Wednesday, October 3, 2012

Хөгжлийн талаарх бодол

Миний бие саяхан Зориг сангийн Young leadership program хэмээх 22-25 насны ажлын талбарт гараад удаагүй залуусыг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд татан оруулах зорилготой хөтөлбөрт материалаа өгсөн юм. Шалгаруулалтын эссэ нь "Монголын хөгжлийн өнөөгийн чиг хандлага зөв үү, буруу юу? " гарчигтай байсан бөгөөд өргөн хүрээтэй энэ сэдвээр зарим нэг санал дэвшүүлснээ энд толилуулъя: 
-------------------------------------------------------------------------


(Part 2)

Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ямар байх ёстой вэ?

Улс нийгэмд маань дээр дурдсан шиг тулгамдсан асуудал цөөнгүй байвч өөдрөг залуу хүний хувьд илүү сайхан ирээдүй өмнө минь дурайж байна гэдэгт, улс орон маань цагаас цагт урагшилж яваа гэдэгт би эргэлзээгүй итгэдэг. Чухамхүү хөгжлийн энэ хурдыг улам түргэтгэх юмсан, залуу халуун насандаа хөгжингүй оронд амьдрах сан гэж хүснэ. Тиймдээ ч үүний тулд би хийх ёстой вэ гэж өөрөөсөө асууж, эхлээд “биеэ засъя, биеэ засаад гэрээ засъя, гэрээ засаад нийгмээ засъя” хэмээн өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй залуучуудыг хамруулах тус хөтөлбөрт багтахыг туйлаас хүссэн билээ.

Миний бие эх орноо хөгжүүлэхийг хүсэгчдийн адил бусад улсын өндөр хөгжилд хүрсэн түүх, арга замыг сонирхон уншиж, чих тавьж явдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор 2011 онд АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг Бэнжамин Франклины намтрыг (The autobiography of Benjamin Franklin) эх хэл рүүгээ орчуулан хэвлүүлсэн юм. Эдгээр туршлага болоод үзэл бодолдоо үндэслэн би дараах зүйлсийг манай улс хөгжлийн бодлогодоо тусгах, онцлох хэрэгтэй гэж үздэг:

НИЙГЭМЖИЛТ КАПИТАЛ (Social capital) ба ЖИНХЭНЭ ЛИДЕРҮҮД (True leaders): Манай улс үндсэн хуулиндаа “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна” гэж заасан хэдий ч шилжилтийн нийгмийн өнгөрөгч жилүүдэд хуулийн цоорхой ашигладаг, хэнэггүй завшиж чаддаг нь хождог, ёс суртахууны үнэлэмж ихээхэн уналтад орсноос хүнийг хэмжих зүй ёсны үнэт зүйлс хөсөр хаягдаад байв. Тэгвэл эдүгээ шинэ нийгмийн маань үндсэн элементүүд, хууль эрхзүйн орчин, институтууд нэг үеэ бодвол бэхжих хандлагатай болжээ. Цаашид манай орон жам ёсныхоо хөгжлийн дагуу нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлийг шаардаж эхэлнэ. Иймийн учир зөв сэтгэлийг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дах зөв үнэлэмжийг дээдлэгч шинэ үеийнхэн нэгдэн нягтарч, түрэн орж ирэх зайлшгүй хэрэгтэй байна. 

Иргэний нийгэм гэдэг иргэд нь нийтээр даган мөрдөх итгэл үнэмшилтэй, ёс суртахуунтай байхын сацуу нийгмийн зохицуулалтад сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцдог байж цогцолдог гэдэг. “Бэнжамин Франклин: Миний намтар” номонд Америкын колониуд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлахаас өмнө иргэд нь хэрхэн хоорондоо нэгдэн нягтарч, мэргэжлийн клуб, хандивын сургууль, буяны эмнэлэг зэрэг сайн дурын байгууллагуудыг олноор байгуулан нийгмээ байгуулж байсан тухай гардаг. Ингэж хүмүүс хоорондоо ИТГЭЛЦЭН (trust) хамтрах ЁС ГОРИМ (norms) тогтоон ДЭМТ ХАРИЛЦАА (networks) үүсгэсний дүнд НИЙГЭМЖИЛТ КАПИТАЛ (social capital) хэмээх хөгжлийг хангагч хүчин зүйл хуралдан бий болдог гэж Харвардын их сургуулийн эрдэмтэн Р.Д. Патнам үзсэн байдаг юм билээ. 

