Би хүмүүсийг хүүхдээр нь дүгнэх дуртай. Зүй ёсных ч гэж боддог. Хүүхэд нь ойворгон нэгэн бол эх эцэг нь хичнээн сайхан ажил хийдэг, хөрөнгө чинээтэй байгаад миний үнэлэмж буураад ирдэг. Бүтэлгүй хүүхэдтэй хүнийг би лав баян хүн гэхгүй. Харин бусдаас овойж оцойгоод байхгүй ажил төрөл эрхэлдэг ч, энгийн амьдралтай хэдий ч хүүхдүүд нь хүмүүжил сайтай, боловсролтой, ааль зан сайтай бол би тэднийг дажгүй сайн хүмүүс байна даа гэж бодно. Сайхан хүүхэд төрүүлж, зөв зүйтэй өсгөсөн бол тэр яах аргагүй баян хүн. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэнэ гэдэг сайн үртэй хүнд л зориулсан үг биз ээ.
10 жилийн минь нэг найз байдаг юм. Манийг бодвол хөрөнгө чинээтэй айлын хүү хэдий ч тэр арвич хямгач, цэвэрч, хүмүүжилтэйг нь яана гээ. Найзыгаа бодох бүр аав ээжийнх нь ухааныг биширдэг юм. Харин, боломжийн амьдралд зүтгэж хүрсэн зарим хүмүүс хүүхэддээ "Өөрийнхөө өмсөж зүүж, идэж ууж байснаас илүүг хүртээнэ" гээд хэт эрхлүүлж орхих юм. Юугаар ч дутаалгүй бүх юмыг нь хангаад өгөхөөр хүнд хүсч тэмүүлэх, зорих зүйл үгүй болчих нь ойлгомжтой шүү дээ. Гэртээ дур зоргоороо өссөн зорилгогүй нөхдүүд нийгэмд ч эрх дураараа байх гээд байх нь гачлантай.
Дундаж давхаргын зарим хүмүүс болохоор хүүхдээ "Бусдын хүүхдээс дутаахгүй юмсан" гэж хуруу хумсаа хугалчих шахна. Хүүхдийнхээ зүйл бүрийн хэрэгцээг хангах гэж есөн шидийг хийнэ. Мөнгөний хойноос гүйгээд хүүхэд нь хэнтэй юу хийж явааг, хичээлдээ ямархуу байгааг анхаарах сөхөөгүй. Гэтэл цаадах нь энэ хооронд "өөрийнхөөрөө" том болчихсон байдаг. Мөнгө хэрэгтэй ч анхаарал халамж илүү чухал гэдгийг зарим хүмүүст ойлгуулах юмсан.
No comments:
Post a Comment