гаруй сая ам.долларын ашигтай ажиллажээ. Харин Блокбастер интернэтийн эринд дасан зохицож чадаагүйгээс тэр жил дампуурлаа зарлав.

Гэсэн ч Нетфликсийн санаа амарсангүй. Шуудангийн ДиВиДи нь 2010, 2011 онд ашигтай хэвээр байсан ч тэд гол анхаарлаа дараагийн шатанд буюу компьютер, ухаалаг гар утас, таблет төхөөрөмжүүдээр кино болон телевизийн шоунуудыг шууд дамжуулахад хандуулав. Энэ бол тэдний олон жилийн мөрөөдөл бөгөөд түгээмэл тархсан өргөн судалт /broadband/ технологийн ачаар одоо энэхүү мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ. Хэрэглэгчдийн дийлэнх нь одоо ТВ шоу, кинонуудыг ДиВиДи-нээс илүү онлайнаар үзэж байгаа бөгөөд яг энэ мөчид хагас, бүтэн сайн өдрийн нийт интернэт хандалтын 30-аас илүү хувийг Нетфликс эзэлж байна. Магадгүй онлайнаар шууд үзэх арга нь /online streaming/ нэг их удахгүй Нетфликсийн үндсэн програмыг, эсвэл хараахан бий болоогүй шинэ технологийг ч өөртөө агуулж мэдэх юм. Аль нь ч байсан тэдний өнөөгийн амжилт мөнхийн биш. Шинэ сорилтууд хэзээд урган гардаг билээ.

“Ихэнх тохиолдолд дэлхийд гарч буй өөрчлөлт чамайг нөмрөн авдаг” хэмээн Рийд өгүүлнэ. Нэгэн удаа Холливүүдийн удирдах ажилтан түүнтэй зурагтаар ярилцлага хийхдээ “Та стратегийн төлөвлөгөөгөө таван жилээр гаргадаг уу, гурван жилээр гаргадаг уу? гэж асуухад Рийд “аль нь ч биш” гэж хариулжээ. Гурван жил гэдэг бол Цахиурын хөндийд “мөнхийн” гэсэнтэй адил сонсогдох бөгөөд тэд стратегиа ийм урт хугацаагаар төлөвлөх боломжгүй аж. Үүний оронд Нетфликс хурдан шаламгай, байнгын дасгалжилттай, үргэлж туршилтын шатандаа явахыг илүүд үздэг. Энэхүү сэтгэлгээг бид “байнгын бета” гэж нэрлэлээ.

Старт-ап сэтгэлгээ: Байнгын бета

Технологийн компаниуд бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргасны дараа хэсэг хугацаанд “бета туршилтын шатандаа яваа” гэсэн шошго хадаж, тус бүтээгдэхүүн хараахан бүрэн төгс болоогүй, улам сайжруулах болно гэдгийг тодотгодог билээ. Жишээлбэл, ЖиМэйлийг 2004 онд хэрэглээнд гаргасан боловч 2009 онд нэг сая хэрэглэгчтэй болсных нь дараа л бета шошгийг нь албан ёсоор авсан юм. Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос жил бүр хувьцаа эзэмшигчдэд явуулдаг захидалдаа яг л 1998 онд анхны захидалдаа бичиж байсанчлан “Хэдийгээр бид өөдрөг байгаа ч сонор сэрэмжтэй, яарангуй хэвээр байх ёстой. Өнөөдөр бол интернэт болоод Амазоны хувьд хамгийн эхний өдөр юм” гэж бичсээр, сануулсаар байдаг аж. Өөрөөр хэлбэл, Амазон хэзээ ч бүтээгдэж дуусахгүй, өдөр бүр Амазоны “эхний өдөр” юм. Энтрепренерүүдийн хувьд дууссан (finished) гэдэг үг бол F үнэлгээ байдаг. Агуу компаниуд үргэлж урагш хөгжиж байдгийг тэд мэднэ.

Үүнтэй адил бид ч бас үргэлж хөгжиж байдаг. Өдөр бүхэн бидэнд ажил амьдралдаа илүүг сурах, илүүг бүтээх, илүү байх, илүү өсөх боломжийг бэлэглэж байдаг. Карьераа байнгын бета хувилбарт байлгаснаар та өөрийгөө төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрч, сурах зүйл их байгаа, ирээдүйд дасан зохицож, өсч хөгжих хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ бол өөрийгөө сайжруулах, эргэн тойрны ертөнцөө улам сайхан болгох хүч чадал танд бий шүү гэдгийг илтгэсэн, өөдрөг үзлээр жигүүрлэсэн сэтгэлгээ болохыг бүү мартаарай.

Калифорни-Дэйвис их сургуулийн Энтрепренершипийн төвийн тэргүүн Энд Харгадон “Хорин жилийн туршлага гэдэг бол үнэндээ хорин удаа давтсан нэг жилийн туршлага юм” гэж билээ. Хэрвээ таны карьер байнгын бетад байх юм бол 20 жилийн туршлага тань, жил бүр нь шинэхэн бөгөөд баялаг сорилт, боломжуудаар дүүрэн байх учир үнэхээр л 20 жилийн туршлага байх болно. Байнгын бета гэдэг нь тэгэхээр яахын аргагүй өөрийгөө хөгжүүлэх насан туршийн сэтгэлгээ юм.

Завгүй, идэвхтэй амьдрагтун! Үгүй бол та амархан уруудна. Өсч хөгжихгүй бол та улам давжаарах болно. Урагш гишгэхгүй бол арагш ухрах болно.

Tuesday, October 8, 2013

My information diet

Би гэдэг хүн мэдээллийн энэ эринд мэдээллийг хэрхэн олж авч байна вэ гэж...

Одоогийн байдлаар www.feedly.com дээр 92 сайт RSS-дсэн байгаа юм байна. Ихэнх нь блогууд. Блогтоо их үнэнч гэж байгаа. www.twitter.com дээр одоогоор 612 аккаунт дагаж байна. Листэлж ангилахдаа муу тул нүдээ чилээхгүй гэж аль болох бага хүн дагахыг бодох юм. Твиттер дээр бас RSS-дэхэд төвөгтэй том aggregator сайтуудыг дагачихад зүгээр санагддаг. Мөн байнга харж, суралцаж байдаг хэдэн хүнийхээ твиттер хуудсыг тогтмол шалгаж, бичсэн, шэйрлэсэн зүйлсийг нь ажиглаж байдаг. Аль нэг сэдэв юм уу, аль нэг мэдээллийн хэрэгслээр дагнах биш, итгэлт хүмүүсээрээ дамжин мэдээлэлд хүрэх нь миний хувьд их чухал. www.facebook.com бол зохистой хэрэглэвэл мэдээж мэдээллийн нэг чухал эх сурвалж. Одоогоор 700 гаруй найзтай, үздэг үздэггүй нийлсэн 30, 40-өөд группт харъяалалтай байгаа юм уу даа. Хэрэгцээт линкүүдийг хадгалахдаа www.delicious.com-ыг ашиглаж байна. Хэвлэмэл гэвэл Өнөөдөр, Өдрийн сонин 2-ыг л гүйлгэж харж байх шив дээ.
Одоохондоо нэг иймэрхүү байна, ойрноос мэдээллийн эдгээр сурвалжийнхаа мэдээлэл авч буй давхардлыг арилгаж, ер нь information diet-ийнхаа талаар нухацтай бодно оо.

Ташрамд, удахгүй хэвлэгдэх гэж буй "Та өөрөө старт-ап компани" номд өнөөгийн нөхцөлд мэдээллийг хэрхэн олж авч, боловсруулах тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдгаас энд хэсэгчлэн оруулъя:
----------------------------------------------------------------

/5-р бүлэг. Үсрэлт хийх боломжийг эрэлхийл/

......

Завшаант мэдээлэл

Тавдугаар бүлэгт бичсэнчлэн, азтай ололт нь таныг хөдөлгөөнтэй байх үед буюу ямар нэг зүйл хийж байхад ирдэг. Тэгвэл санаандгүй тохиолдлоор олдох мэдээлэл буюу завшаант мэдээлэл /serendipitous intelligence/ нь мөн ийм л үед, өөрөөр хэлбэл таныг хүмүүстэй уулзаж, ярилцаж байх үед олдоно. Хэрэв та хүмүүстэй байнга холбоотой байж, тэдний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг бол танд хамаатай мэдээлэл бүхий имэйлийг илгээж магадгүй. Түүнчлэн үдэшлэг дээр, эсвэл ердийн үдийн хоолны үеэр хэн нэгэн танд маш хэрэгтэй мэдээлэл өгч болохыг таах аргагүй. Хэдийгээр Цахиурын хөндийд авъяаслаг хүмүүсийн төлөө, хөрөнгө нөөц олохын төлөө, бусдын анхаарлыг татахын төлөө ширүүн тэмцэл өрнөдөг ч, технологийн старт-апуудын тийш нүүдэг нэг шалтгаан нь завшаант мэдээллийг олж авах явдал байдаг.

