Wednesday, March 6, 2013

Mонголын эдийн засгийн форум 2013-д оролцсон нь

Өнгөрсөн өдрүүдэд Монголын эдийн засгийн форумын зохион байгуулах ажилд туслах, мөн оролцох завшаан тохиов. 3 дах жилдээ зохиогдож буй, төр, хувийн хэвшил, ТББ, гадныхан бүгд чуулж асуудал, бодлогоо хэлэлцдэг гэгддэг, энэ удаа Монгол брэнд хэмээх гол сэдвийн дор явагдсан тус форумыг телевизээр шууд дамжуулж, хэв.мэд-ийн хэрэгслүүдээр хангалттай мэдээлсэн болохоор тойм бичихээс илүүтэй хэдэн зүйл онцолсноо товчлон сийрүүлье.

Форум цагаасаа нэлээд минутаар хождож, Е.сайд Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд Батбаяр нар үг хэлснээр эхэлсэн. Ерөнхий сайд ч яахав боломжийн нээгээтэхлээ. Фортуна сайд харин форумын эхэнд манийг жаахан хямрааж орхив. Тэрээр гэнэтхэн малчдаа жигтэйхэн санаж чин сэтгэлийн талархал дэвшүүлж, "Бумбын эрин эхэлж Монголчуудын цаг ирлээ. Эзэн Чингисийн үр сад, Хөх Монголын иргэдээ....сайн цагийг бэлгэдэн 9 ерөөл хэлье" хэмээн ерөөл хашхирч, гадаадын зочид төлөөлөгчдийг монголын брэнд болсон монгол гэрт буухыг бараг л тушаав. Бид ч яахав хэсэг улайсхийгээд гайгүй, харин муу синхрон орчуулагч яагаа бол оо. Тус форумын хамгийн гол хүн байх учиртай сайдтан бээр хойшид ер үзэгдээгүй нь (миний өнжсөн 2-3 салбар хуралдаан дээр ирсэн эсэхийг мэдэхгүй) нэгэнт ерөөлт сайн Бумбын эрин ирсэн тул форумтай форумгүй Монгол маань удахгүй үсрэнгүй хөгжинө гэж үзснийх юм болов уу даа.

Ямар монгол брэнд байж болох вэ, түүнийг бүтээхийн тулд яах ёстой вэ гэдэг дээр олон хүн түмэн янзын санаа хэлж байлаа. Форумын туршид өөрийгөө Чингис хаан гэдэг брэндийг үндэслэсэн гэдэг "Хунтайж" Давааням тун идэвхтэй байв. Брэнд бүтээх бол явж явж улсын үндэстэй холбоотой, Гегель Кант нарын хүлээн зөвшөөрсөн Чингис хааны "дээд идеализм"-тай хамаатай гэдгийг би сая л түүнээс дууллаа.

Хүмүүс нэлээн нарийн юм ярьж байхад маш өргөн, ерөнхий ярьж байсан хүн бол Улаан сайд байв. Тэрээр хүмүүсээс янз бүрийн асуулт, санал ирэхэд дахин дахин "Энэ бол яах аргагүй ярих л асуудал..." хэмээн цөөн үгээр товхийтэл хариулж байдаг шүү. Харин түүнийг "амыг алгадаж", бантуулсан хүн бол ер нь яах аргагүй онцгойлох ёстой  Буянгийн Жагаа байв. Мань эр олон ч удаа "хувьсгалч үг" хэлж чилсэн олныг олон ч удаа инээлгэж, олон ч удаа алга ташуулж байв. Ташихгүй бол бүр "та нар яагаад алга ташихгүй байна?" хэмээн загнан ташуулах аж. Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцъё. Хөдөлмөрийн хөлс, үл хөдлгөхийн үнэлгээ ...гээд монголд чинь ер нь бүх юмны үнэлгээ алга гэсэн нь үндэстэй л сонсогдож байв. Мөн дэлхийн зах зээлд брэнд ноолууран цамц  900 ам.доллараар зарагдаж байна, үүний  100 нь өртөг нь гэвэл, 800 доллар нь тухайн улсын түүх, соёл, иргэншлийн үр дүнд бий болсон юм. Брэнд гэдэг чинь бий болгоё гэж шийдээд л шуударчихдаг эд биш, олон арван, зуун жилийн хөдөлмөрийн үр дүн гэж хэлсэнтэй нь олон хүн санал нийлж байв. Үгийг минь гүйцэд хэлүүлсэнгүй, хандивласан мөнгөө буцааж авна шүү гэж зад загнаад үргэлжлүүлэн ярьж байсныг нь олон хүн хараа бизээ.

Аялал жуулчлалын тухай салбар хуралдаанд ороод тус салбарын бодлоготой танилцсан. Манайх аялал жуулчлалын Go Nomadic, Experience Mongolia гэдэг слогантай болж байгаа юм байна. Мэдээж хэрэг, ингэж гадныхныг уриалаад байдаг, гэтэл нүүдлийн соёлоо яаж хамгаалах гэж байна? гэж олон хүн асууж байв. Тус хуралдааны модератор буюу хөтлөгч хүүхэн ажилдаа тааруухан байснаас хэлэлцүүлэг аятайхан өрнөж чадаагүй. Өөрөө яриад л, дүгнэлт хийгээд л байсан нь тэвчээрийг минь үнэнхүү барж байв. Ер нь форумд модераторын үүрэг их чухал юм билээ. Хөгжлийн санхүүжилт сэдэвтэй нэгдсэн хуралдааныг хөтөлсөн Ийгл ТВ-ийн Жаргалмаа сэтгүүлч бол харин ганган хөтөлж байна лээ. Их мэдрэмжтэй, чөлөөтэй ярьдаг тэрээр юу яригдаад байгааг шалмаг гэгч нь нэгтгэн дүгнэж, оновчтой асуултууд тавьж байсан.

