Өчигдөр эдийн засагч Жаргалсайхан гуайн "Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?" номын (Инжинаш хэвлэлийн газар) нээлтээр хальт ороод гарав. Нийтлэлүүдээ эмхтгээд ийм нэртэй ном болгосон юм байна. 30% нь цоо шинэ агуулга гэв үү дээ...
Энэ ёслолын арга хэмжээний талаар "Номын ертөнц" зэрэг номын нэвтрүүлгээр гарах байх. Уг нь бичлэг нь байвал энд тавьчихмаар байна. Нэгэнт байхгүй тул Жаргалсайхан хэлсэн үгээс таалагдсан хэсгээ өөрийнхөө үгээр найруулан буулгая:
Монгол Улс хэтэрхий улстөржсөн байна. Саяын сонгуульд ямар их мөнгө хийсэв...Иргэний нийгэм гэдэг нэг ёсондоо мэдлэгтэй нийгмийг хэлдэг. Мэдлэггүй нийгэм болохоор хүмүүс олноороо улс төр рүү зүтгэж байна. Мэдлэгтэй нийгмийг бий болгоход хэвлэл мэдээлэл чухал боловч миний анзаарснаар Монголд сэтгүүлчдийн дунд хурц өрсөлдөөн үйлчлэх боломжгүй юм байна. Учир нь бүгд л цаагуураа улс төртэй холбоотой, юу ч бичиж байсан ивээн тэтгэгчтэй байж байдаг. Тэгвэл блог, фэйсбүүк, твиттер зэрэг бол маш хүчтэй зэвсэг юм. Ийм нийгмийг бий болгохын тулд бүгдээрээ бичицгээе! Эрүүл нийгэмд иргэн хүн хувийн компанид ажиллаж 3 сая төгрөг авах уу? Төрийн байгууллагад 1 сая төгрөг авах уу? гэдгээ шийдэх болно.
Их чухал үг хэлжээ. Би урьд өөрийн бичгээ голон голон нийтлэлгүй орхидог байсан бол одоо "үүрэг"-ээ ойлгоод муу, сайн гэлгүй бичье гэж бодох болсон. Тоон дундаас цөөн хэдэн хүн тоох юм гарах байлгүй дээ :-)
ReplyDelete