Азтай ололттой учрахын тулд танд хийж болох зүйлс байдагтай адил завшаант мэдээллийг олж авах аргууд ч бий. Юун түрүүнд хүмүүсээс асуух хэд хэдэн асуултыг нөөцөл. Жишээ нь, “Сүүлийн хэдэн сард сурсан хамгийн сонирхолтой зүйл чинь юу вэ?” /Эдийн засагч Тайлер Ковен Бэнтэй уулзах бүртээ ингэж асуудаг/ гэх мэт ерөнхий, эсвэл “Хөрөнгө оруулалт хийж хамтарчихмаар ямар нэг гайхалтай энтрепренер юм уу, старт-апыг олж мэдэв үү?” /Би энтрепренерийн орчинд ажилладаг хүмүүстэй яриа өрнүүлэх зуураа энэ асуултыг асуудаг/ гэх мэт онилсон асуулт байж болно. Иймэрхүү асуултанд ямар хариулт ирэхийг та үнэхээр мэдэх боломжгүй бөгөөд ямар нэг сонирхолтой зүйлд хөтлөх нь тодорхой. Өнөө үед завшаант мэдээлэл онлайнаар түгэх нь ихсэв. Та нэг танилынхаа ЛинкэдИн юм уу, Фэйсбүүк хуудсыг ямар нэг тодорхой зүйл хайлгүйгээр зүгээр л үзэж байгаад ажилладаг салбарынхаа тухай сонирхолтой нийтлэл олж үзэх, хамт ажиллаж байсан танил тань ажиллахыг хүсдэг компанид тань орсныг мэдэх, эсвэл эрхлэхийг хүсдэг бизнесийг тань нэг найз тань эхлүүлснийг санамсаргүй олж мэдэх боломжтой болсон.

Түүнчлэн, Зингагийн гүйцэтгэх захирал Марк Пинкусын “интернэтийн дуут дохионууд” хэмээн нэрийдсэн Амазон, ЛинкэдИн, Яхүү, Фэйсбүүк, Иэлп, Гүүгл зэрэг вэбсайтад нэвтрэх нь завшаант мэдээллийг олж авах нөхцөлийг бүрдүүлдэг. Та www.cnn.com руу орж, Фэйсбүүк дээрх найз нарынхаа хуваалцсан нийтлэлүүдийг гарган ирж болно. Тэр ч байтугай, Форчун сэтгүүлийн “Хамгийн шилдэг 100 компани”-ийн жагсаалтыг үзэж суухдаа ЛинкэдИн дээрх хоёр, гуравдугаар зэргийн танилууд дотроос тань хэн хэн тэдгээр шилдэг компанид ажилладаг болохыг сонирхож болно. Дотор нь ажилладаг хүнийг таньдаг байх нь тухайн компанийн талаар мэдээлэл авахад илүү дөхөм болдог. Саяхныг хүртэл хэн нэг нийтлэгч юм уу, аливаа нэг програм ямар мэдээлэл чухал болохыг сая сая уншигчдад зөвлөдөг байлаа. Харин өдгөө нийтийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс сайн мэддэг, итгэлт хүмүүсээрээ дамжуулан мэдээлэлд хүрэх болсон. Эцэст нь тэмдэглэхэд, сонирхолтой мэдээллийг танилын сүлжээ рүүгээ түгээх нь эргээд завшаант мэдээллийг олж авах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс нийтлэл, эшлэл зэргийг бусадтай хуваалцах, мэдсэн ажлын саналаа хүмүүс рүү илгээх гэх мэтээр жижиг бэлгүүдийг сүлжээнийхэнтэйгээ хуваалцаж байгаарай. Найз нөхөд тань үүнд талархах бөгөөд эргээд танд завшаант мэдээллийг эелдгээр илгээх болно.


Thursday, September 19, 2013

Нохойн дуу ойртсоор


Олон сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэх дөхөж л байна даа. Өнөөдөр редактор маань засаж дуусгасан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүк дээр номынхоо Та өөрөө старт-ап компани  гэсэн пэйжийг нээгээтэхлээ. Орж like дараад номтой холбоотой мэдээлэл авахын зэрэгцээ ФБ найзууддаа түгээн дэмжээрэй. Хэрэгцээтэй линк/нийтлэлийг хуваалцах нь танаас их зүйл шаардахгүй хэрнээ цаад хүндээ үнэ цэнтэй байдаг гэж энэ номд бичсэн байдаг юм билээ:) Удахгүй номын зарим хэсгээс блогтоо оруулах болно оо.

Tuesday, September 17, 2013

My YLP Journey

Анх Тэрэлжид очоод багт хуваагдсан нь
Одоогоос нэг жилийн өмнө өдийд Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөрт (Young Leadership Program-YLP) тэнцчих санаатай эсээгээ бичээд сууж байжээ. YLP маань 11 дэх жилийн элсэлтээ зарласныг хараад сонирхож буй хүмүүст тус хөтөлбөр 8 сарын хугацаанд ямархуу байдлаар үргэлжилдэг тухай танилцуулж, сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо.

Анх найзаасаа зарыг нь дуулаад хэрэндээ их л бэлдэж өргөдлөө өгч байлаа. Тэнцсэн хариу аваад, анхны өдөр Зориг сан дээр цуглахад сангийн залуухан захирал Г.Бадруун угтаж, бидэнд хөтөлбөрийн талаар танилцуулав. Анги маань төрөл бүрийн салбарт харилцан адилгүй ажил эрхэлдэг 22 шижигнэсэн залуугаас бүрджээ. Ингээд тэр өдөртөө бүгд Тэрэлж рүү зугаалан хоорондоо танилцаж, хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Уолт Жэнкинсээс манлайллын талаар "номын дуу" сонсов.  Хөтөлбөрийн зохицуулагч маань Германд сургуулиа төгсөж ирээд Зориг санд ороод удаагүй байсан, мөн Young Leadership Program Europe 2010-т оролцож явсан Түвшинзаяа байлаа. 

МАН-ын н.б.дарга Цогтбаатар гуайг яриулаад л бмаар бв
Ингээд бид 4 дэх өдөр болгоны орой 18.30 цагаас сангийн байранд цуглаж, салбар бүрийн тэргүүний судлаач, мэргэжилтнүүдтэй уулздаг боллоо. Анхны зочин маань Зориг агсны анд Энхбаяр байв. Түүний яриа их сонирхолтой байсан тул би 
тэмдэглэснээ ийн оруулж байсан билээ. 

Хөтөлбөр эхлээд нэг их удалгүй Halloween-ий баярыг өргөн тэмдэглэдэг уламжлалтай аж. Бүгдээрээ багт хуваагдан мэндчилгээ дэвшүүлэхээр болж, багийн дарга нар нь зохион байгуулах комиссыг бүрдүүлсэн нь бидний анхны багийн ажил болов. EFP буюу Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран зохион байгуулсан баяр маань ч сайхан болж, үе тэнгийн залуус хөгжилдөн цэнгэж, улам дотно танилцгаасан. Мэндчилгээгээ бэлдэх гээд Монголын уран зургийн галлерейн өрөөнд Addams Family-гийн нэг үзэгдэл дээр дуу оруулан инээлдэж байснаа тодхон санаж байна.

Halloween-аар манай Addams Family
Оюун сайд, Тэмүүжин сайд, Стратегийн хүрээлэнгийн захирал Ганбат, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга асан Хашчулуун зэрэг зочидтой уулзаад байтал шинэ жил ч болов. Хамгийн гоё баяраа мэдээж хамгийн сайхнаар тэмдэглэлгүй яахав. Манай шинэ жилд 2012 оны шилдэг залуу бизнесмэнээр тодорсон, Ньюком группын гүйцэтгэх захирал асан Бямбасайхан уригдан ирж, бидэнтэй манлайллын талаар санаа бодол, туршлагаа хуваалцав. Харин бид манлайллын жишээнүүдээр жүжиг тоглож, миний бие Сүхбаатар жанжны дүрд хувиран бантагнуулсан санагдана :) Бас болоогүй ээ, эрэгтэй эмэгтэй хосолдог тэмцээнд нь орчихсон л явсан. Ер нь би юун төлөө ийм нэртэй хөтөлбөрт оролцоо билээ, бас нүүр хагарах боломж юм гэж, аливаа зүйлээс хойш суухыг ер бодоогүй.

Төслийн маань үзэсгэлэнгийн нээлтэнд олон хүн ирэв.
Он гараад удалгүй хөтөлбөрийн маань нэг чухал хэсэг болох төсөл хэрэгжүүлэх цаг боллоо. Бид 3 багт хуваагдсан бөгөөд миний орсон баг "Солонгон бийр" хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дүрслэх урлагаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олгох зорилготой төслөө эхлүүлэв. YLP-гийн эхний 8 ангийг төгсгөсөн, хөтөлбөрийн "нэвтэрхий толь," Канад сангийн зөвлөх Билигээ эгч маань төсөл яаж хэрэгжүүлэх талаар бидэнд зааж, "төслөөр хоолоо олдог" сангийнхан маань ч тусалж дэмжсээр бид төслийнхөө санхүүжилтыг өөрсдөө босгон, 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, хүүхдүүдийнхээ бүтээлүүдээр ил захидал хэвлүүлж, Хаан Банкинд байрлах Улаан гэр галлерейд тайлан үзэсгэлэнгээ амжилттай гаргасан билээ. Бидний хэрэгжүүлсэн community development project буюу нийгмийн хөгжлийн төсөл нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлогтой.

Оюутолгой уурхай дээр. 2013 оны 4 сар
Энэ завсар OT-г бүх талаас нь судалсан гэхэд болно. Монголын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх учиртай энэ том уурхайн эргэн тойронд юу болоод байна, гэрээ нь яаж хийгдэв, цааш хэрхэн ёстой вэ зэрэг асуултад хариулт авахаар нэг талаас Ганбаатар гишүүн, нөгөө талаас OT Watch ТББ-ын Сүхгэрэл эгчийг урин, мэтгэгч талууд юу ярьж байгааг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Мөн Өмнөговь дахь Оюутолгойн уурхай руу EFP-гийнхэнтэй хамт онгоц хөлөглөн нисч, тэр том уурхайтай төдийгүй Ханбогд сумтай танилцчихаад буцсан нь ховор олдох сайхан боломж байв. Яриа хийсэн бусад зочид маань ч Оюутолгойн талаар санал бодлоо бидэнтэй харамгүй хуваалцаж байсан болохоор сүүлдээ бид бүгд энэ асуудалд санаа тавьж, юу болж байгаа талаар их сонирхдог болсон.

