Wednesday, August 28, 2013

Ахыгаа бодон гуниглахуйд

Гуниглаж ээ суумаар бүүдгэр, бороотой өдөр байх чинь вээ... Яагаад ч юм гэнэтхэн үеэл ах минь бодогдов. Зун Архангай руу рашаан явах замд бас санаанд орж, нэлээн ихийг бодсон санагдана.  Машин дотор яриа өрнөж, “үнэхээр ховор хүн байсан шүү” гэж өмөлзөхөд аав дуун дээр минь “Тэгэлгүй яахав” гэж билээ. Бас саяхан юм даг, ирээдүйд хүү төрвөл нэрийг нь өгнө дөө хэмээн баахан сүржигнэсэн юм байна. Үнэхээр л монгол хүний, нүүдэлчин ахуйг шингээсэн, дээр нь их ховор сайхан нэр л дээ.

Амьд байхад нь боддог байлаа. Том болоод гадаад явахаараа адуучин ахдаа янзтай гоё дуран авчирч өгөөд баярлуулна даа гэж. Гэхдээ мань хүн сүүл рүүгээ ер нь сүрхий сууринжих болсон. Аймгийн төвд 2 өрөө байр авч, хамгийн сүүлийн удаа уулзахад аймгийн төвд хүнсний дэлгүүр маягийн юм эрхэлдэг ч юм билүү гэж томцуулд ярьж байсан санагддаг. Тэр жилийн хавар гурвын гурван азарга адуугаа шуурганд алдчихаад, араас нь хэдэн сар ёстой “хайргадсан” гэдэг. Махаа идэж өсгөсөн хайран сайхан адуунууд, хурдтай хүлэг ч дотор нь зөндөө байсан. Энэ мэтээр малчин хүний амьдрал гэдэг байгалийн араншингаас бүрэн хамааралтайг ойлгосондоо ч тэр биз, нүдэн дээр нь бэлхнээ өрнөж буй их өөрчлөлтийг мэдэрч, алсдаа юмс өөр болно гэдгийг ч хараа биз, тэр зун ээжийн ажигласнаар “их л ондоо” болчихсон байж билээ.

Одоо ингээд санахад хэд хэдэн зүйл сэтгэлд минь тодоос тод зурагдан үлджээ: Ах унтахынхаа өмнө надаар нуруугаа их маажуулна. Өдөржин адуу малтай ноцолдож, нар салхинд гандсан хүнд сайхан амралт болдог шиг байгаа юм. Наадам болоход их гоё оо. Адуугаа барина, морь хөлслөнө, тарлана, сунгана. Би гэж бас нэг муу эрийн хугархай юм гэсэндээ хөөрчихнө гэж байгаа. Гэсэн ч гавихгүй ээ, ахыгаа морь тарлах уу гэхэд аймхай хог чинь үгүй л гэнэ. Тэхлээр морь гишгүүлэхээс яаж хэтрэхэв. Хүүхэд цагийн минь тэр л “ахтай наадмууд” хамгийн сайхан нь байж. Зарим жил аз тохиовол аав ээжтэй сумын наадмаар морь дагана, зарим жил хонин дээр үлдэнэ. Хонин дээр үлдсэн жил ч гэсэн,  наадам дуусаад богцтой хүмүүс ирж наадмын хууч дэлгэхэд тун ч гялайдаг сан. За морь айрагдчихсан бол бүр хөөрцөглөж гүйцэх нь тодорхой. Нэг жил наадам дөхөөд байхад хоёр азарга нь ноцолдоод хурдан хонгор нь хондлой дээрээ хазуулчихав. Тэр нь өтөөд бүр наадамд явахын эцэсгүй юм болсон. Мань хүн нэг өдөр намайг дуудаад хоёул өнөөхийг чинь баглан унагаж өтийг нь түүсэн юм даг. Хариугүй бядгүй амьтан ч гэлээ дарж байхад бага ч гэсэн нэмэртэй байсан юм байлгүй. Нэлээн сүүлд арай томорсон хойноо нэг зун очоод байв. Нэг өдөр ах машиныхаа дугуйг нөхөж байв. Намайг –За дар л гэж байна. Би муу насосыг хэд дарсан болоод л сулраад явчихав. Тэгтэл намайг учиргүй голж, шоолж билээ. Ер нь их шооч хүн сэн. Өөд болдог жил нь аав моринд дуртай нэг найзаа дагуулж явсан юм. Цаадах нь морь авах санаатай. Ах адуугаа хурааж байгаад л уургалж гарав. Баригдахгүй бол унааны морио хорстол нь ташуурдаад их шүү шазууртай үзнэ. Би нөгөө аавын найзын дэргэд бүр нэг бах нь ханачихсан, “Би нэг ийм л ахтай хүн дээ” гэсэн аятай зогсож билээ.

