Thursday, September 27, 2012

A big advantage of studying abroad

Гадаадад сурахын давуу талууд олон. Гадаад хэлтэй болно, чанартай боловсрол эзэмшинэ (мэдээж чанартай сайн сургуульд ороод хичээлээ сайн хийсэн тохиолдолд), юм үзэж нүд тайлна, бие дааж сурна... улмаар энд дотоодын төгсөгчдөөс илүү үнэлэгдэх магадлалтай.

Үүнийг Монголд төгссөн залуус (би тэдний нэг) мэднэ. Тиймээс гадаадад боловсрол эзэмшсэн залуустай хөл нийлүүлэхийн тулд, хоцрохгүйн тулд тэдний олж авдаг давуу талуудыг нөхөх ёстой болно. Гадаад хэлээ сайн үзэх, энд олж буй боловсролоо улам гүнзгийрүүлэх, бие дааж судлах, биеэр үзэж чадахгүй ч ном уншиж нүд тайлах гэх мэт... Зарим залуусын хувьд өөрөө хичээвэл чадварын хувьд гадагшаа одсон үеийнхнээсээ хол дутахгүй биз, оролдлого сайтай бол давах ч тохиолдол байна байх. Гагцхүү МУИС-ын диплом, Киотогийн их сургуулийн дипломын хооронд хол ялгаа бийг сайн санах хэрэгтэй болов уу. Ерөөс өнөөгийн ажил мэргэжлийн ертөнцөд диплом credential гэдэг маш чухал болсныг өгүүлэх юун.

Гэвч Монголдоо оролдлого сайтай байхад, цаг гаргахад бас учир байнаа. Удахгүй АНУ-д мастер хийхээр явж буй нэг найз маань хэлж байна: “Энд ахуйн аар саар ажилтай дэндүү орооцолдох юмаа.” Би  хэллээ: “Нээрээ ч ёстой үнэн дээ, наадах чинь.” Тэгээд бодлоо: “Энэ ч яах аргагүй гадаадад сурахын нэг гол давуу тал шүү.”

Гэртээ байхад ахуйн, ар гэрийн ажлууд ямар барагдах биш. Тэхээр ид суралцах насныхаа гол ажлыг 100% prioritize хийж, төвлөрч чадахгүй болчихно.  Ямар гадны зочин биш дээ, ийм ажлуудаас заримдаа бултаж чадахгүй. Гээд бодохоор... эх орондоо суралцагч залуус бид үүнийг байнга санаж, үнэт цагаа аль болох хямгадаж байх хэрэгтэй болов уу.




Үнэлэмж

Твиттер, фэйсбүүк хэрэглэдэг "одууд" олширчээ. Ялангуяа улстөрчид. Болж байна! Ямар ажил хийж гийгүүлж байгаагаа бидний өмнө сайн дураар тайлагнах бөгөөд бусад ойр зуур яриа хөөрөө нь ямар хүн болохыг нь бага ч болов таниулах аж. Зөв, тактиктай хэрэглэж гэм сайн зэвсэг л дээ, яах аргагүй.

Гэтэл зарим нь яасан их хэрэглэдэг яасан сайхан завтай юм бэ? Мундаг мундаг завгүй л ажилтай хүмүүс байх шиг байдаг юм. Үгүй юм шигээ. Заримдаа есөн жорын шальдар бульдар юм бичсэнтэй нь дайралдах юм. Саяхан твиттерээр нэг агентлагийн даргаар тавигдсан нөхрийг мэргэжлийн бус, шал далий гар гэж бухимдсан хүмүүстэй хэд хэд таарав. Тэгсэн нөгөөдөх нь цаанаа "........-ны дарга болсоон хэхэ" гээд хэн нэгэнд хөөрч байх жишээтэй. Бас зарим нэг нь миний төд дэх дагагчаар тэр тодорлоо, тийм юмаар шагнана ч гэх шиг. Бас зарим нэгэнд нь гэмгүйхэн нэг мээсэж өгөх (заримдаа ч албаар өддөг л байх л даа) гэнгүүт, эсхүл саналаа хэлье гэтэл өөдөөс -өдөөд байна уу, сөдөөд байна уу гэх нь шахуу, сүртэй нь аргагүй хүлээж авах юмаа. Мань мэт нь яахав дээ юу ч гэж донгосож мэднэ, харин тэрийг "замын нохой хуцаж л байдаг, жингийн тэмээ явж л байдаг" гэгчээр "том" хүний  зангаар тоохгүй л байна биз дээ. Нэг жишээ хэлэхэд, сонгуулийн дараа ш дээ, тухайн үед сангийн дэд сайд байсан хүн ялагдчихаад баахан гомдол зарга хийж, фэйсбүүк дээр нь залуучууд янз бүрээр байр сууриа илэрхийлж байх үед "Олон долоон юм бичсэн нөхдүүдийг unfriend хийнэ..." (яг ингэж бичээгүй ч иймэрхүү утгатай байсан) мэтийн олон юм бичсэнд зарим залуусын адилаар тун их гайхаж билээ. 

