Wednesday, January 30, 2013

Хичээнгүй чанар

Академич Д.Цэрэнсодномын "Ардын өврийн ном"-оос:

...Халх Сэцэн хан аймгийн Дарьгангын хошууны Доной ноён гэж нутаг усандаа нэртэй сайн бичээч хүн байжээ. Доной ноён бичиг номын хүн байсан тул ноёнсог зан үгүй, харин нутгийнхаа залууст бичиг ном зааж өөрийн биеэр үлгэр дууриал болж байсан гэдэг.

Түүний хичээнгүй шавийн нэг бол Монгол Улсын Ерөнхий сайд агсан Ц.Жигжиджав юм. Ерөнхий сайдын төрсөн эгч миний нагац эх ярихдаа: "Миний дүү ном сурахын төлөө дэндүү хичээнгүй хүн байлаа. Үхэр тэрэг унаад юманд явахдаа үхрийн хоёр эврийн хооронд номын үсэг (манж хэл сурч байв) бичээд түүнийгээ уншиж цээжлэж явдагсан" гэж ярьж байж билээ. Энэхүү хичээнгүй чанарын үлгэр дууриаллыг манай нутгийнхан одоо болтол дурсан ярьдаг юм....

Уншаад л бай

Нэлээн дээр үед би энэ нийтлэл-ийг олж уншаад ихэд олзуурхаж билээ. Үүнийг бичигч миний адилаар их уншихыг хичээдэг ч их мартдаг гэнэ. Гэвч тэр уншсаар л, шимтсээр л...Учир нь та бидний уншсан бүх зүйлийн 99% нь мартагдлаа ч, үлдсэн 1% (магадгүй 0,1%) нь буюу олж үзсэн ганц, хоёрхон өгүүлбэр  л амьдралыг маань өөрчлөх чадалтай аж! Үүнийг уншсаны дараа би өөрт минь үнэхээр хэрэг болох, таашаал өгөх, ямархан нэгийг  бүрнээ ойлгуулах тийм л үг, өгүүлбэрийг шүлэнгэтэн хайж уншдагаа улам бүр анзаарах болсон юм.
Тэгэхээр уншаад л бай, уншаад л бай. Уншсан бүгдээ санахыг хичээх хэрэггүй. Санаж буй ганц л өгүүлбэр чинь таны амьдралыг өөрчлөх чадалтай!
------------------------------------------------------
Is reading worth the time investment when so much is forgotten? John Piper says yes. 

In a message long ago (July 12, 1981) he said this:
What I have learned from about twenty-years of serious reading is this:It is sentences that change my life, not books. What changes my life is some new glimpse of truth, some powerful challenge, some resolution to a long-standing dilemma, and these usually come concentrated in a sentence or two. I do not remember 99% of what I read, but if the 1% of each book or article I do remember is a life-changing insight, then I don’t begrudge the 99%.
Read, but not to remember everything. Read because that 1% that you remember has to potential to change your life.

Although I remember only one sentence from A. Lincoln, that sentence has informed my leadership in a number of ways.

So keep reading.

Thursday, January 24, 2013

С.Зоригийн тухай яриа


Өнгөрөгч 10 сард манай YLP-гийн ангийнханд С.Зориг агсны найз байгаад сүүлд С.Оюун сайдын нөхөр болсон Энхбаяр ах найзынхаа болон гэрийнхнийх нь талаар, Зориг санг анх хэрхэн байгуулсан, ирээдүйд хэрхэн зорилготой байгаа тухай яриа хийсэн юм. Урьд сонсоогүй зүйл олонтой, сонирхолтой яриа болсон тул тэмдэглэж авснаа хуваалцюу гэж саналаа.
---------------------------


С.Зоригийн тухай яриа

 Зоригийн ээж 1936 онд төржээ. Түүний аав Оросын газарзүйч Симиков 1915 онд Козловын экспедицэд багтан анх Монголд хөл тавьжээ. Тэрээр Монголд хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд Монголын анхны газрын зургийг зурсан (тус зураг өдгөө Зориг сангийн байранд бий),  манай улсын тухай томоохон судалгаа хийсэн эрдэмтэн байв. Өдгөө Бостонд амьдардаг Наташа хэмээх охинд нь хадгалагдан үлдсэн Монголын талаарх тэмдэглэлүүдийг нь 2003 онд С.Зориг агсны ах С.Баяр шилжүүлэн авч Япон улсад Орос хэлээр судалгааны 3 боть бүтээл болгон хэвлэжээ. Симиковын тэрхүү бүтээлд “Оюутолгой гэж жижиг толгой байна. Энд асар их алт, зэс байх магадлалтай” гэж аль эрт 1930-аад оны эхээр бичигдсэн байдаг. Монголын анхны газрын зургийг зурахдаа тэрбээр Монгол улсын зах хязгаар нутгийн малчдыг эзэмшлийнх нь бэлчээртэй буюу Доржийн өвөлжөө тэнд, зунжаа энд гэх маягаар маш дэлгэрэнгүй нэг бүрчлэн бүртгэж зурсан байдаг нь Монголын газар нутгийг авч үлдэхэд ихээхэн тус болсон гэж үздэг байна. Энэ эрдэмтэн нутагтаа эхнэр хүүхэдтэй байсан хэдий ч энд Герман гаралтай Орос бүсгүйтэй дотносож Зоригийн ээжийг төрүүлсэн байна. Гэвч удалгүй ... шалтгаанаар Сибирьт цөлөгдөж тэндээ үхжээ. Энэ үеэр хүүхдийг нь асрагч нь авч зугтаснаар Зоригийн ээж хятад өвгөн, монгол эмгэн хоёрт үрчлүүлжээ.

