--------------------------------
Даншари хэмээх 3 ханз үсгийн нийлбэр үг нь "Эд зүйлээ цэгцлэх замаар өөрийгөө таньж, сэтгэл доторх эргэлзээг тайлж амьдралаа таатай болгох" гэсэн утгатай ажээ. Энэ нь зөвхөн гадна талын өөрчлөлт төдийгүй дотоод өөрчлөлт буюу сэтгэл санааны өөрчлөлт юм.
Орчин үеийн хүмүүс бидэнд "эд юмыг гартаа оруулах" нь хялбар болсон бөгөөд хүн хялбар зүйлд толгойгоо ажиллуулдаггүй. Харин авмаар санагдаад авсан зүйлийнхээ хагасыг хая, орхи гэхээр илүү хэцүү байдаг гэнэ.
Даншарийн хамгийн чухал нь орхихдоо биш "ирээдүйд орхихоос өөр аргагүй болох зүйлийг хийхгүй, эхлүүлэхгүй" байхдаа байдаг. Ерөөс даншари сэтгэлгээнээс бизнест санаа авч ашиглууштай зүйл маш их, бизнес ухаантай тун дөт ойр зүйл ажээ.
"Стратеги гэдэг орхихын нэр" гэсэн үг байдаг. Энэ үгийн утга бол хөрөнгө мөнгө, менежментийн нөөц хязгаарлагдмал нөхцөлд ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд нөөцийг төвлөрүүлөх хэрэгтэй, төвлөрүүлнэ гэдгийг эсрэгээр хэлбэл "бусад зүйлийг орхихгүй бол болохгүй" гэсэн үг юм.
Тэгэхээр, Даншари бол нэг ёсондоо "одоогийн байдал хамгийн зөв байгаа эсэхийг" үргэлж өөрөөсөө асууж, түүнийхээ хариултыг эрэлхийлэх явдал болно.
Нэгдүгээр бүлэг. Даншарийг хэрэгжүүлснээр бизнес амжилттай явна
Даншарийн 2 төрөл байдаг:
1. Урагшаа даншари - Бизнесийнхээ ирээдүйг бодож, санаачлага гарган "хязгаарлагдмал менежментийн нөөцөө илүү өгөөжтэй бизнес рүү шилжүүлэхийн тулд" хийдэг алхам. Ө.х, аливаа бизнес, бизнесийн чиглэлийг үнэ цэнэтэй байгаа дээр нь зориуд орхих.
2. Ухраа даншари - Аль нэг бизнесээс гарах, үйлдвэрлэлийн аль 1 дамжлагыг зогсоох, борлуулах нутаг дэсвгэр, сүлжээ дэлгүүрээ хаах зэрэг яах ч аргагүй нөхцөл байдалд орсноос болж шийдвэр гаргахыг ийн нэрлэнэ. Үүнд цомхотгол зэрэг орно.
Ер нь хүмүүс бизнесээ өргөтгөх тухай ярих хүн олон байдаг ч юуг орхих, болих талаар ярих хүн цөөн байдаг. Хаяна, орхино гэдэг хэлэхэд амар ч хийхэд хэцүү. Бизнес томорч, аливаа нэг нөөцийг амархан төвлөрүүлдэг болоод ирэхээрээ "компанийн нөөц хязгаарлагдмал" гэдгийг санаж, ямарваа хязгаарлалтгүй болчих нь бий. Хязгаарлалт байхгүй нөхцөлд бүтээлч, стратегич сэтгэлгээ огт төрдөггүй. Том байх тусмаа хаана юуг орхиж, гээхийг харах, даншари хийх хэцүү болдог.
