Thursday, January 23, 2014

Гэгээн

Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номыг саяхан дахин нэг эргүүлж харав. Анх гарахад нь Баттогтохын тухай бичсэнийг үзээд шууд л авсан. Түүнд зориулсан "Гэгээн" хэмээх эсээнээс гадна Болд-Эрдэнэд зориулсан "Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг" гэх эсээнд Баттогтохын тухай гардаг юм. Залуу шүлэгчдийн нээлттэй хаалганы өдөр гээч юм болоход тэр олон залуусаас Дарханаас ирсэн Өлзийтөгс, Булганаас ирсэн Баттогтох хоёр л Д.Урианхай гуайд тоогдож байсныг уншихад "арга ч үгүй биз дээ" гэж бодогдоно. Ер нь би анх Баттогтохын талаар Өлзийтөгсөөс л олж мэдсэн. 2-р курсэд билүү дээ, МУИС-ийн 2-р байранд утга зохиолд дуртай залуус Өлзийтөгстэй уулзалт хийхэд, шүлэг зохиол сонирхож уншдагаас биш тэдгээр залуус шиг сүрхий мэргэшээгүй ч гэлээ, ямархуу хүн байдаг бол гэж ихэд сониучирхан очиж байсан юм. Залуус зочноос асуулт асууж эхлэх үед нэг охин Баттогтохын тухай асуув. Тэгэхэд зочин маань "Сарны охин" шүлэгнийх нь "Чиний бороо тоссон алга чинь Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм. Чиний нар ичээсэн харц чинь 'Дөрвөн уул'-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм." гэх мөрүүдийг эшлэн Явуухулангийн “...Голоос хайртай амраг минь Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа...”-гаас ч илүү гоё хэлсэн гэж боддог гээд, "Гэгээн" эсээндээ бичсэн тэрхүү дурсамжийг ярьж билээ. Ингэж л анх энэ "гэгээн" найрагчтай танилцсан юм даа.



"Гэгээн" эсээнээс миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн өгүүлбэр:

"...Маргааш нь би гараар хийсэн, болхидуу боловч бөх байрын таягийг барааны захас худалдан авч, түүнд хүргэж өгсөн. Дөнгөж уулзтал "Эмчилгээ эхлэх гээд байна" хэмээн нэг сувилагч бүсгүй яаруулаад, дагуулаад явчихсан сан. Сүүлчийн удаа Тогтохоог харсан минь тэр!

Ертөнцөөс буцах үедээ тулсан сүүлчийн таягийг нь би түүнд аваачиж өгсөн. Харин ертөнцөөс буцахдаа би, сайхан тэр залуугийн амьдралын гэрэл нэвт шингэсэн шүлгээр сэтгэлээ тулна гэж боддог."