Орос ээжтэй, Хятад өвөөтэй, Монгол эмээтэй байсан нь С.Баяр, С.Зориг, С.Оюун нарын хүмүүжил боловсрол, үзэлд бодолд багагүй нөлөөлсөн болов уу.

Харин Зоригийн аав Санжаасүрэн бол Боловсролын дэд сайд, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн декан зэрэг хүндтэй албуудыг хашиж явсан Монголын тэргүүлэх сэхээтнүүдийн нэг байж. Тэрбээр 1960-аад оны эхээр Хятадад аспирантурт (одоогийн PhD) явсан боловч 
Хятад Оросын харилцаа хүйтэрснээр нутаг буцжээ.

Зориг дунд сургуульд байхдаа мат, физикдээ сайн, улс хотын олимпиадуудад дээгүүр байр эзэлдэг байв. Баяр ах, Оюун дүү хоёр нь 23-р сургуулиа алтан медальтай төгсөж хуваарь сонгож байсан бол сайн дүн хааяа авдаг Зориг конкурс өгөн 4-р байр эзэлж шинжлэх ухаан, коммунизмын онолын чиглэлээр Москвагийн их сургуульд сурах хуваарь авчээ. Ардчиллын алтан хараацай тэр анх коммунизмыг монголчууддаа номлохоор сургуульд одож байсан нь сонин. Зориг Мосвагийн их сургуулийн тухайн үед 200 оюутныг багтааж байсан Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга байгаад сүүлд сайн дураараа хүлээлгэн өгчээ. Түүний оюутан байсан 1980-1984 он бол Горбачовын Перестройка эхлэхээс өмнөхөн үе байв. Мэдээж Орост коммунизмыг буруушаадаг тэрс үзэлтнүүд зөндөө байсан бөгөөд тэдний гар бичмэлүүдийг уншин, коммунизмын тухай маргаан, мэтгэлцээний дунд  үзэл бодол нь төлөвшиж иржээ. Баабарын орчуулж гаргасан Радзинскийн Сталин хэмээх номын гар бичмэл зэрэг хориотой материалуудыг олж ирдэг хүн нь ганц Зориг л байв. З хүн бүрийн 1 нь, 5 оюутан бүрийн 1 нь НХЯ-ын мэдээлэгч  байсан тухайн үед эдгээрийг гутлынхаа уланд нуун авч явж хөнжилдөө орон уншдаг байв. Элчин Сайдын Яам ийм балай юм уншдаг оюутнуудыг удаа дараа дуудаж, сануулга өгдөж байсан ч хашраагүй. Улмаар би (Энхбаяр ах) МХЗЭ-ийн хурлыг 160 цаг тасалсан нэрээр тус эвлэлээс буюу автоматаар сургуулиасаа хөөгдөв. Намайг хэлэлцэх хурал дээр 2 хүн босч өмөөрсний нэг нь Зориг байсан бөгөөд та нар хүний эрх зөрчиж байна хэмээн хүний эрх гэсэн ойлголт байгаагүй тэр үед эсэргүү үг унагаж байв. “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж түүний үг бий. Гэвч би энэ үгээс илүү 1983 онд (23 настай байхдаа) Чехэд сурч байсан дүү Оюундаа бичсэн захидлынх нь нэг өгүүлбэрийг уншаад үнэхээр гайхдаг юм. “Би нэг юманд санаа зовж байна. Яаж Монголыг Япон шиг эдийн засагтай орон болгох вэ?”. Улаан коммунист нийгэмд, тэр их үзэл суртал дунд, гадаад ертөнцөөс мэдээлэл таслагдмал үед юун элий балайных нь Япон бэ? Үүнээс үзэхэд тэр үеийнхнээсээ нэлээн тасархай байсан нь харагддаг.

Оросоос ирээд тэр УБ хотын Эвлэлийн хорооны зааварлагч хэсэг хийж байгаад өөрийн хүсэлтээр МУИС-ийн багш болсон. Ингэж түүний ардчиллын төлөөх идэвхитэй үе эхэлсэн. Тухайн үед залуусын 2 бүлэг байсан нь Зориг тэргүүтэй нэг хэсэг, Цогтсайхан, Бат-Үүл тэргүүтэй нэг хэсэг байв.