Мөн хөтөлбөрийн маань чухал хэсэг Монголын Эдийн Засгийн Форум 2013-ыг дурдахгүй өнгөрч боломгүй. 2 өдөр зохион байгуулалтын ажилд нь тусалж, 2 өдөр форумд оролцсон талаараа би ийн бичиж байв. 

Мэдээж бүх юм албан байдлаар явагдвал сонирхолгүй. Чөлөөтэй, инээж наргисан үедээ л залуучууд улам дотно болдог хойно, янз бүрийн шалтгаан гаргаж уулзалдах их сайхан. Нэг удаа юунаас ч тарлаа даа, дараа нь үргэлжлүүлж, нэлээд хэдүүлээ Түвшөөгийнд очин нэг шил юм эд бад хийнгээ дурлалын тухай яриад суучихснаа санаж байна. Бас мань хүний санаачилгаар хагас сайны орой виногоор даруулан хэд хэдэн кино үзсэн дээ.

Ийнхүү 8 сарын хугацаанд бид салбар салбарын 20 орчим эксперттэй уулзаж, Монголын эдийн засгийн форумд оролцож, Оюутолгой, Цэвэрлэх байгууламж, Изинис Эйрвэйз, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг газраар зочилсны эцэст хөтөлбөрийнхөө төгсгөлд ирэв. Анх өргөдөл өгсөн 170, 180 гаруй залуусаас шалгарч орчихоод, бусдын итгэл, цаг зав, хөрөнгө мөнгийг гарздахгүй юм сан гэж, аль болох ихийг сурах сан гэж миний бие хэрэндээ л хичээсэн. Иймдээ ч дуурь үзэж чадаагүйг эс тооцвол бүх уулзалт, семинар, аялалд (field trip) хамрагджээ.

Ойн хүлээн авалт. Маш хөгжилтэй зүйл болсон бололтой
Манайхан бас их азтай. YLP-гийн 10 дах төгсөлтийнхөн болж, том ойн гол баатрууд болчихдог. Монголдоо анхдагч болох YLP маань 10 жилийн хугацаанд 200 орчим залуу мэргэжилтнийг төгсгөжээ. Ингээд манай төгсөлтийг хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээтэй давхцуулан хийв. Зургаан сарын тэр нэг өдөр төгсөгчид бүгдээрээ Хаан банкны зааланд цуглан, хүндэт зочид маань үг хэлж, Төгсөгчдийн холбооны өмнөх удирдлага тайлангаа тавьж, ээлжит сонгуулиа хийсэн юм. Төгсөлт бүрээс нэг хүн удирдах зөвлөлд орох ёстой тул ангийнхан маань намайг дэмжиж оруулав. Орой нь бүх төгсөгчдөд зориулсан хүлээн авалт болж, манай ангийнхан төгсөлтийн гэрчилгээгээ гардан, төслийнхөө үр дүнг сонссон билээ. Манай төсөл 1-р байрт шалгаран баяр дээр бөөн баяр. Хэдий төсөл хэрэгжүүлэхэд ялагч, ялагдагч гэж байхгүй ч ингэж шалгаруулна гэсэн нь бидний хурцлах гэсэн нэг арга байсан биз ээ. За тэгээд A Sound ирж тоглон, YLP 7-ийн Ариука, YLP 9-ийн Энхзаяа, Пагмаа нар ая дуугаа өргөж, YLP 7-гийнхний зохиосон дуун дээр дурсамжийн презентаци үзэн, дуур хуур, бүжиг наадмаа үргэлжлүүлсэн.

Ийнхүү бид Залуу Манлайлагч Хөтөлбөрийн Төгсөгчдийн Холбоо гэх өнөр гэр бүлд албан ёсоор отголж, цааш улам өргөжих залуу мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэв. Тус арга хэмжээнээс хойш удирдах зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжиж, энэхүү сүлжээг гишүүддээ ихээхэн үр өгөөжтэй байлгах төлөвлөгөө гарган, энэ 9 сараас эхлэн сар бүр 2 ажил зохиохоор болоод байгаа юм.

Энэ бүхний эцэст надаас "YLP чамд үнэ цэнтэй ямар зүйл юу өгсөн бэ?" гэж асуувал би залуу насны сайхан дурсамж, ижил санаа зорилготой найзуудыг өгсөн гэж хэлнэ ээ.


Friday, September 6, 2013

Дуу хуураар үдсэн нь

Ажлынхантайгаа  5 цаг "хага" караокэдчихоод ирэв. Хоолой гэж хошного, бас халамцуу л байна. Унтахаасаа өмнө блогдмоор санагдав.

Монголчууд дуучин ард түмэн юм аа. Үүнийг би караокэ орох тоолондоо, хол замд автобусанд явах бүртээ мэдэрдэг. Үнэндээ сайн дуулж чаддаггүй хүний хувьд энэ бол солгой хоолойгоороо орилох том завшаан юм. Хэн ч чамайг муухай дууллаа гэж шүүхгүй, дээр нь түрээд явчих зөндөө хүмүүс байгаа. Караокэнд хэн нэгэн ойрд сонсоогүй дуртайг дууг чинь сонгох, эсвэл чиний ор тас мэдэхгүй гоё дууг сонгон дуулах, гэнэт хэн нэгэн  өөрийг нь дуулна гэж огт төсөөлөхөөргүй дууг сэвэлзтэл дуулах зэрэг нь үнэхээр сайхан байдаг. Үе үе хүмүүстэй караокэдэхэд чамаас бусад нь дуучин юм шиг санагдах нь ч бий.

Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байна гэдэг шиг сайн давтаж байгаад "үнэн хашраадаг" цайны ганц хоёр дуутай болъё гэж би караокэнд дууны ном эргүүлж суух бүртээ боддог ч бахь л байдгаараа байх юм. Сайн дуулдаггүй байлаа ч хаа газар нүүр тахалж, "найрын дугараа өнгөрөөх" иймэрхүү ганц нэг дуутай байх зүгээр санагддаг. Байгууллагад шинээр орсон юм уу шинэ хүмүүстэй танилцсан хүний хувьд караокэд час хийсэн ганц дуу дуулаад л өөрийгөө албан байдлаар таниулахаас илүү танилцуулчихдаг тохиолдлууд байдаг даа.... Өнөөдрийн хувьд эрэл хайгуул болж болж Сийлэгмаагийн "Хүн хүндээ хайртай явъя"-г л гоцлох шив.

Өнөөдрийн үйл явдлаас өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол бусдадаа хүндлэгдсэн ажилтан гэж ямар байдгийг харсан минь байв. Шоуддаг шалтгаан нь манайх компанийн ууган, шилдэг ажилтнаа карьерын шинэ замд үдсэн явдал байлаа. Ялангуяа, түүнд бүгд нэг нэгээрээ хундага барьж, сэтгэлийн үгээ хэлэхэд бахармаар байв. Тэр олон сайшаал дундаас нэг нь "Манай Соко магтаалд хөөрдөггүй, загнахад урвайдаггүй. Чигээрээ тогтвортой үргэлжлүүлж чаддаг. Энэ чанар одоогийн залуус дунд ховордсон юм шиг санагддаг" гэснийг онцолмоор санагдлаа. Ийм хүн ажлаасаа хүндтэй, ерөөлтэй гардаг юм байна. Захирал маань хэлж байна лээ: Ажил дээрээ хүнийг хайрлана гэдэг их сайхан зүйл юм аа гэж.

Ажлынхны маань хувьд хөгжилтэй, бас хөнгөн гунигтай өдөр ийнхүү өнгөрлөө. Цаг 04:30.

Wednesday, September 4, 2013

Wednesday, August 28, 2013

Ахыгаа бодон гуниглахуйд

Гуниглаж ээ суумаар бүүдгэр, бороотой өдөр байх чинь вээ... Яагаад ч юм гэнэтхэн үеэл ах минь бодогдов. Зун Архангай руу рашаан явах замд бас санаанд орж, нэлээн ихийг бодсон санагдана.  Машин дотор яриа өрнөж, “үнэхээр ховор хүн байсан шүү” гэж өмөлзөхөд аав дуун дээр минь “Тэгэлгүй яахав” гэж билээ. Бас саяхан юм даг, ирээдүйд хүү төрвөл нэрийг нь өгнө дөө хэмээн баахан сүржигнэсэн юм байна. Үнэхээр л монгол хүний, нүүдэлчин ахуйг шингээсэн, дээр нь их ховор сайхан нэр л дээ.