Хоёр дах өдрийг нээж Элбэгээ ерөнхийлөгч үг хэлэв. "Дуусгаж чаддаггүй" ерөнхийлөгч маань
аанай л "дуусгахыг хүсмээргүй" сайхан, урт яриа хийсэн. Гол мээсэж нь "БҮҮ АНДУУР!" Монголчууддаа хандан Монголд mining boom болчихоогүй байна, 1 л ордыг босгох тухай ярьж байхад битгий хөөрч давхиад бай, энэ өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдээ хараад нэг дүгнэлт хий хэмээхэн хатуурхаж, хүсмээргүй хэдэн статистик тоо хэлэв. Мөн төр бол дарга бус, дэг журам, хууль юм гэдгийг ойлго, бүү андуур гэв. Харин гадны нөхдүүдэд бол бид хэлснээсээ буцах гээгүй байна, бид болохгүй байгаагаа ярилцая л гэж байна. Болохгүйгээ чөлөөтэй ярилцах бол Монголын маш чухал давуу тал юм шүү, бүү андуур гэв. Ерөнхийлөгч олон тоо баримт дээр үндэслэн ярьж байсан бөгөөд чуулган дээр тоо, үнэлгээ их ярих ёстой гэдгийг сануулсан нь олны дэмжлэгийг хүлээсэн болов уу. Мань хүний үг цааш өдрийн туршид олон удаа эш татагдсан даа.

За тэгээд, цааш үргэлжилсэн "Эдийн засгийн төрөлжилт", "Бизнесийн орчин" зэрэг сэдвээрх хуралдаанууд дээр жижиг дунд бизнесийнхэнд зээл өгдөг тогтолцоог бий болгох тухай, аль нэг салбарт хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх тухай тун их ярив. Бизнесийн зээл ч яахав яах аргагүй яригдах эд, хүмүүс дахин дахин өөрийн салбартаа хөнгөлөлт, урамшуулал "нэхэж" байсан нь цаг бага, өргөн хүрээтэй форум дээр арай л явцуу санагдаж байлаа. Ер нь форумчдын гол зовлон бол цагт баригдах явдал байв. Нээлтийн лекцүүд нь сунжирч, асуулт санал тавигчид нь мөнгө хандивласан, асуудал ихтэйгээрээ далайлган тогтоосон 2-3 минутаа үл хайхарч, "гандан бууршгүй" хэдэн нөхдүүд байн байн микрофонд оочерлосноор сэдвүүд нь өргөнийг ч хэлэх үү чанартай хэлэлцүүлгийн цаг тун хомс байлаа. Нэгдсэн хуралдаан дээр их өргөн сэдвийг бага хугацаанд ярилцахын оронд салбар хуралдаануудаа зэрэг зэрэг хийж, тэнд гарсан шилдэг сайн санаа санаачлагуудыг нэгдсэн хуралдаан дээрээ шүүн тунгааж хэлэлцүүштэй санагдсан. Цагийн энэ зовлон форумын өөр нэг зовлонд нэрмээс болно. Тэр нь "Ингээд яриад л байдаг, яриад л байдаг. Хэзээ хийх юм бэ? Ярихаас илүү хийсэн нь дээр юм бишүү. Хоосон яриа. Нэг л их сайхан ярьсан хүмүүс." гэх зовлон болой. Одоохондоо форум өнгөрсөн хурлаар юу яригдсан, түүн дээр гарсан санал санаачлагуудаас биеллээ олсон нь хэд? ямар үзүүлэлтүүд сайжрав? зэргээр эргэж хардаггүй нь мэдээж үүнд нөлөөлж байгаа.

МҮХАҮТ-ийн дарга, гишүүн Дэмбэрэл үүнтэй холбоотойгоор "МЭФ Давосыг хэлбэрийн хувьд биш агуулгын хувьд дагах ёстой. Давос хоосон яриад л байдаггүй. 80 зөвлөлтэй байдгийн нэгийнх нь гишүүн би. Энэ зөвлөлүүд бүгд 1 жилийн хугацаанд юу хийснээ дараагийн Давос дээр тайлагнадаг юм" хэмээж байв. Форумаас бодит үр дүн гарсан уу, ямар ажлууд хийгдэж, хэр хэмжээний ахиц гарсан бэ гэдэг л хамгийн чухал нь учраас дараа жилийн форум энэ жилийнхийг эргэж харж, эхэн хэсэгтээ 1 цагийн ч болов танилцуулга хийгээсэй гэж хүснэм.

Мөн форумын хаалт тун жул болж байна лээ. Нээсэн шигээ хаачихад яадаг байнаа гэж бодогдсон.

Эцэст нь тэмдэглэхэд, найзынхаа "Сүйдтэй юм болсонгүй. Гэхдээ форум болж байгаа нь, бүгд цуглаад ярьж хэлэлцэж байгаа нь, галзуу солиотой нь ч болсон чөлөөтэй үгээ хэлдэг юм шүү гэдгийг гадныханд харуулж байгаа нь ач холбогдолтой юм даа" гэж хэлсэнтэй санал нийлнэ. Гэхдээ дөнгөж гурав дах жилдээ зохиогдсон форум маань цаашид зохион байгуулалтын хувьд улам чамбайрч, салбар салбарын сор болсон хүмүүс цуглан чин сэтгэлээсээ санал бодлоо уралдуулдаг, сэдэж санаачилсан зүйлс нь хэрэгждэг тийм талбар болно гэдэгт бүрнээ итгэж байна.