Saturday, June 30, 2012

Т.Жефферсоноос хуралд хэрхэн бэлдэх талаар суралцах нь




Томас Жефферсон хуралд хэрхэн амжилттай бэлдэж, өөрийн санаа бодлыг бусдаар хэрхэн дэмжүүлэх талаар бидэнд бэлээхэн сургаад өгчээ. Доорх түүхийг Thomas Jefferson, Jefferson and His Time номоос авав:




Виржиниагийн Их Сургуулийг үндэслэн байгуулах санааг мань хүн анх сэдсэн хэдий ч тус байгууллагын удирдах зөвлөлд өөр өөрийн гэсэн ашиг сонирхол, төлөвлөгөө бүхий олон төрлийн хүмүүс багтан байр сууриа эзлэхийг хичээж байв.

Тэднийг асуудлуудыг цэгцлэн шийдэхээр анх удаагаа хуралдахад Жефферсон архитекторын зургууд, барилгын болон үйл ажиллагааны нарийвчилсан төсөв, санал болгох сургалтын хөтөлбөр хийгээд Европоос зээлдмээр байгаа тэнхим факультетийнхаа нэрсийг хүртэл нямбай гэгч нь бэлдсэн байв. Хурал дээр түүн шиг сайн бэлтгэлтэй хүн байгаагүй болохоор ирэгсэд Жефферсоны буулгасан дүр зургийг дагахаас аргагүйд хүрч, улмаар Виржиниагийн Их Сургууль голчлон түүний төлөвлөгөө ёсоор байгуулагджээ.

Эцэстээ төлөвлөснөөс нь хамаагүй их төсвөөр барилга баригдсан, ерөөс түүний гаргасан олон олон санаа янз бүрийн шалтгаанаар хэрэгжээгүй хэдий ч хуралдаж байх үес Жефферсон энэ бүхнийг сайн мэдэж байсан биз ээ. Дээрх байдлаар маш сайн бэлтгэлтэй орсон нь түүний стратеги байж. Хурал дээр маш бодитой, далайцтай сайтар бэлдсэн санал дэвшүүлмэгц бусад нь үүнд ердөө л нэмэлт өөрчлөлт санал болгох үүрэгтэй болсон бөгөөд ингэснээр явж явж төслийн (буюу ажлын) ерөнхий хэлбэр, чиг баримжаа, цаашлаад төлөвлөгөө зэрэг нь түүний хүссэнээр гарч ирсэн аж.

No comments:

Post a Comment