Амьд байхад нь боддог байлаа. Том болоод гадаад явахаараа адуучин ахдаа янзтай гоё дуран авчирч өгөөд баярлуулна даа гэж. Гэхдээ мань хүн сүүл рүүгээ ер нь сүрхий сууринжих болсон. Аймгийн төвд 2 өрөө байр авч, хамгийн сүүлийн удаа уулзахад аймгийн төвд хүнсний дэлгүүр маягийн юм эрхэлдэг ч юм билүү гэж томцуулд ярьж байсан санагддаг. Тэр жилийн хавар гурвын гурван азарга адуугаа шуурганд алдчихаад, араас нь хэдэн сар ёстой “хайргадсан” гэдэг. Махаа идэж өсгөсөн хайран сайхан адуунууд, хурдтай хүлэг ч дотор нь зөндөө байсан. Энэ мэтээр малчин хүний амьдрал гэдэг байгалийн араншингаас бүрэн хамааралтайг ойлгосондоо ч тэр биз, нүдэн дээр нь бэлхнээ өрнөж буй их өөрчлөлтийг мэдэрч, алсдаа юмс өөр болно гэдгийг ч хараа биз, тэр зун ээжийн ажигласнаар “их л ондоо” болчихсон байж билээ.

Одоо ингээд санахад хэд хэдэн зүйл сэтгэлд минь тодоос тод зурагдан үлджээ: Ах унтахынхаа өмнө надаар нуруугаа их маажуулна. Өдөржин адуу малтай ноцолдож, нар салхинд гандсан хүнд сайхан амралт болдог шиг байгаа юм. Наадам болоход их гоё оо. Адуугаа барина, морь хөлслөнө, тарлана, сунгана. Би гэж бас нэг муу эрийн хугархай юм гэсэндээ хөөрчихнө гэж байгаа. Гэсэн ч гавихгүй ээ, ахыгаа морь тарлах уу гэхэд аймхай хог чинь үгүй л гэнэ. Тэхлээр морь гишгүүлэхээс яаж хэтрэхэв. Хүүхэд цагийн минь тэр л “ахтай наадмууд” хамгийн сайхан нь байж. Зарим жил аз тохиовол аав ээжтэй сумын наадмаар морь дагана, зарим жил хонин дээр үлдэнэ. Хонин дээр үлдсэн жил ч гэсэн,  наадам дуусаад богцтой хүмүүс ирж наадмын хууч дэлгэхэд тун ч гялайдаг сан. За морь айрагдчихсан бол бүр хөөрцөглөж гүйцэх нь тодорхой. Нэг жил наадам дөхөөд байхад хоёр азарга нь ноцолдоод хурдан хонгор нь хондлой дээрээ хазуулчихав. Тэр нь өтөөд бүр наадамд явахын эцэсгүй юм болсон. Мань хүн нэг өдөр намайг дуудаад хоёул өнөөхийг чинь баглан унагаж өтийг нь түүсэн юм даг. Хариугүй бядгүй амьтан ч гэлээ дарж байхад бага ч гэсэн нэмэртэй байсан юм байлгүй. Нэлээн сүүлд арай томорсон хойноо нэг зун очоод байв. Нэг өдөр ах машиныхаа дугуйг нөхөж байв. Намайг –За дар л гэж байна. Би муу насосыг хэд дарсан болоод л сулраад явчихав. Тэгтэл намайг учиргүй голж, шоолж билээ. Ер нь их шооч хүн сэн. Өөд болдог жил нь аав моринд дуртай нэг найзаа дагуулж явсан юм. Цаадах нь морь авах санаатай. Ах адуугаа хурааж байгаад л уургалж гарав. Баригдахгүй бол унааны морио хорстол нь ташуурдаад их шүү шазууртай үзнэ. Би нөгөө аавын найзын дэргэд бүр нэг бах нь ханачихсан, “Би нэг ийм л ахтай хүн дээ” гэсэн аятай зогсож билээ.

Энэ жил хөдөө явах боломж гарсангүй. Эрдэнэ-Очирын шүлгэнд гардагчлан “цээжиндээ наргүй болсон” авга эгчийнхээ царайг зүрхшээж харсангүй. Хөдөө явсан бол бүр л их санах байсан биз. Гэвч би ахыгаа үе үе бодсоор л байгаа. Санаандгүй, бас албаар бодсоор ч байх болно.

Ингэж гуниглан бодох бүр амьдрал гэдэг болзолгүйг, сайн хүн хэзээ ч биднээс холдоод явчихаж болохыг, тийм хүнийг амьдад нь хайрлаж байх хэрэгтэйг ухаарах шиг болном.


PS: Доор хуучин блог дээр үеэл ахынхаа тухай бичиж байсныг оруулав. 2008 он.

-----------------------------------------------------
Намрын борооноор цувгүй алхахдаа 
Миний ертөнцөөс нэгэн хайртай хүн минь хальж одов. Өвөөгийнхөө хамгийн хайртай ач хүү, аавынхаа баяр бахдал, ээжийнхээ эргэх дэлхий, эхнэр охин хоёрынхоо дэргэдэх том уул, ах дүү, анд нөхдийнхөө сэтгэлийн хайлан болсон үеэл ах минь... Хөдөөгийн цэнхэр тэнгэр дор төрж,  хөх талынх нь дээгүүр хурдны морьтой хөндлөн гулд давхин өсч, унаачаасаа ур ухаан тэнцүү уяач болж, адуундаа мордож, малаа өсгөж явсан монгол эр минь... Хөдөөний хүн гэхэд хожуухан эхнэр  авч үрийн зулай үнэрлээд  дөнгөж ноднин намар хөлтэй бүлтэй хурим найр хийж эр хүний жаргалыг сая эдэлж эхлэнхэн байсан ах минь...Үеэл ахтайгаа би тийм ойр дотно байгаагүй ч үнэнхүү хүндэтгэн хайрладаг байсан юм. Манайх хот шилжсэнээс хойш зундаа л нэг удаа барааг нь хардаг байлаа. Дотроо жир бишийн ухаантай, хурц сэргэлэн, аливаа ажилд гарамгай сайн, даруу түвшин, хүнд тусч зантай гаднаа өндөр чийрэг биетэй, нүдэнд дулаахан даанч сайхан залуу сан ах минь... Ээжийнхээ дэргэд энгийн номхон боловч адуунд эрэмгийг нь харах үнэн бахтай сан... Хүний хамаг нандин зан чанаруудыг өөртөө агуулсан үнэхээр л магтах үг мундахгүй тийм сайхан ахыгаа энэ олон хүний элгийг эмтлэн, зүрхийг зүсэн эргэж ирэхгүй явчихсан гэж бодохоор хэлэх үг олдохгүй хэцүү байна аа.. Хүний аль сортоотой сайныг нь бурхан ингээд түрүүлээд дуудчихдаг  юм уу? Тийм биш гэж боддог байсан ч өнөөдөр энэ хариултандаа өөрийн эрхгүй эргэлзмээр болж байна... Ай хөөрхий  амьдралаа гэж... Баяр гунигийн нулимс холилдон урсдаг мөрөн юм даа... Зуны гурван сарыг хөдөө өвөөгийн дээрээ өнгөрүүлдэг жаахан амьтан байхдаа ахынхаа өвөрт  л унтах дуртай байж дээ.  Арван наймтай ах минь долоон настай намайг хөтлөөд адуундаа явах замдаа ийн дуулж байна: "Намрын борооноор цувгүй алхахдаа Навчнаас дутуугүй гуниг тээдэг сэн...

Thursday, August 22, 2013

In Praise of Ping pong

Зүүнээс У.Солонгосын Ri Bun Hui, Ө.Солонгосын Hyun Jung Hwa,  
Ойрноос ширээний теннисээ эргэн тоглох болов. Долоо хоногтоо хоёр удаа хөлсөө гаргачихаад байгаа. Анх сургуульд ороогүй удаагүй байхдаа Баруун-Уртад секцэнд орж байлаа. Манайх хот руу шилжсэний дараа хотын хамгийн сайн клубт орж, бас ч гэж 2, 3 жил хичээллэсэн юм. Япон руу тэмцээнд явах завшаан ч тохиож байв. Тэгснээ, боломжийн тоглодог болчихсон хэр нь гэнэтхэн ор тас хаячихсан гэж байгаа. Англи хэлний курс дугуйлан хөөгөөд, секцээ удаан таслаад, тэгээд багшийнхаа нүүрийг харахаас санаа зовж явсаар байгаад бүр "будаа болсон" юм шиг байгаам. Тэр үед хэн нэгэн тууштай бай гэж загнаж, залруулсан ч болоосой. Их харамсдаг хэрнээ яваад л байдаг байлаа, харин саяхнаас зориг гаргаад амьдралаа шинэ хэмнэл нэмэв. Одоо бол жаахан хүүхэд шиг бөөн л дур байна, хэхэ. Гэснээс дур царайлж youtube хэсч яваад саяхан нэг сонирхолтой зүйл олж мэдэв. Секцэнд явдаг байхад 1988 оны Сөүлийн Олимпын (хосын) аварга Hyun Jung-Hwa гэдэг солонгос эмэгтэй манай дээр ирж хэсэгхэн хугацаанд хүүхдүүдийг дасгалжуулж билээ. Хүүхдүүдийг ч гэж, надтай ойролцоо түвшний нэг баньд бид хоёртой гол төлөв харилцана. Алдсан бөмбөгөндөө хамт яв гэж зааж байсан нь тодхон санагддаг юм. Нэг өдөр биднийг Сансарт байдаг гэртээ авчраад пиззагаар дайлж, өөрийнхөө бичлэгүүдийг үзүүлж байсан. Нэг удаа хүнд гэмтсэн, ертөнцийн эзний ачаар эдгэсэн гэж ярьж байлуу даа. Монголд теннис заах гэж лав ирээгүй, шашны ажлаар хэсэг саатсан байж ч магадгүй. Мань хүн тэгсэн Солонгосын ширээний теннисний домог байж. Одоо Солонгосын ШТ-ний холбооны гүйцэтгэх захирал, шигшээгийнхээ дасгалжуулагч хийж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь, мань хүн өнгөрсөн 2012 онд As One нэртэй киноны гол дүр болж. Учиргүй сонирхон үзлээ. 1991 онд Умард ба Өмнөд Солонгосын шигшээ нэгдэн нэг баг болж Японд болсон багийн дэлхийн аваргад оролцож түрүүлсэн тухай кино байна. Савангийн дууриудад гараад байдаг, солонгосын алдартай эмэгтэй жүжигчин "багшийн" маань дүрийг бүтээж, кино нь ч гайгүй амжилт олсон бололтой юм. Солонгос кино л юм болохоороо драм нь дэндчихсэн ч, түүхэн гэдгээрээ, өөрт минь теннис зааж явсан хүний тухай болохоор яалт ч үгүй сонирхолтой байв. Хоёр Солонгосын салсан түүх ээ гэж, бас айхавтар шүү. (Киног english sub-тайгаар эндээс үзэв)