Tuesday, December 31, 2013

2013 оны сүүлчийн бичлэг: "Та өөрөө старт-ап компани" номыг орчуулсан тухай

2013 онд миний хийсэн нэг гол ажил бол “Та өөрөө старт-ап компани номыг орчуулан гаргасан явдал байлаа. Анх орчуулах санаа 2012 оны намар төрж, Батбаатар, Энхбат нарын найзууддаа хамтран орчуулах санал тавьж байв. Ингээд 2013 оны эхнээс бид үндсэн ажлынхаа хажуугаар орчуулж эхэлсэн. Орчуулгын эрхээ хөөцөлдөж, орчуулгаа гүйцээх үед зургаадугаар сар гарсан байв. Хурдан гаргах гэж ихэд адгаж байсан ч зун болж хаа сайгүй амралт эхэлсэн тул арга буюу намар болохыг хүлээв. Ингэсэн нь ч оносон байлаа. Энэ үед мөн Батбаатар маань Майкрософт-д инженерээр ажилд орж, биднийг баярлуулав. Түүний орчуулдаг хэсэгт нэгэн залуу Майкрософтод ажилд орохоор тун сонирхолтой арга хэрэглэсэн тухай гардаг болохоор бид их бэлгэшээж байлаа. Хэвлэлд шилжүүлтлээ орчуулгаа сайжруулсаар, номынхоо агуулгын дагуу танилын сүлжээгээрээ дамжуулан танилцсан Гоодаль сэтгүүлийн ерөнхий редактор Баярхүү эгчтэй холбогдож, номоо албан ёсоор редакторлуулав.  Хавтасны тухайд Оюунгэрэл сайдын номын хавтасны дизайныг гаргадаг Дорж ахаас зөвлөгөө авахад англи хавтасных нь дизайныг барьчих гэсэн билээ. Тэр ёсоор үйлдэж, гадаад хүмүүсийн зурагны оронд хуучин ажлынхныхаа зургийг (Бэста ХХК-ийнхан) оруулсан нь номыг маань их сайхан чимэв.
Ингээд номоо Монголын Бизнесийн Хөгжлийн Холбооны санаачилга болох Некстжен хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Мөнхийн үсэг ХХК-д хэвлүүлж, Интерномд 2013 оны 11 сарын 7-нд нээлтээ хийв. Энэ үеэр Энхбат бид хоёр үг хэлж, мөн Америкт суугаа Батбаатарынхаа явуулсан үгийг уншиж өгсөн. Мөн спонсор МБХХ-ны төлөөлөл ч сэтгэгдлээ илэрхийлэв. Дараа нь танхим дүүрэн ирсэн зочдоос азтан тодруулж номоо бэлэглээд, гарын үсэгтэй худалдаа явуулав. Найз нөхөд болоод зарын дагуу ирсэн хүмүүс баяр хүргэж,  “хэвлэлтийн чанар сайн болжээ, ялангуяа хавтас нь” гэхэд би их л хөөрч, зарим нэгэнд нь “Доторх агуулга нь хавтаснаасаа ч тасархай” гэж догдлонгуй хэлж байлаа.
Номын нээлт болон агуулгын талаар www.news.mn зэрэг зарим сайтууд нийтэлж, UBS-ийн Номын ертөнц нэвтрүүлэг сурвалжлав. Улмаар “Та өөрөө старт-ап компани” худалдаанд гарсан эхний 7 хоногтоо Интерномын №2 бестселлер болж, дараа 7 хоногт нь мөн ТОП 10-т багтав. Удалгүй “Нийслэл гайд ” сэтгүүл дээр нэгэн уншигчийн сэтгэгдэл хэвлэгдлээ.
Үүнээс хэд хоногийн дараа эхний уншигчид сэтгэгдлээ хуваалцаж эхлэв. Нэг найз маань “Энэ номыг уншсан чинь яг л Блүүмберг суваг үзэж байгаа юм санагдсан” гэж билээ. Цахим Өртөөний Жагдагдорж, Буянцогтоо, Лодойравсал нарын ах нарын урмыг үг, Твиттерийн Танхай эмээ, Ikon.mn сайтын сэтгүүлч Болортуяа нарын талархалд баярласан гэж юүхэв. Америкт IBM-д ажилладаг Жагдагдорж ахын хувьд 2011 оноос эхлэн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн залуу багш, оюутнуудад “Энтрепренершип ба инновацийн хичээл”-ийг онлайнаар зааж байгаа аж. Энэ жилийнхээ хичээлийн хөтөлбөрт “Та өөрөө старт-ап компани” номноос оруулна, орчуулдаг нь их сайн хэрэг боллоо гэхэд нь хийсэн ажлын маань үр дүн шууд гарах нь гэж их урамшив. Мөн номынхоо буянаар танилцсан Болортуяатай ярилцан Ikon.mn сайтад номоосоо цувралаар тавихаар болж, эхнийхийг нь саяхан тавилаа. 


Маркетинг сэтгүүлийн дугаарт
Түүнчлэн “Маркетинг” сэтгүүлийн 11-р сарын дугаарт номын хэсгээс хэвлэгдэж, олон компанийн маркетингийн албаныханд хүрэв. Энэ мэтээр ном маань олон сувгаар хүмүүст хүрч, уншигчид сэтгэгдлээ ирүүлсээр байна. 
Уншигчдын санал сэтгэгдэл дундаас “Орчуулга сайн болжээ” гэсэнд нь би юу юунаас илүү баярлаж байгаа. Яагаад гэвэл сайн агуулгатай, монголчуудад хэрэгтэй ном гэдэгт нь би тун итгэлтэй байсан болохоор буруу хуудуутай орчуулж, эх санаануудыг нь тааруухан хүргэчих вий гэж, уншигчдын мэдэхгүй (Монголд дөнгөж хөгжиж эхэлж буй энтрепренершиптэй холбоотой) нэр томъёо олон байсныг зөв зүйтэй орчуулсан л байгаа даа гэж эмээж байлаа.
Өнөөгийн хурдтай, өрсөлдөөн ихт мэргэжлийн талбарт хэрхэн өсч дэвжих тухай үзүүлэхийн зэрэгцээ энтрепренершип, старт-ап ертөнцийн талаар тун цэгцтэй мэдлэг өгөх энэхүү номыг ийнхүү орчуулан гаргав. Энтрепренершипийн талаар ийм сонирхол татам байдлаар бичсэн ном өмнө нь Монголд бараг л гараагүй болов уу. Тиймээс миний, бидний хувьд энэ бол том амжилт юм. Үүнийг ч батлах мэт “Та өөрөө старт-ап компани” ном Интерномын Grandbook 2013 шалгаруулалтанд “Бизнес, эдийн засгийн ном” төрөлд аман хүзүүдэв. Бидний ном оны сүүлээр гарсан ном болохоор энэхүү шалгаруулалтын дүнг зөвхөн борлуулалтын дүнгээр биш бусад хүчин зүйлүүдийг харгалзан гаргасан юм байна гэж ойлгосон.
Одоо ном маань харьцангуй олон хүний гар дээр очсон тул бид ирэх 1-р сараас эхлэн уншигчдын уулзалт зохион байгуулахаар ярилцаж байгаа. Мөн тус номд олонтаа дурдагддаг Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандбергийн шинэхэн номыг  хэдэн нөхдийн хамт орчуулж буйгаа энэ далимд дуулгахад таатай байна. Дээрх холбоосоор орон like дарж, энэхүү шинэ номтой холбоотой мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Tuesday, October 15, 2013