Ингэж шальдар бульдартаад байвал таануудыг үнэлэх маний чинь үнэлэмж унаад л байх нь шүү, "одууд" минь ээ.


PS: Дээр хэлсэнчлэн, би твиттер хэрэглэдэг "том гарууд"-ыг сайшаадаг. Үүнийг би зөвхөн зохист хэмжээг нь хэтрүүлээд байгаа нөхдүүдэд хамаатуулсан болно.

Wednesday, September 26, 2012

A friend's comment on Baabar

 (Найз маань залуусын "хит" Баабарыг өөр өнцгөөс харж, хөгжлийн талаарх сэдэв хөнджээ. Элдэв хачиргүйгээр, санал нийлсэн үгүйгээ нэмэлгүйгээр зүгээр шэйрлэхийг хүсэв. )


Хөгжлийн янз бүрийн түвшинд, янз бүрийн үзэл санааг өөртөө агуулсан хүмүүс оршин байдаг. Баабарын хувьд тэдний л нэг. Барууны үзэл санааг өөртөө шингээсэн байдал талаас нь авч үзвэл Энэтхэгийн Нерутай төстэй. Харин дорно талыг барьж байсан хүн нь Ганди. Гэхдээ Гандигийн "тосгон бүрт ээрүүл" бодлого болон Неругийн "аж үйлдэржсэн Энэтхэг" орны аль оновчтой сонголт байсан талаар хэлж мэдэхгүй юм.

Тэгвэл Мейжигийн үеийн Фүкүзавагийн тухай юу хэлж болох вэ? Түүний зарчмууд ихээхэн онцлог шинж чанартай буюу цаг үеийн нөхцлөөс үл хамааран өөрчлөгдөх нь ховор үнэт зүйлсийн цогцын тухай асуудлыг хөндсөн байгаа.

Баабарын хувьд зарчим хөндөхөөсөө илүү цаг үеийн хөгийн зүйлс хөнддөг. Түүнчлэн хөндөж буй асуудалдаа хэзээ ч гүн гүнзгий нэвтэрч чадахгүй, барууны үзэл санааны зөвхөн өнгөн төдий зүйлсийг импортлоод байгаа юм.

Хөгжлийн асуудалд бид ямар хандлагаар хандахаа одоо шийдвэрлэх, үзэл санаатай болох цаг үе ирсэн байх. Гэтэл үндэсний хэмжээнд бидний хөгжил юу байх вэ? Монгол маягийн нийгмийн хөгжлийн филисофи, хүний хөгжлийн, иргэншлийн үзэл санааг төлөвшүүлж чадах лут "сэхээтэн" бидний дунд алга байна.

Эртний Грек, Ромд Сократ, Аристотел, Платон, дундад зуунд Фома, түүнээс арай хожуу Монтень, их гэгээрлийн үед Локк, Вольтер нар Европт, Хятадад Күнз, Лаоз, Энэтхэг Готама, Нагаржунай нар байсан бол Монголд хэн байв? Чингис хаан уу, Модунь уу гэдэг асуудал ихээхэн бүрхэг болж байгаа. Уг нь 1911 онд Жавзандамба, Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд нар байсан боловч бүгд учир битүүлгээр нас барсан, цаашлаад 1920-оод оны үеэр Данзан, Бодоо тэргүүтнүүдийн үзэл санаа төлөвшсөн шинжтэй байсан ч Комминтернд нухуулсан, цаашлаад Ши.Аюуш, Буяннэмэх, Нацагдорж, Ядамсүрэн зэрэг сэхээтнүүдээ мөн л Оросын нөлөөтэйгээр нухуулсан зэргээс үүдэн Монгол яаж хөгжих ёстой, Монгол маягийн иргэншлийн тухай асуудал ор тас орхигджээ. 1924-90 оныг хүртэл социализмыг хүчээр импортлосон нь үнэндээ манайд таарч тохирсон эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй цөөн хэдэн хүмүүс энэ онцлогийг хамгаалах гэж идэвхийлэн зүтгэсэн нь хаанаа ч хүрэхгүй байсан аж.