 Ширээний теннис сайхан спорт. Нэг ширээ, хоёр цохиур, нэг бөмбөг байхад л хэн ч, хаана ч тоглож болно. Энгийн дүрэмтэй. Тоглогчид хоорондоо контакт үүсгэдэггүй болохоор гэмтэж бэртэнэ гэж барагтай бол байхгүй. Зарлага багатай (мэргэжлийн түвшиндээ бол мэдээж багагүй л байх), гэмтэлгүй спорт гэсэн үг. Хөдөлгөөн, гүйлгээ ухаан, хараа, эв дүй шаардана, эдгээрийг өгнө. Теннис дажгүй тоглодог болчихвол бусад спортын эв дүй ч сайжирна гэж боддог юм.


Sunday, August 18, 2013

Behind The Book

"The Start-Up of You" нэртэй номыг ирэх 9-р сарын эхээр "Арвис Паблишинг" ХХК-иас монгол хэлнээ орчуулан гаргах гэж буйг өмнө дурдсан билээ. Тус номыг хэрхэн бүтээсэн талаар Бэн Каснока Starting Up The Start-Up of You: Lessons Learned and Personal Reflections on Publishing a Bestselling Business Book  нэртэй урт эсээ/нийтлэл бичжээ. 

Хэрвээ та энэхүү номыг уншихаар төлөвлөж байгаа бол, ер нь ном унших/юм бичих дуртай бол, ирээдүйд ном бичнэ гэж боддог бол энэ эсээг зав гаргаж заавал уншаарай. Каснока номынхоо үндсэн санааг хэрхэн олсон, яагаад Рэйд Хоффмантай хамтарч бичихээр шийдсэн, бизнес төлөвлөгөөгөө хэрхэн бичсэн, паблишинг компаниа ямар шалгуураар сонгосон, хэдий хэрийн хугацаанд ямархуу арга барилаар бичсэн, номондоо бусдын санал сэтгэгдлийг хэрхэн тусгасан, маркетингаа яаж хийсэн зэргээ дэлгэрэнгүй бичиж, ерөөс ном бичиж хэвлүүлэхтэй холбоотой бүх л сэдвийг хөндөн, олж авсан үнэтэй сургамж, туршлагаа харамгүй хуваалцсан байна. 

Ном болгоныг ийм "хөшигний ардах" түүхтэй нь хамт уншдаг бол юутай сайхан.

--------------------------

Discipline, Focus and Self-Loathing

There is a romantic story told about writing. Wine glass to the left of the keyboard, words flowing, candlewax dripping. The writer channels creative passions onto the page, and the next day, with his feet up and pen handy, he completes a round of edits. Solitary delight!
Of course, for most who write it’s not like that. It’s considerably grittier. For me, the down and dirty process of writing this book involved some dark days. The discipline required to sit and focus and write new thoughts that cohere together – it’s the reason many people talk about writing books but never do.
Entrepreneur and VC Ben Horowitz once wrote: “By far the most difficult skill for me to learn as CEO was the ability to manage my own psychology. Organizational design, process design, metrics, hiring and firing were all relatively straightforward skills to master compared to keeping my mind in check. Over the years, I’ve spoken to hundreds of CEOs all with the same experience. Nonetheless, very few people talk about it and I have never read anything on the topic.”
This theory maps to serious writing projects. 

Friday, June 21, 2013

Үндэсний сэтгэлгээний онцлог хэлэндээ тусах нь

Дахиад л орчуулгын тухай. Хийж байгаа орчуулгаа уншиж үзэхэд доор бичигдсэн алдааг нэлээн хийгээд байх шиг санагдсан. Тиймээс өөртөө болон орчуулга хийж буй, хийх та бүхэнд М.Саруул-Эрдэнэ ахын "Сонирхол хэл шинжлэл" номоос англи, монгол хэлний гол ялгааны тухай өгүүлсэн доорх хэсгийг сануулга болгон оруулж байна.

5. Өгүүлбэрийн бүтэц

Өгүүлбэрийг бүтээгч гол гишүүдийг хэл шинжлэлд өгүүлэгдэхүүн(subject), тусагдахуун(object), өгүүлэхүүн(predicate) хэмээн нэрийддэг. Өрнийн хэлнүүд өгүүлэгдэхүүн буюу үйлийн эзэн, тусагдахуун буюу үйлэнд өртөгчийг маш тодорхой байхыг шаардана. Гэтэл дорны хэлнүүдэд өгүүлбэрийн хам сэдэв, яриа болж буй орчноос эдгээр гишүүдийг хийсвэрлэн тогтоож болохоор байвал заавал дурдах албагүй. "Дорж оюутан байхдаа хөлбөмбөг тоглодог байсан" гэсэн нийлмэл өгүүлбэрийг англиар буулгахад "When Dorj was a student He used to play soccer" болно. Монгол өгүүлбэрт эхний "оюутан байсан" эзэн нь Дорж учир "хөлбөмбөг тоглодог байсан" эзэн нь аанай л Дорж хэмээн хоёр дахь хэсэгт өгүүлэгдэхүүнгүйгээр найруулсан байхад англи өгүүлбэрт нийлмэл өгүүлбэрийн хоёр хэсэг хоёулаа тов тод өгүүлэгдэхүүнтэй байх ёстой. Монголчууд хийсвэрлэн сэтгэдэг ард түмэн учраас "дуслыг хураавал далай" гэх мэт өгүүлбэрийг эзэн биегүй найруулан, ерөөс хэн бүхэнд хамаатуулан ойлгож чадах бол англичууд ихэд тодорхой сэтгэдэг учраас "if you collect drops..." Хэрвээ ЧИ дуслыг хураавал ...) хэмээн заавал эзэн гаргаад ирнэ. Яруу найрагч Л.Дашням яг энэ талаар нэг сонин зүйл хуучилж билээ. Дашням гуай өөрийнхөө шүлгээс нэгэн Америк найрагчтай хамтран англи хэлээр орчуулж л дээ. "Юмны учир олдоно оо" гэсэн нэг хийсвэр хэллэгийг эвтэйхэн буулгахын тулд "бүх юм ойлгогдоно" гэсэн санаа хэмээн англиар тайлбарлаж, Гэтэл мань орчуулагч "яг юуны учир ойлгогдох юм, чухам хэн тэрийг ойлгох юм?" гээд тодорхой эзэн нэхээд зовоогоод байсан гэдэг. Хоёр хэлний энэ ялгааг үл ойлгох залуу орчуулагчид эх хэлээрээ харь хэлний загварыг барьж, ярьж бичих гээд байдаг боллоо. Нэг хүүхэлдэйн кинон дээр усанд живж байгаа нохой "Somebody help me" хэмээн хашгирна. Монгол орчуулга нь "Хэн нэг нь надад туслаарай" хэмээх аж. Уг нь хөөрхий тэр америк нохой өрнийн сэтгэлгээтэй амьтан болохоороо ХЭН туслах (somebody), ХЭНД туслах (me) гэдгээ тодорхой өгүүлж байгаа юм. Гэтэл дорны сэтгэлгээгээр бол "Туслаарай" гэхэд л хангалттай. Мэдээж, сонсож байгаа хэн нэг нь, бодоож, живж байгаа тэр мууд л тусална биз дээ. Тэгээд ч живж үхэх гэж байхад чинь юун өгүүлэгдэхүүн, юун тусагдахуун, юун хоёр бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн өгүүлбэр. Тэр нохой тэнэгтээ бус хэл нь тийм зохион байгуулалттай байгаа хэрэг. "Явбал яваг" гэсэн богинохоон монгол өгүүлбэрийг та англиар орчуулаад үз дээ. Би бол "if he wants to go, let him go" буулгана. Нэг юм хэлээд байгаа биз?

(2011 оны 2 сард хуучин блог дээр оруулсан бичлэгээ хуулав)

Г.Аким гуайн орчуулагчдад өгсөн зөвлөгөө

Дээхнэ тохиолдлоор Гоодаль сэтгүүл олж үзсэнд дотор нь СГЗ, орчуулагч Г.Аким гуайн ярилцлага гарсан байв. Уншаад үзтэл орчуулга хийж буй хүмүүст тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Яасан завшаантай хэрэг вэ гээд тийм зөвлөгөөтэй хэсгийг нь компьютертээ шивж хадгалсан юм. Би хувьдаа Аким гуайн орчуулгын нэг л номыг уншсан хүн, "Зуун жилийн ганцаардал"-ыг нь. Үнэхээр мундаг бүтээл, над шиг орчуулга оролдож буй хүмүүсийн заавал уншчихсан байх номны нэг болов уу. Аким гуайг сүүлийн үес харин мулгуу, бэртэгчин хүмүүс их л гомдоож буй бололтой. Ш.Баатар ахын блог дээр түүний бухимдаж бичсэн нийтлэл тавигдсан байна лээ.

