Thursday, January 23, 2014

Гэгээн

Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номыг саяхан дахин нэг эргүүлж харав. Анх гарахад нь Баттогтохын тухай бичсэнийг үзээд шууд л авсан. Түүнд зориулсан "Гэгээн" хэмээх эсээнээс гадна Болд-Эрдэнэд зориулсан "Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг" гэх эсээнд Баттогтохын тухай гардаг юм. Залуу шүлэгчдийн нээлттэй хаалганы өдөр гээч юм болоход тэр олон залуусаас Дарханаас ирсэн Өлзийтөгс, Булганаас ирсэн Баттогтох хоёр л Д.Урианхай гуайд тоогдож байсныг уншихад "арга ч үгүй биз дээ" гэж бодогдоно. Ер нь би анх Баттогтохын талаар Өлзийтөгсөөс л олж мэдсэн. 2-р курсэд билүү дээ, МУИС-ийн 2-р байранд утга зохиолд дуртай залуус Өлзийтөгстэй уулзалт хийхэд, шүлэг зохиол сонирхож уншдагаас биш тэдгээр залуус шиг сүрхий мэргэшээгүй ч гэлээ, ямархуу хүн байдаг бол гэж ихэд сониучирхан очиж байсан юм. Залуус зочноос асуулт асууж эхлэх үед нэг охин Баттогтохын тухай асуув. Тэгэхэд зочин маань "Сарны охин" шүлэгнийх нь "Чиний бороо тоссон алга чинь Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм. Чиний нар ичээсэн харц чинь 'Дөрвөн уул'-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм." гэх мөрүүдийг эшлэн Явуухулангийн “...Голоос хайртай амраг минь Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа...”-гаас ч илүү гоё хэлсэн гэж боддог гээд, "Гэгээн" эсээндээ бичсэн тэрхүү дурсамжийг ярьж билээ. Ингэж л анх энэ "гэгээн" найрагчтай танилцсан юм даа.



"Гэгээн" эсээнээс миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн өгүүлбэр:

"...Маргааш нь би гараар хийсэн, болхидуу боловч бөх байрын таягийг барааны захас худалдан авч, түүнд хүргэж өгсөн. Дөнгөж уулзтал "Эмчилгээ эхлэх гээд байна" хэмээн нэг сувилагч бүсгүй яаруулаад, дагуулаад явчихсан сан. Сүүлчийн удаа Тогтохоог харсан минь тэр!

Ертөнцөөс буцах үедээ тулсан сүүлчийн таягийг нь би түүнд аваачиж өгсөн. Харин ертөнцөөс буцахдаа би, сайхан тэр залуугийн амьдралын гэрэл нэвт шингэсэн шүлгээр сэтгэлээ тулна гэж боддог."