Өрсөлдөх давуу талаа хөгжүүл

 "Та өөрөө старт-ап компани" номын хэсгээс:

2-р бүлэг 
Өрсөлдөх давуу талаа хөгжүүл

Бэй Эриагийн 101-р хурдны зам дагуух самбар дээр 2009 онд “Гадаадад буй 1’000’000 хүн таны ажлыг хийж чадна. Та юугаараа онцгойрч чадах вэ?” гэж бичсэн байв. Нэг сая гэдэг нь хэтрүүлэг байж болох ч маш олон хүн таны мөрөөдлийн ажлыг хийж чадна гэдэг нь, хийхийг хүсч буй нь хэтрүүлэг биш юм. Аваргын төлөөх тоглолтын билет авах, царайлаг залуу юм уу бүсгүйн гарыг атгах, сайн коллежид орох, мэргэжлийн боломж бүрийг шүүрэх гэхчлэн хүсүүштэй ямар ч зүйлд өрсөлдөөн бий болдог.

Өрсөлдөөнд ялгарах нь энтрепренерийн орших үндэс юм. Салбар бүрт хэд хэдэн компани хэрэглэгч бүрийн ширхэг доллар болгоны төлөө тэмцдэг. Чимээ шуугиантай, эмх цэгцгүй энэ дэлхийд жижигхэн ялгааг задлан шинжлэх зав чөлөө хэрэглэгчдэд байдаггүй. Хэрвээ компанийн бүтээгдэхүүн өрсөлдөгчийнхөөсөө үлэмж ялгаатай л биш бол, “Ямар нэгийг хий” /Do something/ ТББ-ын гүйцэтгэх захирал Нэнси Лаблины хэлсэнчлэн, хэрвээ таны бүтээгдэхүүн хамгийн анхны, цорын ганц, илүү хурдан, илүү сайн, илүү хямд л биш бол хэн нэгний анхаарлыг татахгүй. Шилдэг энтрепренерүүд өрсөлдөөнд онцгойрох бүтээгдэхүүнийг бүтээж, брэнд болгодог. 1999 онд байгуулагдсан, онлайнаар гутал зардаг Zappos.com бол үүний тод жишээ. Shoebuy.com, Onlineshoes.com зэрэг бусад онлайн гутлын дэлгүүр 30 хоногийн дотор бараа буцаах эрх өгдөг бол Заппос зарсан бараа бүртээ 365 хоногийн буцаалтыг санал болгосон анхны дэлгүүр болж, хэтэрхий сайн хэрэглэгчийн төвөөрөө нэрд гарсан юм. Эл.Эл.Бийн, Жэй.Крю зэрэг жижиглэнгийн дэлгүүрүүд онлайн захиалгаа буцаасан тохиолдол бүрт хэрэглэгчээс тээврийн зардал авдаг бол Заппос юу ч асуулгүйгээр бүх буцаалтыг үнэгүй хийдэг. Гаап /The Gap/ зэрэг аварга компаниуд онлайн гутлын дэлгүүртээ тэдний үнэгүй хүргэлт, үнэгүй буцаалтыг хуулбарласан ч, хэрэглэгчийн төвийнхөө утасны дугаарыг вэбсайтынхаа доод хэсэгт маш жижигхэн фонтоор оруулжээ. Харин Заппосын 1-800-тай дугаар вэбсайтын хуудас бүр дээр, гүйцэтгэх захирал Тони Хсиэхийн хэлсэнчлэн “бахархалтай нь аргагүй” тавигдсан байдаг. Түүнчлэн Невада дахь тус компанийн төв салбарт ажилладаг орон нутгийн ажилтнууд дуудлага бүрт хариулна. Хэрэглэгчийнхээ дуудлагад цагийн хязгаар тавина, тэмдэглээд эргэж хариу өгнө гэсэн ойлголт байдаггүй нь өдөрт хийх дуудлагын тоондоо хязгаар тавьдаг, гадны хүмүүсийг ажиллуулдаг хэрэглэгчийн төвүүдтэй өнөөгийн эринд бараг л дуулдаагүй үзэгдэл. Заппос байж болох бүх талаараа хэрэглэгч-төвтэй соёлыг бүтээснээр өрсөлдөөнд илт ялгарсан юм. Энэ нь л Заппосыг сая сая гутал сонирхогчдын итгэлт газар болгож, Амазон тус дэлгүүрийг бараг тэрбум доллараар худалдаж авах шалтгаан болсон билээ.

