Tuesday, September 4, 2012

A tale on editing

"Тусгаар тогтнолын тунхаг бичиг"-ийг Томас Жефферсон 33-хан настайдаа зохиосон билээ. Тус бичгийн эхийг гаргах комисст Бэн Франклин, Жон Адамс нарын 5 хүн багтсан ч колониудыг нэгтгэх саналыг анх гаргасан Виржиниа мужийн төлөөлөгч Т.Жефферсон гол ачааг үүрчээ. Тэрээр эхийг гаргамагцаа Жон Адамс-д илгээн саналыг нь аваад Франклинд хүргүүлсэн бөгөөд үзэл бодол нийлдэг цаадах нь цөөн засвар хийж, цааш Конгрессоор хэлэлцүүлэхээр болжээ. Гэтэл Конгресс Жефферсоны эхийг хянамгай хэлэлцэн нэлээд засвар хийж, бүр сүүлийн 5 параграфын талаас илүүг нь танаж орхижээ. Энэ явдал эхийг зохиогчид хүндхэн туссан нь мэдээж.

Жефферсон хожим нь "Би Др.Франклины дэргэд сууж байв. Эдгээр засварыг сайшаасангүйг минь тэр мэдэж байлаа" гэж дурссан нь бий. Тэр мөчид хөгшин Франклин залуу Жефферсонд бага залуу насныхаа нэгэн явдлыг ярьж өгч тайвшруулжээ. Түүнийг залуухан хэвлэгч байхад нэг найз нь гутлын бизнест хүч сорихоор шийдэж, дэлгүүртээ хаяг хадах болжээ. Энэ тухай Франклин:

Тэр малгайны зураг зураад дэргэд нь "Малгайчин Жон Томпсон малгай хийн бэлэн мөнгөөр худалдаж байна" гэж бичжээ. Гэсэн ч найзууддаа үзүүлж саналыг сонсохоор шийдэж. Эхний найз нь "малгай хийж байна гэж биччихсэн юм чинь малгайчин гэх үгээр юу хийнэ" гээд хасжээ. Дараах нөхөр нь "бас малгай хийж байна гэдгийг хасчих, тэртэй тэргүй худалдан авагчид малгайг хэн хийснийг сонирхохгүй шүү дээ" гэжээ. Гуравдах нь "бэлэн мөнгөөр гэдгийн хэрэг алга, авсан хүн мөнгөө төлөх нь ойлгомжтой" гэв. Ийнхүү хаяг "Жон Томпсон малгай зарж байна" гэж уншигдахаар болов. Гэтэл бас нэг найз нь "Малгай зарах аа? Ер нь чиний малгай зарах хүмүүст тийм л хамаатай байв гэж дээ" гээд бас хасуулчихав. Ингэснээр өнөөх бичиг ердөө л "Жон Томпсон" болж, малгайн зурагны дэргэд хадагджээ.





No comments:

Post a Comment