Гоодаль: Орчуулга сайн боллоо гэж үзэхэд ямар ямар зүйлс чухал вэ?

Нэгд, орчуулж буй зүйлээ хэр зэрэг ойлгож байна вэ, хоёрт, хэр зэрэг сайхан монгол хэлээр орчуулж чадав аа гэдэг хоёр зүйлийг хэлнэ. Найруулга зүй нь их сайн, утга алдаагүй байх ёстой. Манайхны зарим орчуулгыг хэд хэд уншаад ойлгогдохгүй юм. Гэтэл жинхэнэ орчуулга гэдэг бол нэг уншаад л ойлгогдохоор байдаг.

“Монгол хэл их хатуу хэл юм. Та нарын ярьж байгаа, хэрэлдээд байгаа хоёр нь ялгагдахгүй юм” гэж гадаадынхан хэлэх нь бий. Гэтэл манайхан өөрсдөө монгол хэл бол их уянгын хэл гэж ойлгодог.

Бид чинь өөрсдөө л монгол хэлээ магтана шүү дээ. Б. Ренчин гуай “Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэгч чадалт хөгжим мэт яруу сайхан монгол хэл минь” гэсэн байдаг. Энэ цээжин дотор юу л орно бүгдийг илэрхийлэх чадал буй нь хөгжим мэт яруу сайхан байх нь. Тэр сайхан нь алдагдаад манай сонин хэвлэлүүд хэлээ хазсан зүйл бичээд байх юм. Тэгэхээр хахир хатуу сонсогдохгүй яах билээ. Монгол хэлийг уянга яруу болгодог нь нэгд эгшгэндээ байна. Монгол хүн яагаад ямар ч хэлийг цэвэрхэн сурчихдаг вэ гэвэл дэлхийн бүх ард түмний авиа Монголд байдаг учраас тэр юм. Монгол хэлийг уян налархай болгож буй хоёр дахь шалтгаан нь үйл үгэндээ байна. Нэр үг хэлийг хатуу болгодог эд юм. Мөн нэр үг оруулахгүйгээр зөвхөн үйл үгээр ч бид ярих боломжтой. Энэ тухай би бичиж л байсан даа. Зурагтаар гар бөмбөгийн тэмцээн тайлбарлаж байгаа хүн “тэдэн номерын хүн дамжуулалт хийгээд, тэдэн номерын хүн өргөлт хийгээд... цохилт хийлээ” гэж байгаа юм. Гэтэл тэр тайлбарлагч баахан “лт”-үүдийг хэлж ядсаар байтал аль хэдийнээ бөмбөг уначихаж байгаа байхгүй юу. Үүнийг давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэхэд болчихож байгаа юм. Бөмбөгнийхөө хурдыг ч гүйцнэ. Ингэхээр орчуулга ч биш, зохиол ч биш зүйл бичихгүйн тулд хэлийг уян налархай болгогч үйл үгээр бичиж сурах хэрэгтэй.

Ном орчуулах сонирхолтой хүмүүс орчуулах номоо хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

Хүн өөрөө л сонирхож, үүнийг би орчуулж, уншигчиддаа хүргэж чадах юм байна, өөр хүн бол барахгүй ээ гэж бодож хийвэл тэр орчуулга сайн болно. Хүн дуртай юмандаа сайн шүү дээ. Ер нь нэгэнт уран зохиолын, уран орчуулагч болъё гэж бодож байвал өөрийнхөө зүрх сэтгэлийг өгсөн тэр зохиолчийн бүтээлийг орчуулах хэрэгтэй.


Жич: Зургийг Орчуулгын блог-оос авав. Зураг хайж яваад энэ блогийг олсон юм. Тун хэрэгтэй блог шиг харагдав. Одоо эцээхэн шиг үзээтхэе. Та бүхэн бас сонирхоорой.

(2011.1 сард хуучин блог дээр оруулсан бичлэгээ хуулав)

Monday, June 10, 2013

Дорждамбын Баттогтох

Зохиолч Д.Батхуяг "Шинэ үеийн Монгол яруу найргийн 16 гарцаагүй", "Шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын 16 гарцаагүй" гэсэн хоёр эсээ 2009 онд бичсэнийг нь Баяраагийн блогоос уншлаа. Яруу найргийн 16 гарцаагүйд миний хамгийн дуртай шүлэгч Баттогтохыг багтааж, доорх мөрүүдийг бичсэн байх юм. Ид шүлгээр амьсгалж, хэд гурван мөр холбох гэж үздэг байсан тэр үедээ Баттогтохын шүлгийн түүврийг хэвлүүлснийг дуулаад хүн хараас лавлан байж, сургийг нь Их Монгол дээд сургууль хавьцаа гарган очоод Д.Батхуяг гуайгаас учир явдлаа хэлж нөгөө номоо гуйн авч билээ. Хуучин блог дээрээ 2 номыг нь хоёуланг нь олоод авлаа гэж  их л хөөрч байсан санагдана. Түүнтэй холбоотой мэдээ сэлт харьцангуй бага байдаг байсан, сүүлийн үед харин утга зохиолынхон нэлээн бичих болж, шүлгэнд нь дуртай хүмүүс ч гайгүй олширч байх шиг... 

Монгол яруу найргийн ертөнцөд цэл залуугаараа мөнхрөн үлдсэн цөөхөн гайхамшигт хүмүүсийн нэг бол яахын аргагүй, бүр ямар ч аргагүй Дорждамбын Баттогтох билээ. Хэдийгээр олон хүн энэ залуугийн нэрийг сонсож дуулаагүй байж болох юм. Харин хожмын өдөр хайрладаг, бүр шүтэн дээдэлдэг яруу найрагчдын чинь тоонд энэ мөнхөд залуугаараа үлдсэн Баттогтох хэмээх нэр бичигдсэн байхад миний л хувьд гайхах зүйл үгүй. 1990-ээд онд монголын уран зохиолд асар том түрлэг, аюумшигтай том давалгаа болон орж ирсэн залуусын нэг, амьдрал хийгээд хүмүүст үнэн зүрхнээсээ хайртай, хорвоо хийгээд жамыг дэндүү эрт ухаарсан тэрээр” үйлийн үр үсэнд хүртэл бий” хэмээн бичиж байсан юм. 27 -хон жил амьдрахдаа 100 насалсан хүнээс ч илүү ертөнцийг таньж мэдсэн түүний шүлгүүд гэгээн тунгалаг сэтгэл, амьдралд тэмүүлсэн хүслээр дүүрэн байдаг юм. Өөрийнх нь бичснээр шувуу болон нисэн одсон тэрээр яруу найргаараа дамжуулан оюун санаагаа Монголын уран зохиолд үлдээсэн юм. Санах, дурсах эсэхийг амьд бидний сэтгэл зүрх л мэдэх хэрэг ээ.

Wednesday, June 5, 2013

Орчуулгын шинэ номын тухайд

Миний бие хоёр найзын хамт "The Start-Up of Youбуюу “Та өөрөө старт-ап компани” хэмээх нэгэн номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан, тун удахгүй хэвлүүлэхээр зэхээд байгаа юм. Интернэт дэх ажил мэргэжлийн хамгийн том сүлжээ сайт ЛинкэдИнийг (www.linkedin.com) үүсгэн байгуулагч, энтрепренер, хөрөнгө оруулагч Рэйд Хоффман, шилдэг залуу энтрепренер Бэн Каснока нарын хамтран бичсэн энэ бүтээлийн талаар товч танилцуулъя.

-------------------

Хурдтай өөрчлөгдөж буй, даяаршсан, өнөөгийн ажил мэргэжлийн ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлж, карьераа амжилттай удирдахын тулд та өөрийгөө шинээр байгуулагдсан, өсөн дэвжиж буй компани хэмээн сэтгэж, яг л старт-ап*** компани шиг бодож үйлдэх хэрэгтэй гэсэн санааг зохиогчид дэлгэрүүлэн өгүүлжээ. Өөрөөр хэлбэл старт-ап компани нь өрсөлдөөн ихтэй зах зээлд хөлөө олохын тулд өрсөлдөх давуу талаа хөгжүүлж, дасан зохицож, ухаалгаар эрсдэл хийж, танилын сүлжээ үүсгэж, үсрэлт хийх боломжийг эрэлхийлдэг шиг та ч бас карьертаа эдгээр стратегийг барих шаардлагатай аж. 

Ингэхдээ тэд Майкрософт, Aэпл, Яхүү, иБэй, Фэйсбүүк, Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын өлгийдсөн, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн ажиллаж амьдардаг Цахиурын хөндийн (Silicon Valley) сонирхолтой жишээнүүдийг олонтаа татаж, ажил бизнестээ амжилт олохыг хүссэн бүх насны хүмүүст хэрэг болохуйц гайхалтай зөвлөгөөг хүргэжээ. Тус ном хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк Таймс болон Волл Стрийт сэтгүүлийн бестселлер номын жагсаалтыг тэргүүлж, Экономист, Форбес, Форчун зэрэг олон мэдээллийн хэрэгслээс эерэг үнэлгээ авсан юм.

