Анх Тэрэлжид очоод багт хуваагдсан нь |
Одоогоос нэг жилийн
өмнө өдийд Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөрт (Young Leadership
Program-YLP) тэнцчих санаатай эсээгээ бичээд сууж байжээ. YLP маань 11 дэх жилийн элсэлтээ зарласныг хараад сонирхож буй хүмүүст тус хөтөлбөр 8 сарын
хугацаанд ямархуу байдлаар үргэлжилдэг тухай танилцуулж, сэтгэгдлээ хуваалцъя
гэж бодлоо.
Анх найзаасаа зарыг
нь дуулаад хэрэндээ их л бэлдэж өргөдлөө өгч байлаа. Тэнцсэн хариу аваад, анхны
өдөр Зориг сан дээр цуглахад сангийн залуухан захирал Г.Бадруун угтаж, бидэнд
хөтөлбөрийн талаар танилцуулав. Анги маань төрөл бүрийн салбарт
харилцан адилгүй ажил эрхэлдэг 22 шижигнэсэн залуугаас бүрджээ. Ингээд тэр өдөртөө бүгд Тэрэлж рүү зугаалан
хоорондоо танилцаж, хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Уолт Жэнкинсээс манлайллын
талаар "номын дуу" сонсов. Хөтөлбөрийн зохицуулагч
маань Германд сургуулиа төгсөж ирээд Зориг санд ороод удаагүй байсан, мөн Young
Leadership Program Europe 2010-т оролцож явсан Түвшинзаяа байлаа.
МАН-ын н.б.дарга Цогтбаатар гуайг яриулаад л бмаар бв |
Хөтөлбөр эхлээд нэг
их удалгүй Halloween-ий баярыг өргөн тэмдэглэдэг уламжлалтай аж.
Бүгдээрээ багт хуваагдан мэндчилгээ дэвшүүлэхээр болж, багийн дарга нар нь
зохион байгуулах комиссыг бүрдүүлсэн нь бидний анхны багийн ажил болов. EFP буюу Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран зохион байгуулсан баяр
маань ч сайхан болж, үе тэнгийн залуус хөгжилдөн цэнгэж, улам дотно
танилцгаасан. Мэндчилгээгээ бэлдэх гээд Монголын уран зургийн галлерейн өрөөнд
Addams Family-гийн нэг үзэгдэл дээр дуу оруулан инээлдэж байснаа тодхон санаж
байна.
Halloween-аар манай Addams Family |
Төслийн маань үзэсгэлэнгийн нээлтэнд олон хүн ирэв. |
Он гараад удалгүй хөтөлбөрийн маань нэг чухал хэсэг болох төсөл хэрэгжүүлэх цаг
боллоо. Бид 3 багт хуваагдсан бөгөөд миний орсон баг "Солонгон бийр" хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дүрслэх урлагаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олгох зорилготой төслөө эхлүүлэв. YLP-гийн эхний 8 ангийг төгсгөсөн, хөтөлбөрийн "нэвтэрхий толь," Канад сангийн зөвлөх Билигээ эгч маань төсөл яаж хэрэгжүүлэх талаар бидэнд зааж, "төслөөр хоолоо олдог" сангийнхан маань ч тусалж дэмжсээр бид төслийнхөө санхүүжилтыг өөрсдөө босгон, 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, хүүхдүүдийнхээ бүтээлүүдээр ил захидал хэвлүүлж, Хаан Банкинд байрлах Улаан гэр галлерейд тайлан үзэсгэлэнгээ амжилттай гаргасан билээ. Бидний хэрэгжүүлсэн community development project буюу нийгмийн хөгжлийн төсөл нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлогтой.
Оюутолгой уурхай дээр. 2013 оны 4 сар |
Мөн хөтөлбөрийн маань чухал хэсэг Монголын Эдийн Засгийн Форум
2013-ыг дурдахгүй өнгөрч боломгүй. 2 өдөр зохион байгуулалтын ажилд нь тусалж,
2 өдөр форумд оролцсон талаараа би ийн бичиж байв.
Мэдээж бүх юм албан байдлаар явагдвал сонирхолгүй. Чөлөөтэй,
инээж наргисан үедээ л залуучууд улам дотно болдог хойно, янз бүрийн шалтгаан
гаргаж уулзалдах их сайхан. Нэг удаа юунаас ч тарлаа даа, дараа нь үргэлжлүүлж,
нэлээд хэдүүлээ Түвшөөгийнд очин нэг шил юм эд бад хийнгээ дурлалын тухай яриад
суучихснаа санаж байна. Бас мань хүний санаачилгаар хагас сайны орой виногоор
даруулан хэд хэдэн кино үзсэн дээ.
Ийнхүү 8 сарын
хугацаанд бид салбар салбарын 20 орчим эксперттэй уулзаж, Монголын эдийн
засгийн форумд оролцож, Оюутолгой, Цэвэрлэх байгууламж, Изинис Эйрвэйз, Улсын
дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг газраар зочилсны эцэст хөтөлбөрийнхөө
төгсгөлд ирэв. Анх өргөдөл өгсөн 170, 180 гаруй залуусаас шалгарч орчихоод,
бусдын итгэл, цаг зав, хөрөнгө мөнгийг гарздахгүй юм сан гэж, аль болох ихийг
сурах сан гэж миний бие хэрэндээ л хичээсэн. Иймдээ ч дуурь үзэж чадаагүйг
эс тооцвол бүх уулзалт, семинар, аялалд (field trip) хамрагджээ.
Ойн хүлээн авалт. Маш хөгжилтэй зүйл болсон бололтой |
Ийнхүү бид Залуу Манлайлагч
Хөтөлбөрийн Төгсөгчдийн Холбоо гэх өнөр гэр бүлд албан ёсоор отголж, цааш улам
өргөжих залуу мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэв. Тус арга хэмжээнээс хойш
удирдах зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжиж, энэхүү сүлжээг гишүүддээ ихээхэн үр
өгөөжтэй байлгах төлөвлөгөө гарган, энэ 9 сараас эхлэн сар бүр 2 ажил зохиохоор
болоод байгаа юм.
Энэ бүхний эцэст надаас "YLP
чамд үнэ цэнтэй ямар зүйл юу өгсөн бэ?" гэж асуувал би залуу насны сайхан
дурсамж, ижил санаа зорилготой найзуудыг өгсөн гэж хэлнэ ээ.
No comments:
Post a Comment