Ингээд ардчилсан хувьсгалыг нөхдийн хамт эхлүүлэв. Тухайн үеийн удирдагчид болох Батмөнх гуай, Жамсранжав гуай зэрэг ухаантай хүмүүсийн ачаар хувьсгал тайван замаар болж өнгөрсөн.  13 нөхөр нь өлсгөлөн зарлаж, Зориг зарлаагүй нь түүнийг ардчилсан хувьсгалын удирдагч байсныг илтгэнэ. Тайван, ухаантай, мэдлэг боловсролтой Зориг ингэж ардчилсан хувьсгалыг амжилттай удирджээ. Тэрээр АИХ-д 30 хүрэхгүй хувьсгалч депатутаар (300 гаруй нь МАХН-с байв) сонгогдсон байсан ч Ардын Бага Хурлын даргыг Ардчилсан холбооноос тавиулах тохиролцоог  хийсэн байна.  Ардчиллынхан АБХ-ын даргаар Зоригийг санал нэгтэй нэрлэж байсан ч, бодсноо хэлчихдэг дутагдалтай тэрээр хөдөөнөөс ирсэн депатутуудын асуултад “Би хөдөөний амьдрал мэдэхгүй” хэмээн хариулж, нэрээ татах байх гэж тооцсон Гончигдорж нь дээл агсан ирж гудиггүйтснээр арав гаруй саналаар Зоригийг давж АБХ-ын дарга болжээ.  Зориг үүнд болон хойшхи энэ мэт тохиолдлуудад төрөлхийн уужуу зангаа гаргаж, чимээгүй л байсан. Гэхдээ л “Хувьсгалыг суутнууд нь хийж, хулгайч нар хувийг нь хүртдэг” гэдэг шиг л юм болоод байв. Сүүлд Энхсайханы засгийн газрын сайд болоход нь би “За эрхбиш нэг тэгмээр дээ” гэж бодож байлаа. Энэ засгийн газар нийгмийн шинэчлэлийг гайхалтай эхлүүлж, ороо бусгаа цаг үед хувьчлалыг хийсэн. Зоригийн хувьд  цахилгаан станцуудыг хувьчлахыг ор тас эсэргүүцэж, улсад авч үлдсэн нь маш чухал, зөв шийдвэр байв. Аллагынх нь талаар олон таамаг байдгийн нэг нь ч үүнтэй холбоотой.

Хэргийн газрыг шинжлэхэд алуурчдад тэр маш их эсэргүүцэл үзүүлсэн байдаг. Оюутан байхдаа регбигээр хичээллэдэг байсан Зориг нам нуруутай  ч маш бядтай хүн байсан. Аллага болоод  14 жил өнгөрлөө. Олон таамаг бий. Одоо эргээд харахад гэр бүлийнхэн бидэнд нь хэргийн нотлох баримтууд, холбоотой хүмүүсийн өгсөн ярилцлагууд, ярилцлага өгөөгүй хүмүүс гээд л бүх зүйл алган дээр тавьсан мэт харагддаг, бидэнд өөрсдийн гэсэн баримжаа бий.  Үүнийгээ ч хэлэх газарт нь хэлдэг.

Зориг сан 1998 оны 10 сарын 6-нд Төрийн ордны А зааланд байгуулагдсан. Энэ санг байгуулахад Фортуна Батбаяр, ХХБ-ны Мэдрээ, Амаржаргал, Да.Ганболд зэрэг олон хүн асар их хувь нэмэр оруулсан даа.

Saturday, January 19, 2013

Бага багаар урагшлах япон философи

Өчигдөр ажлынхныгаа ярилцахыг чагнав. Хүний яриаг хүндэтгэн сонсох, ойлгомжтой зүйл ярьж байсан ч анхаарч буй дүр үзүүлэх тухай ярьж байна. Тэгээд нэг жишээ авч байх юм: Хэдэн япон зочид нэг яаманд зочилж сайд дарга нартай нь уулзаж. Гэтэл томилогдоод удаагүй (30 ч хүрээгүй байрын) дэд сайд залуу  уулзалтын турш зочдын өөдөөс нь бассан ч юмуу дооглосон ч юмуу жуумалзан инээсээр байсан гэнэ. Мэдээж япон зочид бухимдан гарч ирээд хоорондоо "Ийм залуугаараа өндөр албан тушаалд очоод энэ ч ёстой баларч байгаа залуу байна даа" гэж ярилцжээ.

Энэ баларч байгаа залуугийн жишээ нэгэн эрхэм хүний минь хэлснийг сануулав. Тэр хүн надад  яг захиас сургаал айлдаагүй ч цаагуураа нэгийг хэлэх гэсэн нь ойлгомжтой. Юу вэ гэвэл, залуу хүн бага багаар урагшлах хэрэгтэй. Ингэх нь бат суурьтай. Гэнэтхэн огло харайгаад өндөр дээр гарчихвал унахдаа амархан, бас чанга унадаг.

Мэдээж алдмааргүй боломж, амбиц хүсэл гэж байх л даа. Гэхдээ хэт хурдан өндөрт гарчих нь унах аюул дагуулдаг гэдгийг түүнээс хойш санах болж, бусдын "сонгосон зам" болоод "хурд"-ыг нэлээн ажигладаг болоо юу даа, би.