Тэгвэл энэ шинэ үеийнхнийг хүчээ нэгтгэхэд тэднийг түүчээлэн удирдах алсын хараатай, үүрэг хариуцлагаа ухамсарласан лидерүүд (элитүүд) зайлшгүй хэрэгтэй. Манай өнөөгийн нийгэмд өндөр мэдлэг чадвартай, бусдадаа үлгэрлэдэг, хэлсэндээ хүрдэг, хүрдэггүй юмаа гэхэд хариуцлагаа хүлээдэг, ёс суртахуунтай, тийм лидерүүд маш их үгүйлэгдэж байна. Монгол улс маань хөгжье гэвэл ийм лидерүүдийг хурдан бэлтгэх, бэлтгэгдсэн нэгийг нь байх ёстой газар нь саадгүй авчрах ёстой бөгөөд чухамхүү тэд л эргээд бусдыгаа үлгэрлэн дагуулж, соёлжин гэгээрүүлж, хамтдаа хөгжингүй нийгмийг бүтээж чадна.

ЭНТРЕПРЕНЕРШИП (Entrepreneurship): Энтрепренершип хэмээх монголчуудад тийм ч танил бус энэ ойлголт нь сүүлийн үед эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг тухай хөгжингүй орнуудын жишээн дээр яригдах боллоо. Аливаа инновацийг шинэ санаа санаачлага, бизнесийн авхаалж самбаа, санхүүгийн хөрөнгө нөөц гарган эдийн засгийн бараа бүтээгдэхүүн болгон хувиргадаг хүнийг энтрепренер гэдэг. Ихэвчлэн бизнес дээр яригддаг байсан тус ухагдахууныг сүүлийн үед нийгмийн энтрепреншип (social entrepreneurship), улс төрийн энтрепренершип (political entrepreneurship) хэмээн өргөн хүрээтэй хэрэглэдэг болж байна. Энтрепренер хүмүүс бүтээгч шинж чанартай бөгөөд өрсөлдөх давуу талаа сайн хөгжүүлдэг, дасан зохицомтгой, зөв эрсдэл хийдэг, соргог шалмаг байж сайхан боломжийг алдахгүй байдаг онцлогуудтай. 

Бичил санхүүгийн анхдагч гэгддэг Бангладешийн банкир Мухаммад Юүнэс банкнаас зээл авахгүй чадамжгүй ч зээлээ эргэн төлөх магадлалтай энтрепренерүүдэд ямар ч барьцаагүй бичил зээл олгон ихээхэн нэрд гарч 2006 онд Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн билээ. Тэрээр “Хүн гэдэг төрөлхөөсөө энтрепренер байдаг. Бид агуйд байхаасаа л хоолоо олж, өөрсдийгөө тэжээн, ажлаар хангадаг байв. Гэвч соёл иргэншлийн нөлөөгөөр бид энтрепренер шинжээ алдан жирийн ажилчид болж, энтрепренерүүд гэдгээ мартсан юм...” хэмээн энтрепренер сэтгэлгээ хүмүүсийг, улс орныг хөгжүүлдэг болохыг онцолсон нь бий.

Тэгвэл монголчууд бид энтренершип сэтгэлгээгээ хөгжүүлэх вэ? Миний бодлоор, хүсэл байвал энтрепренершипийг дэмжих тийм хэцүү биш ээ. Сургууль төгссөн залуус маань хүнд суртлын үүр уурхай гэгддэг төрийн алба руу шургалах бус хувийн салбарт хүчээ сорин баялаг бүтээх, гэр бүлийнхэн нь үүнийг дэмжихээс эхэлнэ. Иргэд нь уул уурхай биднийг хөгжүүлэхгүй гэдгийг сэхээрч, энэ хоёр аварга хөршийн дунд бид эдийн засгаа хэрхэн эрүүлээр хөгжүүлэх вэ? гэж байнга санаж сэрж явахаас энэ процесс эхэлнэ. Саяхнаас манай зарим нэг дээд сургууль энэ чиглэлээр элсэлт авч эхэлж байгаа нь, зарим залуус өөрийгөө энтрепренер хэмээн нэрийдэж нийгэмд баялаг бүтээхээр тэмүүлж буй нь тун сайшаалтай хэрэг бөгөөд эдгээрийг дэмжээд өгвөл энтрепренершипийн хөгжилд ихээхэн тустай болов уу. 

Хүн ам цөөтэй, хүчирхэг хөршүүдтэй манай улс ижил төстэй Швейцарь, Сингапур зэрэг орнуудын жишгээр мэдлэг боловсролыг өрсөлдөх давуу талаа болгон хөгжүүлэх, УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хэлдгээр Minegolia бус Mindgolia болох зайлшгүй шаардлагатай. Бүх иргэд нь дор хаяхад англи хэлээр чөлөөтэй ярьдаг, аливаа технологийн дэвшил, инновацийг хурдан шалмаг нэвтрүүлдэг байж гэмээнэ хөршүүдээсээ хамаарал багатай, өөрийн гэсэн хөгжлийн хөшүүрэгтэй болох юм.

No comments:

Post a Comment