Saturday, October 6, 2012

Book review: Outliers or The Story of Success

Юм уншиж явахад энд тэнд нэлээн тааралддаг, New Yorker сэтгүүлийн сэтгүүлч Malcolm Gladwell-ын 2008 онд бичсэн, тухай үедээ нэлээн сенсааци тарьж байсан дээрх номыг уншлаа.

Зохиогч номын эхэнд ямар ч мундаг, авъяастай хүн байлаа ч хэзээ ч ганцаараа, бор зүрхээрээ амжилтад хүрдэггүй юм хэмээн бүтээлийнхээ гол санааг өгүүлж, үүнийгээ батлахаар цааш маш олон сонирхолтой жишээ, судалгаа дэвшүүлэн бичжээ.

Өөрөөр хэлбэл, аливаа ажил салбарт өндөр амжилт үзүүлнэ гэдэг хувь хүний өөрийнх авъяас, зан чанараас гадна төрж өссөн орчин нөхцөл (one's family, birthplace, even birthdate, and cultural legacy), аз эз (given opportunities) их нөлөөтэй байдаг,  амжилтын цаана эдгээр хүчин зүйлийг холбосон тодорхой логик байдаг юм шүү, тиймээс тэрхүү логикыг харгалзаж үзсэний дүнд хүн ирээдүйгээ ямар нэг хэмжээгээр таамаглах,  нөөц бололцоогоо дээд зэргээр гаргах боломжтой гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Ном Opportunity, Legacy гэсэн 2 бүлэгтэй.

-Битлз, Билл Гэйтс нар яагаад бусдаасаа "тасарсан" бэ? -Азиуд яагаад математикт гаргуун байдаг вэ? -Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүн яагаад кареергүй болсон бэ? ....

Битлз амжилтад хүрэх гал эрмэлзэлтэй (passion), авъяастай (talent) байсан. Тэд ахлах сургуулийн хамтлаг байхдаа Хамбург хотын клубт цэвэр тохиолдлоор уригдсан  (opportunity) нь тэдний ирээдүйн замыг засчээ. Тэд тэнд маш удаан хугацаанд хамтдаа тоглон өөрсдөдөө итгэлтэй болж, АНУ-д газардахад аль хэдийнэ 10000 цагийг (тус номонд гардаг аливаа ажил, мэргэжилд дээд зэргээр мэргэшихэд 10000 цаг зарцуулсан байх ёстой гэсэн дүрэм - hard work) зарцуулаад байжээ. Харин Билл Гэйтс чинээлэгдүү айлд төрсний ачаар 1968 онд 13-хан настай байхдаа сургууль дээрээ тухайн үед маш ховор компьютер дээр ажиллах боломжтой болсон байдаг. Гал эрмэлзэлтэй, авъяастай байсан Б.Гэйтс энэхүү алтан боломжийг алдсангүй, улмаар маш их цагийг дуртай зүйлдээ зарцуулан амжилтад хүрчээ. Азиудын хувьд будаа тариалдаг эртний уламжлал нь энэ хүмүүсийг айхавтар ажилч хичээнгүй, тэвчээртэй болгосон болохоор тэд махруу зан шаарддаг математикийн ухаанд илүү сайн байдаг ажээ. Харин дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүн ядуухан айлд төржээ. Ийм айлын эцэг эх хүүхдээ хүмүүстэй хэрхэн харьцахыг зааж өгөхдөө нөгөө зиндааны эцэг эхчүүдээс хавьгүй тааруу байдаг байна. Энэ бол түүний "зэвэрсэн"-ий учир юм.

Дээр "Монгол тулгатын 100 эрхэм" нэвтгүүлгээр МCS-ийн Оджаргал захирлын ярьж байгааг сонсоход би их азтай хүн гэж байсныг санаж байна. Тэрээр бага байхдаа ах дүү 5-уулаа аав ээжээсээ өнчирсөн юм билээ. Тэр мэдээж бизнесийн мэдрэмжтэй (talent), гал эрмэлзэлтэй (passion), хөдөлмөрч (hardwork) байсан байж таарна. Гэхдээ Монголын №1 бизнесмен болоход төрж өссөн орчин нөхцөл хийгээд аз (opportunity) зайлшгүй нөлөөлөө болов уу. Өвгөнтийн архичид ч гэсэн дээ буруу цаг үед төрсөндөө л дэндүү арчаагаа алдаа биз. 20 жилийн дараа төрчихсөн бол шилжилтийн тэр ширүүн үед биш өдийд, архины татвар нэмэгдсэн энэ үед арай гайгүй зэрэгтэй гудраад явж байх байж дээ.

Та амжилт үзүүлэхэд бидний орчин нөхцөл, аз эз нөлөөлөх нь мэдээж ойлгомжтой зүйл байна шүү дээ гэж бодож магадгүй. Миний хувьд лав тэгтлээ эргэцүүлж боддоггүй байж. Тэгээд эдгээр зүйлсийг өөртөө ч тэр, улс орондоо ч хамаатуулан бодлоо. Би, бид ямар хүмүүс байсан бэ? Хуучнаасаа юу өвлөв? Одоо ямар байна? зэрэгт дорвитойхон, бэлэн хариулттай явж байх ёстой гэж санав. Тэгвэл -Ирээдүйд ямар болох ёстой вэ? гэдэгт хариулахад илүү дөхөм болох нь ойлгомжтой.



1 comment:

  1. энийг нэг уншъя гэж бодоод л яваад байгаан. Сайхан пост!

    ReplyDelete