Тийм ээ, та бол онлайн гутлын дэлгүүр биш. Гэвч та өөрийн оюун ухаан, ур чадвар, эрч хүчийг зарж байгаа. Ингэхдээ асар их өрсөлдөөн дунд үүнийг хийж байгаа. Ажил олгогчид, түншүүд, хөрөнгө оруулагчид болон бусад эрх мэдэлтэй хүмүүс таныг юм уу тантай адил харагдах хэн нэгнийг сонгоно. Аятайхан боломж гарах бүрийд төсөөтэй ажилтай, ойролцоо боловсролтой олон хүн тийш зүтгэдэг. Ажилд орох хүсэлт бүхий өч төчнөөн өргөдлийг шүүж суухдаа ажил олгогчид хэт их мэдээлэл дунд өргөдөл гаргагчдын төсөөтэй байдалд автан төөрөлддөг.

Хэрвээ та зах зээл дэх бусад мэргэжилтнээс өөрийгөө онцгойруулах төлөвлөгөө боловсруулах гэж буй бол, нэн түрүүнд “.................. учир аливаа компани намайг олон мэргэжилтэн дундаас сонгон ажилд авдаг” гэх өгүүлбэрийг гүйцээх чадвартай байх хэрэгтэй. Тухайн ажлыг хийхийг хүсч буй бусад хүнээс та юугаараа ялгарч, хэрхэн хамгийн анхны, цорын ганц, илүү хурдан, илүү сайн, илүү өгөөжтэй нь болох вэ? Та олж авахад хэцүү юуг санал болгож байна вэ? Ховор болоод үнэ цэнтэй юуг та өгч чадах вэ? ...

Friday, October 11, 2013

Зөв бичгийн дүрэм ээ гэж...

"Та өөрөө старт-ап компани" номыг орчуулахдаа угийн дагах ёстой Дамдинсүрэнгийн зөв бичгийн дүрэм, саяхан Төрийн хэлнээс зөвлөлөөс цэгцэлсэн 700 үгийн бичлэгийг барих гэж хичээв. 1983 энэ дүрмийг сайн уудлаад үзвэл мэдүүштэй зүйл их олон байна лээ. Гадаад үгэнд нөхцөл залгах гэх мэт зарим зүйл заалтууд нь гэхдээ Саруул багшийн хэлснээр үг дуугүй дагахад хэцүү гэх. Нээрэн л тийм шиг. Юутай ч, уг номыг уншиж байх явцад "цээжлэх" гэдгийг "чээжлэх" гээд биччихсэн байвал бүү гайхаарай. Хэдий санал нийлэмгүй зарим зүйл байсан ч дүрэм бол дүрэм гэж үзэв.

Зарим нь ч уншсан биз, Саруул багшийн хоёр сонирхолтой нийтлэлийг, өнөө 700 үгтэй хуваалцъя:

Толгойд гарсан бөөс болоод буй зөв бичих дүрмийн алдааг яах вэ?

