Ингээд номоо
Монголын Бизнесийн Хөгжлийн Холбооны санаачилга болох Некстжен хөдөлгөөний
дэмжлэгтэйгээр Мөнхийн үсэг ХХК-д хэвлүүлж, Интерномд 2013 оны 11 сарын 7-нд нээлтээ
хийв. Энэ үеэр Энхбат бид хоёр үг хэлж, мөн Америкт суугаа Батбаатарынхаа
явуулсан үгийг уншиж өгсөн. Мөн спонсор МБХХ-ны төлөөлөл ч сэтгэгдлээ
илэрхийлэв. Дараа нь танхим дүүрэн ирсэн зочдоос азтан тодруулж номоо
бэлэглээд, гарын үсэгтэй худалдаа явуулав. Найз нөхөд болоод зарын дагуу ирсэн
хүмүүс баяр хүргэж, “хэвлэлтийн чанар
сайн болжээ, ялангуяа хавтас нь” гэхэд би их л хөөрч, зарим нэгэнд нь “Доторх
агуулга нь хавтаснаасаа ч тасархай” гэж догдлонгуй хэлж байлаа.
Номын нээлт
болон агуулгын талаар www.news.mn
зэрэг зарим
сайтууд нийтэлж, UBS-ийн Номын ертөнц нэвтрүүлэг
сурвалжлав. Улмаар “Та өөрөө старт-ап компани” худалдаанд гарсан эхний 7
хоногтоо Интерномын №2 бестселлер болж, дараа 7 хоногт нь мөн ТОП 10-т багтав. Удалгүй “Нийслэл гайд ” сэтгүүл дээр нэгэн
уншигчийн сэтгэгдэл хэвлэгдлээ.
Үүнээс хэд
хоногийн дараа эхний уншигчид сэтгэгдлээ хуваалцаж эхлэв. Нэг найз маань “Энэ
номыг уншсан чинь яг л Блүүмберг суваг үзэж байгаа юм санагдсан” гэж билээ. Цахим
Өртөөний Жагдагдорж, Буянцогтоо, Лодойравсал нарын ах нарын урмыг үг, Твиттерийн
Танхай эмээ, Ikon.mn сайтын сэтгүүлч Болортуяа нарын талархалд баярласан гэж юүхэв. Америкт IBM-д ажилладаг Жагдагдорж
ахын хувьд 2011 оноос эхлэн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн залуу
багш, оюутнуудад “Энтрепренершип ба инновацийн хичээл”-ийг онлайнаар зааж байгаа аж. Энэ жилийнхээ
хичээлийн хөтөлбөрт “Та өөрөө старт-ап компани” номноос оруулна, орчуулдаг нь
их сайн хэрэг боллоо гэхэд нь хийсэн ажлын маань үр дүн шууд гарах нь гэж их
урамшив. Мөн номынхоо буянаар танилцсан Болортуяатай ярилцан Ikon.mn сайтад номоосоо цувралаар тавихаар
болж, эхнийхийг нь саяхан тавилаа.
Түүнчлэн “Маркетинг” сэтгүүлийн 11-р сарын
дугаарт номын хэсгээс хэвлэгдэж, олон компанийн маркетингийн албаныханд хүрэв.
Энэ мэтээр ном маань олон сувгаар хүмүүст хүрч, уншигчид сэтгэгдлээ ирүүлсээр
байна.
Маркетинг сэтгүүлийн дугаарт |
Уншигчдын санал
сэтгэгдэл дундаас “Орчуулга сайн болжээ” гэсэнд нь би юу юунаас илүү баярлаж
байгаа. Яагаад гэвэл сайн агуулгатай, монголчуудад хэрэгтэй ном гэдэгт нь би
тун итгэлтэй байсан болохоор буруу хуудуутай орчуулж, эх санаануудыг нь
тааруухан хүргэчих вий гэж, уншигчдын мэдэхгүй (Монголд дөнгөж
хөгжиж эхэлж буй энтрепренершиптэй холбоотой)
нэр томъёо олон
байсныг зөв зүйтэй орчуулсан л байгаа даа гэж эмээж байлаа.
Өнөөгийн хурдтай,
өрсөлдөөн ихт мэргэжлийн талбарт хэрхэн өсч дэвжих тухай үзүүлэхийн зэрэгцээ энтрепренершип,
старт-ап ертөнцийн талаар тун цэгцтэй мэдлэг өгөх энэхүү номыг ийнхүү орчуулан гаргав. Энтрепренершипийн талаар ийм сонирхол
татам байдлаар бичсэн ном өмнө нь Монголд бараг л гараагүй болов уу. Тиймээс миний,
бидний хувьд энэ бол том амжилт юм. Үүнийг ч батлах мэт “Та өөрөө старт-ап
компани” ном Интерномын Grandbook 2013 шалгаруулалтанд “Бизнес, эдийн засгийн ном” төрөлд аман хүзүүдэв. Бидний
ном оны сүүлээр гарсан ном болохоор энэхүү шалгаруулалтын дүнг зөвхөн борлуулалтын
дүнгээр биш бусад хүчин зүйлүүдийг харгалзан гаргасан юм байна гэж ойлгосон.
Одоо ном маань харьцангуй олон хүний гар дээр очсон тул бид ирэх 1-р сараас эхлэн уншигчдын
уулзалт зохион байгуулахаар ярилцаж байгаа. Мөн тус номд олонтаа дурдагддаг
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандбергийн шинэхэн номыг хэдэн нөхдийн хамт орчуулж буйгаа энэ далимд дуулгахад таатай байна. Дээрх холбоосоор орон like дарж, энэхүү шинэ номтой холбоотой мэдээллийг цаг алдалгүй аваарай.