Ирээдүйд дасан зохицож, өөртөө хөрөнгө оруулж, карьераа ахиулахыг хүссэн монгол уншигчдадаа энэхүү бүтээлийг толилуулъя гэсэн бидний өөр нэг зорилго бол сүүлийн үед манайд бас ч гэж дуулдах болсон энтрепренершип хэмээх ойлголттой улам лав танилцуулах явдал юм. Номыг уншмагцаа та энтрепренер гэж хэн болохыг, энтрепренершип гээч нь яагаад хэрэгтэй тухай ойлгоно гэж итгэж байна.

-Номын албан ёсны вэбсайт: www.startupofyou.com
омын агуулгаар их сургуулиа төгсөж буй оюутнуудад зориулан бэлдсэн презентац. Тус нийтлэлийг одоогоор 7 сая орчим удаа нээн үзжээ: Amazing Career Advice For College Grads From LinkedIn's Billionaire Founder


--------------------------

*** Старт-ап гэж ихэвчлэн саяхан байгуулагдсан, хөгжлийн шатандаа яваа компанийг хэлдэг. Сүүлийн үед энэхүү нэр томъёог өндөр өсөлттэй ажиллах зорилготой технологийн вэнчур компаниудтай холбох болсон. Хөрөнгө оруулагч, зохиогч Пол Грахамын тодорхойлсноор “Старт-ап гэдэг бол хурдтай өсч хөгжих зорилготой компани. Дан ганц шинээр байгуулагдсан гэдэг нь компанийг старт-ап болгочихдоггүй. Мөн старт-ап нь заавал технологитой сүлбэлдэж, вэнчур санхүүжилт авч, эсвэл ямар нэг “гарц” хайх албагүй. Хамгийн чухал нь өсөлт! Старт-аптай холбогдон гардаг бүхэн өсөлт хөгжлөөс л улбаалдаг юм.”

Wednesday, May 29, 2013

Basic rules

Нэлээн дээхнэ манайд нэг шинэ охин ажилд ороход дарга маань хэлсэн юм даг:

"Монголд дээр дооргүй нэг дутагддаг зүйл бол хувийн зохион байгуулалттай байх, ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх чанар. Гэтэл энэ бол аливаа ажлыг хийх хамгийн наад захын, үндсэн шаардлага байдаг. Англиар бол basic rules. Хүмүүс сүрхий "амжилтын нууц" гэж ярьдаг. Үнэндээ ажлаа сайн хийх, цаашлаад амжилтад хүрэх "нууц" бол  basic rules-ээ л яс хийх явдал юм.

Миний татах дуртай нэг жишээ бол "Дайнд хурдан морьтой ч юм уу, олон цэрэгтэй арми биш зохион байгуулалт сайтай арми ялдаг." Ажил дээр гараад нэг хэсэг гялалзаж байснаа нэг хэсэг доголдоод унадаг, тэгснээ эргээд сайн ажилладаг хүн бидэнд хэрэггүй. Онц сайн мэдлэг, чадвартай биш ч зохион байгуулалттай, ажлаа өөрийнхөө хэмжээнд үргэлжлүүлээд байж чаддаг, найдвартай хүн л хэрэгтэй. Ийм хүнд манай Дорж ч нэг иймэрхүү дээ гээд итгэж болдог. Чадвартай хэрнээ "орон гаран" хүнд бол итгэх хэцүү. Хамгийн чухал мөчид алдаа гаргавал яана! Спортоор ч жишээлсэн, бэлтгэлээ хамгийн сайн хийдэг тамирчид, өөрөөр хэлбэл basic rules-ээ хамгийн сайн биелүүлдэг тамирчид л өрсөлдөгчөө хождог.

Тиймээс хийх ёстой, хамгийн наад захын зүйлсээ сайн хий. Оффисын ажилтан бол арван хуруугаар шив, хэрэглээний програмууд дээр гялалзтал ажилла, үйлчлүүлэгчтэй утсаар эвтэйхэн ярьж сур, өдөр тутмын репортоо цагт нь явуул..."

Даргын маань энэ үг тухайн үедээ орой руу орж билээ. Одоо үе үе мартчих гээд байх тул энд тавьж өөртөө сануулсугай. Мөн энэ үг доорх нийтлэлийн нэг хэсгийг санагдуулдаг юм.

About my job: Businessman

1. Business is much more about being organized and managing people than it is about ideas. Past a certain scale, ideas don't seem to matter much (unless you are a once-in-a-lifetime Steve Jobs type visionary). You and your competitors all have a basic concept of what to do. The areas that seem to offer the most scope for creativity are actually the areas where not enough data exists to formulate good ideas, and random guesses are worth as much as multi-million-dollar consultant reports. Much of the time spent discussing "ideas" in a business context is actually time spent slowly maneuvering large groups of managers into a compatible mind-space so that they can work together effectively - the results of the discussion in terms of ideas is worth nothing, whereas the result in terms of bonding, organizing, and motivating can be very valuable.


Friday, May 17, 2013

Excerpt from The New Digital Age (about Mongolia)


Google-ийн томцуул болох Eric Schmidt (Executive Chairman), Jared Cohen (Director of Google Ideas) нар хамтран The New Digital Age хэмээх ном бичжээ. Технологийн хурдацтай дэвшил нь манай дэлхийд ирээдүйд хаана хүргэх вэ? Ирээдүйд ямар сорилтууд тулгарах вэ? Хэн хүчтэй болох вэ? Ямар асуудлууд улам хурцаар тавигдах вэ? зэрэг асуултад хариу өгөх зорилготой, товчхондоо ирээдүйн талаар бичсэн ном юм байна. Саяхан хүнээс бэлгэнд авчихаад унших завгүй хааяа дэмий л эргүүлж суутал санаандгүй Монголын тухай гарахаар нь хуваалцая гэж бодлоо. Монгол улсын интернэтийн эрх чөлөөтэй байдал нь хэтдээ интернэтийн эрх чөлөөгүй жижиг үндэстнүүдийг өөртөө татах, орогнуулах, манай интернэтийг ашиглан үйл ажиллагаагаа явуулах нөхцөл болж магадгүй, энэ нь эцэстээ Орос, Хятадын дургүйцлийг төрүүлж, манайх интернэтдээ хяналт тавихаас аргагүй байдалд орж мэднэ гэсэн санаа гаргасан байх юм.


Page 92
---------------------

There will be some instances where autocratic and democratic nations edit the web together. Such a collaboration will typically happen when a weaker democracy is in a neighborhood of stronger autocratic states that coerce it to make the same geopolitical compromises online that it makes in the physical world. This is one of the rare instances where physical proximity actually matters in virtual affairs. For example, Mongolia is a young democracy with an open Internet, sandwiched between Russia and China – two large countries with their unique and restrictive internet policies. The former Mongolian prime Minister Sukhbaatar Batbold explained to us that he wants Mongolia, like any country, to have its own identity. This means, he said, it must have good relations with its neighbors to keep them from meddling in Mongolian affairs. “We respect that each country has chosen for itself its own path in development,” he said. With China, “we have an understanding where we stay out of Tibet, Taiwan and Dalai Lama issues, and they don’t interfere with our issues. The same applies with Russia, with which we have a long-standing relationship”.

A neutral stance of noninterference is more easily sustainable in the physical world. Virtual space significantly complicates this model because online, it’s people who control the activity. People sympathetic to opposition groups and ethnic minorities within China and Russia would look at Mongolia as an excellent place to congregate. Supporters of the Uighurs, Tibetans or Chechen rebels might seek to use Mongolia’s internet space as a base from which to mobilize, to wage online campaigns and build virtual movements. If that happened, the Mongolian government would no doubt feel the pressure from China and Russia, not just diplomatically but because its nation infrastructure is not built to withstand a cyber assault from either neighbor. Seeking to please its neighbors and preserve its own physical and virtual sovereignty, Mongolia might find it necessary to abide by a Chinese or Russian mandate and filter Internet content associated with hot-button issues. In such a compromise, the losers would be the Mongolians, whose online freedom would be taken away as a result of self-interested foreign powers with sharp elbows.

Wednesday, March 6, 2013

Mонголын эдийн засгийн форум 2013-д оролцсон нь

Өнгөрсөн өдрүүдэд Монголын эдийн засгийн форумын зохион байгуулах ажилд туслах, мөн оролцох завшаан тохиов. 3 дах жилдээ зохиогдож буй, төр, хувийн хэвшил, ТББ, гадныхан бүгд чуулж асуудал, бодлогоо хэлэлцдэг гэгддэг, энэ удаа Монгол брэнд хэмээх гол сэдвийн дор явагдсан тус форумыг телевизээр шууд дамжуулж, хэв.мэд-ийн хэрэгслүүдээр хангалттай мэдээлсэн болохоор тойм бичихээс илүүтэй хэдэн зүйл онцолсноо товчлон сийрүүлье.

Форум цагаасаа нэлээд минутаар хождож, Е.сайд Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд Батбаяр нар үг хэлснээр эхэлсэн. Ерөнхий сайд ч яахав боломжийн нээгээтэхлээ. Фортуна сайд харин форумын эхэнд манийг жаахан хямрааж орхив. Тэрээр гэнэтхэн малчдаа жигтэйхэн санаж чин сэтгэлийн талархал дэвшүүлж, "Бумбын эрин эхэлж Монголчуудын цаг ирлээ. Эзэн Чингисийн үр сад, Хөх Монголын иргэдээ....сайн цагийг бэлгэдэн 9 ерөөл хэлье" хэмээн ерөөл хашхирч, гадаадын зочид төлөөлөгчдийг монголын брэнд болсон монгол гэрт буухыг бараг л тушаав. Бид ч яахав хэсэг улайсхийгээд гайгүй, харин муу синхрон орчуулагч яагаа бол оо. Тус форумын хамгийн гол хүн байх учиртай сайдтан бээр хойшид ер үзэгдээгүй нь (миний өнжсөн 2-3 салбар хуралдаан дээр ирсэн эсэхийг мэдэхгүй) нэгэнт ерөөлт сайн Бумбын эрин ирсэн тул форумтай форумгүй Монгол маань удахгүй үсрэнгүй хөгжинө гэж үзснийх юм болов уу даа.

