Ажлынхантайгаа 5 цаг "хага" караокэдчихоод ирэв. Хоолой гэж хошного, бас халамцуу л байна. Унтахаасаа өмнө блогдмоор санагдав.
Монголчууд дуучин ард түмэн юм аа. Үүнийг би караокэ орох тоолондоо, хол замд автобусанд явах бүртээ мэдэрдэг. Үнэндээ сайн дуулж чаддаггүй хүний хувьд энэ бол солгой хоолойгоороо орилох том завшаан юм. Хэн ч чамайг муухай дууллаа гэж шүүхгүй, дээр нь түрээд явчих зөндөө хүмүүс байгаа. Караокэнд хэн нэгэн ойрд сонсоогүй дуртайг дууг чинь сонгох, эсвэл чиний ор тас мэдэхгүй гоё дууг сонгон дуулах, гэнэт хэн нэгэн өөрийг нь дуулна гэж огт төсөөлөхөөргүй дууг сэвэлзтэл дуулах зэрэг нь үнэхээр сайхан байдаг. Үе үе хүмүүстэй караокэдэхэд чамаас бусад нь дуучин юм шиг санагдах нь ч бий.
Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байна гэдэг шиг сайн давтаж байгаад "үнэн хашраадаг" цайны ганц хоёр дуутай болъё гэж би караокэнд дууны ном эргүүлж суух бүртээ боддог ч бахь л байдгаараа байх юм. Сайн дуулдаггүй байлаа ч хаа газар нүүр тахалж, "найрын дугараа өнгөрөөх" иймэрхүү ганц нэг дуутай байх зүгээр санагддаг. Байгууллагад шинээр орсон юм уу шинэ хүмүүстэй танилцсан хүний хувьд караокэд час хийсэн ганц дуу дуулаад л өөрийгөө албан байдлаар таниулахаас илүү танилцуулчихдаг тохиолдлууд байдаг даа.... Өнөөдрийн хувьд эрэл хайгуул болж болж Сийлэгмаагийн "Хүн хүндээ хайртай явъя"-г л гоцлох шив.
Өнөөдрийн үйл явдлаас өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол бусдадаа хүндлэгдсэн ажилтан гэж ямар байдгийг харсан минь байв. Шоуддаг шалтгаан нь манайх компанийн ууган, шилдэг ажилтнаа карьерын шинэ замд үдсэн явдал байлаа. Ялангуяа, түүнд бүгд нэг нэгээрээ хундага барьж, сэтгэлийн үгээ хэлэхэд бахармаар байв. Тэр олон сайшаал дундаас нэг нь "Манай Соко магтаалд хөөрдөггүй, загнахад урвайдаггүй. Чигээрээ тогтвортой үргэлжлүүлж чаддаг. Энэ чанар одоогийн залуус дунд ховордсон юм шиг санагддаг" гэснийг онцолмоор санагдлаа. Ийм хүн ажлаасаа хүндтэй, ерөөлтэй гардаг юм байна. Захирал маань хэлж байна лээ: Ажил дээрээ хүнийг хайрлана гэдэг их сайхан зүйл юм аа гэж.
Ажлынхны маань хувьд хөгжилтэй, бас хөнгөн гунигтай өдөр ийнхүү өнгөрлөө. Цаг 04:30.
No comments:
Post a Comment