Saturday, August 25, 2012

Зэрэглэл ахив

Аавын гэрийн амар тайвныг эвдээд би арав хорин жил эрхэлсний эцэст сая л нэг "туурга туусгарлаж", ажлын зүг ойртов оо. (3, 4 буудал газраас 5-хан минут алхаад орчих зайд)

Гадныхныг Монголд хөрөнгө оруулахад тусалдаг, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 7 жил ажиллаж байгаа MAD -ийн захирал Кристофер Де Грубин "Миний хувьд, Улаанбаатарт люкс зэрэглэлд амьдарна гэдэг бол гэр ажил хоёр маань ойрхон байх гэж боддог" гэсэн байна лээ. Үүнийг бодон бодон, замын ачааллыг харан харан хөөрч л сууна даа.

Friday, August 17, 2012

Тамын тухай Ууртайбаатар өгүүлрүүн

Өвөл нь Утаанбаатар
Зун нь Усанбаатар
Зам нь Удаанбаатар
Зүс нь Шороонбаатар

Барилга нь Нурсанбаатар
Баталгаа нь Мурисанбаатар
Хаа сайгүй Ууртайбаатарууд
Харин дарга нь Улсын баатар

Энэ миний Улаанбаатар
...гэж сэтгүүлч блогч Адъяа аниа Улаанбаатарын тухай "чухам үнэнийг цөөн үгээр хэлж", "УБ-ын зам хэмээх там"-ын талаар загатнаад байсныг хэлийг минь шувт татвай..

Саяхан нэг найзын хамт 2 японтой Тэрэлж орохоор болсон юм. Бид хоёр нөгөө хоёрыг эхлээд Чингисийн хөшөө үзүүлье гээд давхичихлаа. Давхих ч гэж донсолгочихлоо доо. Намхан машиныхаа элгийг цохих тоолонд өнөө хоёр "Ая яа, ая яа" гэнэ. Жаахан яваад л хурдаа хасч хэд хэд дэвхэрч өгөөд эргээд нэг хаазламар аядсаар Цонжинболдог орсон ч, ер нь тэр Тэрэлж гэдэгт нь яаж хүрнэ дээ гэж бодсон уу, бас бороо ороод байсан нь нөлөөлж нөгөө хоёр маань буцъя гэвээ хөөрхий.

Тэр хоёр тэгээд ер нь манайхаас жаахан таагүй сэтгэгдэлтэй буцах шиг болсон. Бороотой өдөр өнгө гундуу байсан байх, Улаанбаатарыг маань "Хуучны Хятад"-архуу байна гэж гонсойтол хэлнэ лээ.

Ингэж нэг ичиж үхэхээ шахсан ч, ойрын үед хүмүүсийн "зам, зам" гэж үглэхийг сонсоод зунжин хураа хайрлаж, манай заманцаруудын тарыг таниулсан Тэнгэр хангайдаа баярлана. Эхэндээ ч, осолгүй л замаар яваад байгаа юм шиг, завьтай хөвөөд ч байгаа юм шиг, бартаат замд уралдаад ч байгаа юм шиг санагдахад боож үхэж босч харайх шахдаг байлаа. Одоо тэгвэл замын завхайрлыг олны анхааралд амны зугаа болтол нь аваачсан, хотын шинэ дарга нарыг олон таван үггүй шууд ажилтай болгосон Хурмастдаа гялайж байна.

Тэднүүд эрхбиш "Замын түгжрэлийг бууруулах зарим саналуудыг дэвшүүлээд эхэлсэн байна." Хэрэгжүүлж гэм зэгсэн боломжийн саналууд харагдана. Нийтлэлд дурдсан албадлагын шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй боловч жолооч нарын ухамсар, соёлыг дээшлүүлэх тогтолцоотой болох нь маш чухал гэж болов уу. Цахим өртөө сүлжээн дээр өрнөсөн "Түгжрэл багасгах аргууд", "УБ хотын нийтийн тээвэр" зэрэг хэлэлцүүлгүүдээс олон сайхан саналууд гарч байсны дотор Bayanmunkh Battulga гишүүний доорх саналыг онцолмоор санагдав:
Замын хөдөлгөөны онооны системтэй болох. Санаа нь Японд жолооч бүр 6 оноотой эхэлдэг. Зөрчил бүрт оноо хасагдана, даатгал нь нэмэгдэнэ. Эдийн засагтай нь холбоод өгөхөөр зөрчил багасах болно.

Миний хувьд, нийтийн тээврийн хэрэгслүүдэд эрс шинэчлэл хийхийн сацуу такси компаниудыг сайн дэмжмээр байдаг. Найдваргүй, хамаг мөнгө хуу хамчих шахдаг халтуурны нөхдүүдээс болж олон хүн "хурдхан л хөл дүүжлэх юмтай болох минь" гэж боддогт, тэгээд тэр ёсоор болдогт эргэлзэхгүй байна. Найдвартай таксины олдоцыг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлбэл замын хөдөлгөөний ачаалалд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй гэж бодном.