Бизнес явуулж байхад ойчдог нэг занга бол "Нийлүүлэгчийн байр сууринаас харах" гээд байдаг хэвшил юм. "Үйлчлүүлэгдэд өгөх үнэ цэнэ"-ээ нэн түрүүнд бодолгүйгээр "Илүүдсэн хүний нөөцийг ашиглах", юмуу "Зах зээл өснө", "Ийшээ орвол ашиг их олно", "Чадах юм чинь" "Бусад компанитай хийх өрсөлдөөний шаардлагаар" гэсэн шалтгаануудаар бизнес эхлүүлсэн компани үйлчлүүлэгчээ анхнаасаа бодоогүй тул яалт ч үгүй орхих, гарах сонголт хийхээс өөр аргагүй болдог.
Хоёрдугаар бүлэг. Орхиж чадахгүй байх шалтгаан ба шалгуур
Яагаад орхиж чаддаггүй вэ? Хэд хэдэн шалтгаан байдаг.
- Компанийн удирдагч хүн одоогийн компанийн хүрээд байгаа байр байдалд хамаатай шийдвэрүүдэд оролцож ирсэн учраас өөрийгөө үгүйсгэх болчихдог. Энэ нь эцэстээ гадны мэргэжилтэн, удирдагч нарыг авчрахад хүргэдэг ба тэд асуудлыг төвөггүй олж харан зоригтой даншари хийж чаддаг.
- Амжилт олсон өмнөх туршлага, ажилчдаа бодох зэрэг "сэтгэлийн асуудлууд"
- Бизнес эрхлэгчид тогтвортой ашгийг хүсдэг. Тиймээс цогцолжсон бизнес буюу зэрэг зэрэг олон бизнес хийж "ямар нэг юм болоход зориулсан хөрөнгө мөнгө"-тэй байхыг боддог. Гэвч үүнд маш том сул тал бий. Бизнес нэг бүрийнх нь өрсөлдөх чадварт асуудал үүсэх өндөр магадлалтай бөгөөд нэг нь алдагдалтай ажиллаж, нөгөө нь гайгүй ашиг хийхэд "байх л зүйл" гэж боддог. Тэгвэл энэ "харилцан нөхөх" арга хүчтэй байсан бизнесийг сулруулж, сулхан байсан бизнесийг хэрэгцээнээс нь илүү удаа хугацаагаар оршин тогтнох болгочихдог.
- Дээр дурдсанчлан "нийлүүлэгчийн байр сууринаас харах"
Тэгвэл юуг орхиж, юунаас татгалзах, тэгээд юуг сонгох вэ гэдгийг бодоход ямар зүйлийг шалгуур болгох хэрэгтэй вэ?
- ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨГӨХ ШИНЭ ҮНЭ ЦЭНЭ юу вэ гэдгийг эн тэргүүнд бодох.
- Алдагдсан боломжийн зардлыг тооцох
- Үлдээх шалтгаандаа логик тайлбар хийж чадах уу?
Гуравдугаар бүлэг. Өөрсдийн давуу тал, байршлыг тодорхойлох
Ер нь өөрийгөө буруу таниснаас хэрэггүй бизнес эхэлдэг. Зөв бизнес эхлэе гэвэл өөрийгөө зөв таних, байршлаа зөв тодорхойлох болно. Гэвч энэ нь тийм амархан биш.
Mitsukoshi шиг 20 гаруй их дэлгүүрээс нь 3-хан нь тогтмол ашиг оруулж байхад "Бид мерчандайзингаар чадварлаг болохоор" гэж эндүүрч, өөрсдийгөө "Японд номер 1 их дэлгүүр" гэж тодорхойлчихвол эцэстээ тэдэн шиг л ямар нэг том компанид нэгдэхээс аргагүйд хүрнэ.
Даншари бол бизнесийн стратеги: Зах зээлийн орчин (үйлчлүүлэгчийн хэрэгцээ), өрсөлдөгч тал, өөрийн компанийн нөөцөд тулгуурласан өөрийн компанийн өрсөлдөх давуу талыг хамгийн сайн гаргаж чадах байлдааны тактик, тулалдах газраа тодорхойлох нь бизнесийн стратеги юм. Өөрөөр хэлбэл стратеги гэдэг ганцхан байна гэсэн үг биш юм. Өөрийн байр суурь, орчноос хамааран огт өөр байна.