Өнөө 1983 оны Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын “Зөв бичих дүрмийн толь” чинь л одоо хүртэл хүчинтэй байгаа шүү дээ.
Буруу биччихээд тэрийг нь хэлэхээр “та нар өөрсдөө дүрмээ олон солиод байхаар чинь тэгэлгүй яах юм бэ?” гэх хүн олон таарах. Та нар гэдэг нь хэл шинжээчдийг хэлж байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд өнөөх 1983 оны дүрмийг хэн ч өөрчлөөгүй гучин жил болж байна даа. Төсөрхөн 700 үгийг цэгцэлсэн, энэ нь дүрэм өөрчилсөн гэсэн үг огт биш, хоёр өөр янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр болгосон хэрэг юм.
Ингэхдээ аль дүрмийг нь баримтлах юм бэ гэж л ахин битгий асуугаарай даа, албан ёсны ганцхан дүрэм л байгаа. Алдаа биш, харин санаатайгаар өөр өөрийнхөөрөө бичдэг нь дүрэм биш үзэл бодол юм. Үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй, харин дүрмийг бол дагах ёстой. Дагахгүй бол тооцдог хариуцлага бас байх ёстой.
"Пэхээняан" гэж гацалгүй, "лямбда" гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна

Төрийн хэлний зөвлөлөөс бичлэгийг нь нэг мөр болгон цэгцэлсэн 700 үг

Wednesday, October 9, 2013

What is permanent beta?

Саяхан твиттерийнхээ танилцуулгыг I'm in permanent beta гэж өөрчлөв. "Та өөрөө старт-ап компани" ном хэд хэдэн шинэлэг санаа дэвшүүлсний нэг нь энэхүү байнгын бета хувилбарт орших явдал юм. Юу болохыг номын доорх хэсгээс уншина уу:
-------------------------------

ИРЭЭДҮЙГ ЧИГЛЭХ ЖИМ

1997 онд Цахиурын хөндийд амьдардаг Рийд Хастингс хэмээх програм хангамжийн мэргэжилтэн залууд нэгэн асуудал тулгарчээ. Тэр видео киноны дэлгүүрээс “Аполло 13” киног түрээсэлж үзээд, хэд хоног хоцроон буцаах үедээ эхнэртээ хэлэхээс ч санаа зовмоор их мөнгөний торгууль төлжээ. Улмаар түүний энтрепренер зөн “Хэрэв чи кино прокатлалаа гэхэд хэзээ ч хожимдож буцаасны төлбөр төлдөггүй байвал ямар вэ?” гэж дотроос нь хатгажээ.

Ингээд тэр энэ салбарыг судалж эхлэн, шинээр гарсан ДиВиДи /DVD/ технологи нь тээвэрлэхэд хөнгөн, бас хямд болохыг олж мэдсэн байна. Тэрбээр интернэт худалдаа руу чиглэсэн шилжилтийг ДиВиДи-ний хувьсгалтай нийлүүлбэл гайхалтай боломж нээгдэхийг ойлгоод, тэр жилдээ интернэт худалдааг уламжлалт шуудантай хослуулсан бизнес эхлүүлэв. Үйлчлүүлэгч вэбсайтаас хүссэн киногоо сонгох бөгөөд киноныхоо ДиВиДи-г шуудангаар хүлээн авч, үзэж дуусмагцаа буцаан илгээх ёстой байв. Энэ нь маш гайхалтай санаа байсан ч технологийн салбарт олон жил ажилласан Рийд бизнес нь цаашид зайлшгүй хувьсан өөрчлөгдөхийг мэдэж байлаа. Тэр бизнесээ “Шуудангийн ДиВиДи” гэдэг ч юм уу, бизнесийнхээ тухайн үеийн нөхцөлийг илтгэх өөр бусад нэрээр нэрлэхээс зайлсхийж, оронд нь Нетфликс хэмээх илүү өргөн хүрээтэй компанийн нэр бодож олжээ.

Нетфликс тэр даруй амжилт олсонгүй. Тухайн үед Нетфликсийн хэрэглэгчид дэлхий даяар зуу зуун видео прокатны дэлгүүртэй, салбартаа ноёрхогч Блокбастерын үйлчилгээнд төлдөгтэй л адилаар түрээсэлсэн ДиВиДи болгондоо мөнгө төлж байв. Бизнес нь олонд сайн хүрээгүй тул Рийд сарын захиалга хийсэн нөхцөлд хязгааргүй тоогоор кино авах үйлчилгээ санал болгож эхлэв. Гэсэн ч хэрэглэгчид онлайнаар кино сонгосноос хойш шуудангаар иртлээ их удаж байна гэж гомдоллосоор байлаа. 1999 онд тэр Блокбастерын төв байранд уулзалт зохион байгуулж, орон нутгийн түгээлтэд хамтран ажиллах боломжийн талаар, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах тухай ярьсан боловч Блокбастерынхан дэмжээгүй аж. “Биднийг оффисоос нь гарахад тэд инээлдэж байсан” хэмээн Рийд дурссан байдаг.