Мөн Жаргалсайхан гуай "Зам бол хөгжлийн түлхүүр", "Нийслэл хот-Хөгжлийн чөдөр" зэрэг цуврал нийтлэлүүд бичин хуучин дарга нар буюу зам завхайруулагчдыг тоншин, шинэ дарга нарт "мээсэж" илгээснийг харан толгой дохин сууна.

Нийтлэлч Артанъяан Улаанбаатар–том хогийн сав, том жорлон, бартаат зам хэмээх нийтлэлдээ иймэрхүү зам завхайруулагчдыг нэлээн чанга гөвжээ. Болж болж муу золигнууд! :
Зам дээр гарсан нүхийг нь бирд ч тоолж амжихааргүй их байхад тэхий дунд нь нохойд зориулж хөшөө барьдаг дарга. Харин сонгуулийн уриа нь “илүү ихийг бүтээнэ”. Бодвол илүү олон нүх гаргаад ахиад хэд хэдэн нохойн хөшөө барих гэж байгаа бололтой. Зүй нь золбин нохдыг устгаад замынхаа нүхийг бөглөх ёстой юм. Одоо түүний гэрийн шалыг тэгж нүхэлж өгүүштэй. Тэгээд нэг нохойн хөшөө бариад... . Тэгээд таавчигных нь оронд дандаа ролик унуулаад...

Ер нь замын асуудлыг шийдэхийн тулд эхлээд зам завхайруулагчидтай хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Эдний үүтгэсэн замын эвдрэл, түгжээ иргэд хийгээд улсад маань ямар их хэмжээний хохирол учруулж байгааг тооцохын аргагүй. Замын мөнгө завшихыг асар том гэмт хэрэг гэж үзүүштэй.

Тэгээд дээр нь биднй иргэд бүгдээрээ энэ сэдвээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэн хэлэлцэж, дор бүрнээ санаа тавин, холбогдох хүмүүст нь дуу хоолойгоо хүргэж байх ёстой бизээ.

Monday, August 6, 2012

Цэвэрхэн 00 ба өрсөлдөх чадвар

Манай компани 00-ийн өрөөгөө хажуу хавиргын байгууллагуудтай дундаа ашигладаг байв. Дундынх болохоор амархан бохирдож, хааяа бүр орохын аргагүй болчихно. Японд удсан захирал маань ийм байдлыг тэвчсэнгүй, проперти менежментийг хийдэг компанид хүсэлт тавьснаар давхрынхаа нэг 00-ийг зөвхөн бид ашигладаг болоод нэлээд олон сар болж байна. Одоо 00-ийн өрөө маань цэв цэвэрхэн, тун тухтай.

Захирал маань ингэж ярина: "Хүн амьдралынхаа багагүй цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг. Өөрийгөө хөнгөлж, амарч тухлах ёстой газар бохир заваан, сэтгэлд тавгүй байж болохгүй. Би аливаа айл гэр, албан байгууллагыг ариун цэврийнх нь өрөөгөөр дүгнэдэг. 00-ийн өрөөгөө цэвэрлэнэ гэдэг бол компанидаа, гэртээ (ажилдаа амьдралдаа) хандаж буй хандлага юм."

Дээрийн уншсан "Бизнест хэрэгтэй Даншари сэтгэлгээ" номон дээр ч энэ тухай нэг сонирхолтой жишээ бий. Бүгдийг нь санахгүй байгаа ч, Японы эдийн засгийн хямралын үед шинэ хуучин гэлтгүй бүх ажилчид нь 00-ийн өрөөгөө цэвэрлэдэг компани салбарын бусад компаниудын дэргэд хямралгүй үлдсэн тухай гардаг юм.

Тэгвэл саяхан HBR blog-оос "Of Clean Toilets and Competitive Economies" нэртэй нийтлэл олж үзэв. Өнөөгийн өрсөлдөөнт (ямарваа) зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ гаргах нь бүрнээ хангалтгүй, зах зээлд давуу тал олохын тулд бусдынхаа бодооггүй нарийн ширийн зүйлсийг ч анхаарч, өргөлт өгөх хэрэгтэй гэсэн санаа гаргажээ.

"The question of how to outcompete others in a given market is not only a concern for firms. At a higher level, governments have long understood that their nations are well served by industries that win in the global marketplace—and have pursued forward-looking industrial policies to help them. Recently I asked a high-level Singapore official how Singapore's companies would be able to compete in a world of countries whose companies have greater access to low-cost labor (as in China) and cutting-edge innovation (as in the U.S.). His response was to ask me: "Have you seen our toilets at Changi Airport?" I said that I had, and that they were spotless. He nodded: "That's our competitive advantage."