Энэ жил хөдөө явах боломж гарсангүй. Эрдэнэ-Очирын шүлгэнд гардагчлан “цээжиндээ наргүй болсон” авга эгчийнхээ царайг зүрхшээж харсангүй. Хөдөө явсан бол бүр л их санах байсан биз. Гэвч би ахыгаа үе үе бодсоор л байгаа. Санаандгүй, бас албаар бодсоор ч байх болно.

Ингэж гуниглан бодох бүр амьдрал гэдэг болзолгүйг, сайн хүн хэзээ ч биднээс холдоод явчихаж болохыг, тийм хүнийг амьдад нь хайрлаж байх хэрэгтэйг ухаарах шиг болном.


PS: Доор хуучин блог дээр үеэл ахынхаа тухай бичиж байсныг оруулав. 2008 он.

-----------------------------------------------------
Намрын борооноор цувгүй алхахдаа 
Миний ертөнцөөс нэгэн хайртай хүн минь хальж одов. Өвөөгийнхөө хамгийн хайртай ач хүү, аавынхаа баяр бахдал, ээжийнхээ эргэх дэлхий, эхнэр охин хоёрынхоо дэргэдэх том уул, ах дүү, анд нөхдийнхөө сэтгэлийн хайлан болсон үеэл ах минь... Хөдөөгийн цэнхэр тэнгэр дор төрж,  хөх талынх нь дээгүүр хурдны морьтой хөндлөн гулд давхин өсч, унаачаасаа ур ухаан тэнцүү уяач болж, адуундаа мордож, малаа өсгөж явсан монгол эр минь... Хөдөөний хүн гэхэд хожуухан эхнэр  авч үрийн зулай үнэрлээд  дөнгөж ноднин намар хөлтэй бүлтэй хурим найр хийж эр хүний жаргалыг сая эдэлж эхлэнхэн байсан ах минь...Үеэл ахтайгаа би тийм ойр дотно байгаагүй ч үнэнхүү хүндэтгэн хайрладаг байсан юм. Манайх хот шилжсэнээс хойш зундаа л нэг удаа барааг нь хардаг байлаа. Дотроо жир бишийн ухаантай, хурц сэргэлэн, аливаа ажилд гарамгай сайн, даруу түвшин, хүнд тусч зантай гаднаа өндөр чийрэг биетэй, нүдэнд дулаахан даанч сайхан залуу сан ах минь... Ээжийнхээ дэргэд энгийн номхон боловч адуунд эрэмгийг нь харах үнэн бахтай сан... Хүний хамаг нандин зан чанаруудыг өөртөө агуулсан үнэхээр л магтах үг мундахгүй тийм сайхан ахыгаа энэ олон хүний элгийг эмтлэн, зүрхийг зүсэн эргэж ирэхгүй явчихсан гэж бодохоор хэлэх үг олдохгүй хэцүү байна аа.. Хүний аль сортоотой сайныг нь бурхан ингээд түрүүлээд дуудчихдаг  юм уу? Тийм биш гэж боддог байсан ч өнөөдөр энэ хариултандаа өөрийн эрхгүй эргэлзмээр болж байна... Ай хөөрхий  амьдралаа гэж... Баяр гунигийн нулимс холилдон урсдаг мөрөн юм даа... Зуны гурван сарыг хөдөө өвөөгийн дээрээ өнгөрүүлдэг жаахан амьтан байхдаа ахынхаа өвөрт  л унтах дуртай байж дээ.  Арван наймтай ах минь долоон настай намайг хөтлөөд адуундаа явах замдаа ийн дуулж байна: "Намрын борооноор цувгүй алхахдаа Навчнаас дутуугүй гуниг тээдэг сэн...

No comments:

Post a Comment