Бизнес дэх даншарид, юуны өмнө өөрийн компани юу хиймээр байгаа болон хаана гол тулааныг хийх вэ гэдгийг шийдэж, бусад хэсгийг орхих гэдэг үндсэн зарчим үйлчилдэг.
Дөрөвдүгээр бүлэг. Даншарийг хэрэгжүүлбэл ажил урагштай явна.
Энэ бүлэгт Бизнесч хүний танилын харилцаа, Бизнесч хүний цаг, Карьер төлөвлөгөө зэргийн талаар болон ажил хэрхэн дааж авах, даалгах тухай нарийн ширийн зүйлс бичжээ. Жишээлбэл, цаг ашиглалтын тухайд зохиогч "Хагас албадлагын байдалд өөрийгөө оруулж өөрөөр хэлбэл 2 дахин их ажил авч байж цаг ашиглаж сурна. Зав зай нь яг таарсан ажил хийгээд бол сайжирна гэж байхгүй."
Мөн, бизнесч хүний зорилгоо биелүүлэхийн тулд дараах 3 чадварыг эзэмших хэрэгтэй гээд нэг бүрийг нь дэлгэрүүлсэн байна:
- Асуудал шийдвэрлэх чадвар
- Мэргэжлийн чадвар
- Суралцах чадвар
Шигтгээ. Японы алдарт зохиолч Шиба Рёотаро Монгол хүнийг "Гайхалтай эдийн шуналгүй" гэж үнэлж байжээ. Нүүдэлчид гэр хэмээх нүүдлийн сууцанд, илүү зүйлгүй аж төрдөг. Нэгэн алдартай архитекторчийн хэлснээр монгол гэр бол дэлхий дээрх хамгийн энгийн бөгөөд ухаалаг шийдэлтэй сууц гэнэ. Амьдрах орчин, нөхцөл нь монгол хүнийг эдийн шуналгүй болгож, шуналгүй монгол хүн хүчтэй байдаг байна. Тэд гэр бүл, байгаль ахуйдаа санаа тавьж, сэтгэлээрээ дүүрэн байх нь аз жаргал гэдгийг мэдэж, танихгүй хүн гэрт нь ирэхд хоол унд өгөн унтуулаад явуулдаг. Хулгай зэлгий байхгүй тул аюулгүй. Одоо тэгвэл тэд ямар болов? Ихэнх нь хотод амьдрах болж, улмаар олон монголчууд шуналын тулам гэхээр болж хувирчээ. Эдийн зүйлийг хуримтлуулъя гэх бодолтой байдаг болж, байхгүй бол атаархаж, эд зүйлд бүхнээ зориулдаг. Энэ нь байнга сөрөг бодлын эх үүсвэр болдог.
Хотжихоор ихэнх монголчууд шуналтай болчихдогийн учир нь нүүдэлчин монголчуудад хэзээд хоол унд нь бэлэн байдаг, Япон зэрэг ургацаа хүлээдэг тариачин үндэстнийг бодвол хөдөлмөрлөснөөс хойш ашиг шимийг нь хүртэх хүртэлх хугацаа тун богино болохоор "яаж ийгээд болно доо " гэсэн өөдрөг үзлийнх аж.
Энэхүү өөдрөг үзэл, эдийн шунал 2 нэгдэхээр юу болох вэ? Хэрээ мэдэхгүй хэрэглэх болдог аж. "Ердийн япон хүн жилийн орлого нь 5 сая иен байлаа ч 5 саяын машин авч унахгүй биз дээ? Монгол хүн бол 5 саяын орлоготой бол дээр нь зээл тавьж байгаад 7 саяын машин худалдаж авахыг бодно" Энэ бол япон, монгол хүний ялгааг сайн мэдэх монгол хүний үг юм.
No comments:
Post a Comment