Ямар монгол брэнд байж болох вэ, түүнийг бүтээхийн тулд яах ёстой вэ гэдэг дээр олон хүн түмэн янзын санаа хэлж байлаа. Форумын туршид өөрийгөө Чингис хаан гэдэг брэндийг үндэслэсэн гэдэг "Хунтайж" Давааням тун идэвхтэй байв. Брэнд бүтээх бол явж явж улсын үндэстэй холбоотой, Гегель Кант нарын хүлээн зөвшөөрсөн Чингис хааны "дээд идеализм"-тай хамаатай гэдгийг би сая л түүнээс дууллаа.

Хүмүүс нэлээн нарийн юм ярьж байхад маш өргөн, ерөнхий ярьж байсан хүн бол Улаан сайд байв. Тэрээр хүмүүсээс янз бүрийн асуулт, санал ирэхэд дахин дахин "Энэ бол яах аргагүй ярих л асуудал..." хэмээн цөөн үгээр товхийтэл хариулж байдаг шүү. Харин түүнийг "амыг алгадаж", бантуулсан хүн бол ер нь яах аргагүй онцгойлох ёстой  Буянгийн Жагаа байв. Мань эр олон ч удаа "хувьсгалч үг" хэлж чилсэн олныг олон ч удаа инээлгэж, олон ч удаа алга ташуулж байв. Ташихгүй бол бүр "та нар яагаад алга ташихгүй байна?" хэмээн загнан ташуулах аж. Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцъё. Хөдөлмөрийн хөлс, үл хөдлгөхийн үнэлгээ ...гээд монголд чинь ер нь бүх юмны үнэлгээ алга гэсэн нь үндэстэй л сонсогдож байв. Мөн дэлхийн зах зээлд брэнд ноолууран цамц  900 ам.доллараар зарагдаж байна, үүний  100 нь өртөг нь гэвэл, 800 доллар нь тухайн улсын түүх, соёл, иргэншлийн үр дүнд бий болсон юм. Брэнд гэдэг чинь бий болгоё гэж шийдээд л шуударчихдаг эд биш, олон арван, зуун жилийн хөдөлмөрийн үр дүн гэж хэлсэнтэй нь олон хүн санал нийлж байв. Үгийг минь гүйцэд хэлүүлсэнгүй, хандивласан мөнгөө буцааж авна шүү гэж зад загнаад үргэлжлүүлэн ярьж байсныг нь олон хүн хараа бизээ.

Аялал жуулчлалын тухай салбар хуралдаанд ороод тус салбарын бодлоготой танилцсан. Манайх аялал жуулчлалын Go Nomadic, Experience Mongolia гэдэг слогантай болж байгаа юм байна. Мэдээж хэрэг, ингэж гадныхныг уриалаад байдаг, гэтэл нүүдлийн соёлоо яаж хамгаалах гэж байна? гэж олон хүн асууж байв. Тус хуралдааны модератор буюу хөтлөгч хүүхэн ажилдаа тааруухан байснаас хэлэлцүүлэг аятайхан өрнөж чадаагүй. Өөрөө яриад л, дүгнэлт хийгээд л байсан нь тэвчээрийг минь үнэнхүү барж байв. Ер нь форумд модераторын үүрэг их чухал юм билээ. Хөгжлийн санхүүжилт сэдэвтэй нэгдсэн хуралдааныг хөтөлсөн Ийгл ТВ-ийн Жаргалмаа сэтгүүлч бол харин ганган хөтөлж байна лээ. Их мэдрэмжтэй, чөлөөтэй ярьдаг тэрээр юу яригдаад байгааг шалмаг гэгч нь нэгтгэн дүгнэж, оновчтой асуултууд тавьж байсан.

Хоёр дах өдрийг нээж Элбэгээ ерөнхийлөгч үг хэлэв. "Дуусгаж чаддаггүй" ерөнхийлөгч маань
аанай л "дуусгахыг хүсмээргүй" сайхан, урт яриа хийсэн. Гол мээсэж нь "БҮҮ АНДУУР!" Монголчууддаа хандан Монголд mining boom болчихоогүй байна, 1 л ордыг босгох тухай ярьж байхад битгий хөөрч давхиад бай, энэ өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдээ хараад нэг дүгнэлт хий хэмээхэн хатуурхаж, хүсмээргүй хэдэн статистик тоо хэлэв. Мөн төр бол дарга бус, дэг журам, хууль юм гэдгийг ойлго, бүү андуур гэв. Харин гадны нөхдүүдэд бол бид хэлснээсээ буцах гээгүй байна, бид болохгүй байгаагаа ярилцая л гэж байна. Болохгүйгээ чөлөөтэй ярилцах бол Монголын маш чухал давуу тал юм шүү, бүү андуур гэв. Ерөнхийлөгч олон тоо баримт дээр үндэслэн ярьж байсан бөгөөд чуулган дээр тоо, үнэлгээ их ярих ёстой гэдгийг сануулсан нь олны дэмжлэгийг хүлээсэн болов уу. Мань хүний үг цааш өдрийн туршид олон удаа эш татагдсан даа.

За тэгээд, цааш үргэлжилсэн "Эдийн засгийн төрөлжилт", "Бизнесийн орчин" зэрэг сэдвээрх хуралдаанууд дээр жижиг дунд бизнесийнхэнд зээл өгдөг тогтолцоог бий болгох тухай, аль нэг салбарт хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх тухай тун их ярив. Бизнесийн зээл ч яахав яах аргагүй яригдах эд, хүмүүс дахин дахин өөрийн салбартаа хөнгөлөлт, урамшуулал "нэхэж" байсан нь цаг бага, өргөн хүрээтэй форум дээр арай л явцуу санагдаж байлаа. Ер нь форумчдын гол зовлон бол цагт баригдах явдал байв. Нээлтийн лекцүүд нь сунжирч, асуулт санал тавигчид нь мөнгө хандивласан, асуудал ихтэйгээрээ далайлган тогтоосон 2-3 минутаа үл хайхарч, "гандан бууршгүй" хэдэн нөхдүүд байн байн микрофонд оочерлосноор сэдвүүд нь өргөнийг ч хэлэх үү чанартай хэлэлцүүлгийн цаг тун хомс байлаа. Нэгдсэн хуралдаан дээр их өргөн сэдвийг бага хугацаанд ярилцахын оронд салбар хуралдаануудаа зэрэг зэрэг хийж, тэнд гарсан шилдэг сайн санаа санаачлагуудыг нэгдсэн хуралдаан дээрээ шүүн тунгааж хэлэлцүүштэй санагдсан. Цагийн энэ зовлон форумын өөр нэг зовлонд нэрмээс болно. Тэр нь "Ингээд яриад л байдаг, яриад л байдаг. Хэзээ хийх юм бэ? Ярихаас илүү хийсэн нь дээр юм бишүү. Хоосон яриа. Нэг л их сайхан ярьсан хүмүүс." гэх зовлон болой. Одоохондоо форум өнгөрсөн хурлаар юу яригдсан, түүн дээр гарсан санал санаачлагуудаас биеллээ олсон нь хэд? ямар үзүүлэлтүүд сайжрав? зэргээр эргэж хардаггүй нь мэдээж үүнд нөлөөлж байгаа.

МҮХАҮТ-ийн дарга, гишүүн Дэмбэрэл үүнтэй холбоотойгоор "МЭФ Давосыг хэлбэрийн хувьд биш агуулгын хувьд дагах ёстой. Давос хоосон яриад л байдаггүй. 80 зөвлөлтэй байдгийн нэгийнх нь гишүүн би. Энэ зөвлөлүүд бүгд 1 жилийн хугацаанд юу хийснээ дараагийн Давос дээр тайлагнадаг юм" хэмээж байв. Форумаас бодит үр дүн гарсан уу, ямар ажлууд хийгдэж, хэр хэмжээний ахиц гарсан бэ гэдэг л хамгийн чухал нь учраас дараа жилийн форум энэ жилийнхийг эргэж харж, эхэн хэсэгтээ 1 цагийн ч болов танилцуулга хийгээсэй гэж хүснэм.

Мөн форумын хаалт тун жул болж байна лээ. Нээсэн шигээ хаачихад яадаг байнаа гэж бодогдсон.

Эцэст нь тэмдэглэхэд, найзынхаа "Сүйдтэй юм болсонгүй. Гэхдээ форум болж байгаа нь, бүгд цуглаад ярьж хэлэлцэж байгаа нь, галзуу солиотой нь ч болсон чөлөөтэй үгээ хэлдэг юм шүү гэдгийг гадныханд харуулж байгаа нь ач холбогдолтой юм даа" гэж хэлсэнтэй санал нийлнэ. Гэхдээ дөнгөж гурав дах жилдээ зохиогдсон форум маань цаашид зохион байгуулалтын хувьд улам чамбайрч, салбар салбарын сор болсон хүмүүс цуглан чин сэтгэлээсээ санал бодлоо уралдуулдаг, сэдэж санаачилсан зүйлс нь хэрэгждэг тийм талбар болно гэдэгт бүрнээ итгэж байна.