1990 оноос хойш манай нийгмийн хөгжлийг хэн тодорхойлж байв? Эндээс хамаг эргэлзээ балаг эхэлж байгаа юм? Улс төрчид нийгмийн хөгжилрүү орох нь угаас инээдтэй зүйл. Уг нь улс төрөөс ангид сэтгэлгээний танк ажиллаж байж улс төрийг хязгаарлах ёстой байдаг. Гэтэл 90 оны сэтгэлгээний танкууд нь улс төрлүү ороод эвдэрснээс болж Монгол маягийн хөгжлийн асуудал мартагдсан аж.

Одоо бидэнд хэн үлдэв? Баабар, Арго, Бат-Отгон тэргүүтэй замбараа нь олдохоо больсон цуглуулга үлдсэн байна. Сүүлийн үед арай цэгцлэх гэж цэвэр гүн, ухаан сэтгэлгээний аргаар дөхөх гэж оролдож байгаа Г.Аюурзана л байх шив. Тэгвэл одоогийн манай 2 дах давалгаа хэрхэн орж ирэх, Америкжсан, баруунжсан үзэл санаа цутгаж байна. Үүнийг Дорнын болон Монголтойгоо оновчтой синтезэлж чадах хүн харин хэд байх бол?


Friday, September 14, 2012

The photo of the day

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу болж буй "Үндэсний номын баяр"-аар ороод том олзтой буцав.
Ихэд хүндэлж явдаг Д.Урианхай гуайн гарын үсгийг номон дээрээ авч, цуг патиараа татуулж амжив:




Tuesday, September 4, 2012

A tale on editing

"Тусгаар тогтнолын тунхаг бичиг"-ийг Томас Жефферсон 33-хан настайдаа зохиосон билээ. Тус бичгийн эхийг гаргах комисст Бэн Франклин, Жон Адамс нарын 5 хүн багтсан ч колониудыг нэгтгэх саналыг анх гаргасан Виржиниа мужийн төлөөлөгч Т.Жефферсон гол ачааг үүрчээ. Тэрээр эхийг гаргамагцаа Жон Адамс-д илгээн саналыг нь аваад Франклинд хүргүүлсэн бөгөөд үзэл бодол нийлдэг цаадах нь цөөн засвар хийж, цааш Конгрессоор хэлэлцүүлэхээр болжээ. Гэтэл Конгресс Жефферсоны эхийг хянамгай хэлэлцэн нэлээд засвар хийж, бүр сүүлийн 5 параграфын талаас илүүг нь танаж орхижээ. Энэ явдал эхийг зохиогчид хүндхэн туссан нь мэдээж.

Жефферсон хожим нь "Би Др.Франклины дэргэд сууж байв. Эдгээр засварыг сайшаасангүйг минь тэр мэдэж байлаа" гэж дурссан нь бий. Тэр мөчид хөгшин Франклин залуу Жефферсонд бага залуу насныхаа нэгэн явдлыг ярьж өгч тайвшруулжээ. Түүнийг залуухан хэвлэгч байхад нэг найз нь гутлын бизнест хүч сорихоор шийдэж, дэлгүүртээ хаяг хадах болжээ. Энэ тухай Франклин:

Тэр малгайны зураг зураад дэргэд нь "Малгайчин Жон Томпсон малгай хийн бэлэн мөнгөөр худалдаж байна" гэж бичжээ. Гэсэн ч найзууддаа үзүүлж саналыг сонсохоор шийдэж. Эхний найз нь "малгай хийж байна гэж биччихсэн юм чинь малгайчин гэх үгээр юу хийнэ" гээд хасжээ. Дараах нөхөр нь "бас малгай хийж байна гэдгийг хасчих, тэртэй тэргүй худалдан авагчид малгайг хэн хийснийг сонирхохгүй шүү дээ" гэжээ. Гуравдах нь "бэлэн мөнгөөр гэдгийн хэрэг алга, авсан хүн мөнгөө төлөх нь ойлгомжтой" гэв. Ийнхүү хаяг "Жон Томпсон малгай зарж байна" гэж уншигдахаар болов. Гэтэл бас нэг найз нь "Малгай зарах аа? Ер нь чиний малгай зарах хүмүүст тийм л хамаатай байв гэж дээ" гээд бас хасуулчихав. Ингэснээр өнөөх бичиг ердөө л "Жон Томпсон" болж, малгайн зурагны дэргэд хадагджээ.