Рийдийн багийнхан шантарсангүй. Тэд түгээлтийн төвүүдийн сүлжээгээ төгөлдөржүүлж, хэрэглэгчдийн 80-аас илүү хувьд киногоо өдөрт нь хүлээлгэн өгдөг болов. Мөн өмнөх худалдан авалтан дээр нь үндэслэн хэрэглэгчдийн сонирхлыг татах магадлалтай кинонуудыг санал болгодог програм хөгжүүлэв. 2005 он гэхэд Нетфликс дөрвөн сая захиалагчтай болж, өрсөлдөгчдөөсөө ялгаран, онлайн кино прокатны хаан болсон бөгөөд 2010 онд Нетфликс 160 гаруй сая ам.долларын ашигтай ажиллажээ. Харин Блокбастер интернэтийн эринд дасан зохицож чадаагүйгээс тэр жил дампуурлаа зарлав.

Гэсэн ч Нетфликсийн санаа амарсангүй. Шуудангийн ДиВиДи нь 2010, 2011 онд ашигтай хэвээр байсан ч тэд гол анхаарлаа дараагийн шатанд буюу компьютер, ухаалаг гар утас, таблет төхөөрөмжүүдээр кино болон телевизийн шоунуудыг шууд дамжуулахад хандуулав. Энэ бол тэдний олон жилийн мөрөөдөл бөгөөд түгээмэл тархсан өргөн судалт /broadband/ технологийн ачаар одоо энэхүү мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ. Хэрэглэгчдийн дийлэнх нь одоо ТВ шоу, кинонуудыг ДиВиДи-нээс илүү онлайнаар үзэж байгаа бөгөөд яг энэ мөчид хагас, бүтэн сайн өдрийн нийт интернэт хандалтын 30-аас илүү хувийг Нетфликс эзэлж байна. Магадгүй онлайнаар шууд үзэх арга нь /online streaming/ нэг их удахгүй Нетфликсийн үндсэн програмыг, эсвэл хараахан бий болоогүй шинэ технологийг ч өөртөө агуулж мэдэх юм. Аль нь ч байсан тэдний өнөөгийн амжилт мөнхийн биш. Шинэ сорилтууд хэзээд урган гардаг билээ.

“Ихэнх тохиолдолд дэлхийд гарч буй өөрчлөлт чамайг нөмрөн авдаг” хэмээн Рийд өгүүлнэ. Нэгэн удаа Холливүүдийн удирдах ажилтан түүнтэй зурагтаар ярилцлага хийхдээ “Та стратегийн төлөвлөгөөгөө таван жилээр гаргадаг уу, гурван жилээр гаргадаг уу? гэж асуухад Рийд “аль нь ч биш” гэж хариулжээ. Гурван жил гэдэг бол Цахиурын хөндийд “мөнхийн” гэсэнтэй адил сонсогдох бөгөөд тэд стратегиа ийм урт хугацаагаар төлөвлөх боломжгүй аж. Үүний оронд Нетфликс хурдан шаламгай, байнгын дасгалжилттай, үргэлж туршилтын шатандаа явахыг илүүд үздэг. Энэхүү сэтгэлгээг бид “байнгын бета” гэж нэрлэлээ.

Старт-ап сэтгэлгээ: Байнгын бета

Технологийн компаниуд бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргасны дараа хэсэг хугацаанд “бета туршилтын шатандаа яваа” гэсэн шошго хадаж, тус бүтээгдэхүүн хараахан бүрэн төгс болоогүй, улам сайжруулах болно гэдгийг тодотгодог билээ. Жишээлбэл, ЖиМэйлийг 2004 онд хэрэглээнд гаргасан боловч 2009 онд нэг сая хэрэглэгчтэй болсных нь дараа л бета шошгийг нь албан ёсоор авсан юм. Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос жил бүр хувьцаа эзэмшигчдэд явуулдаг захидалдаа яг л 1998 онд анхны захидалдаа бичиж байсанчлан “Хэдийгээр бид өөдрөг байгаа ч сонор сэрэмжтэй, яарангуй хэвээр байх ёстой. Өнөөдөр бол интернэт болоод Амазоны хувьд хамгийн эхний өдөр юм” гэж бичсээр, сануулсаар байдаг аж. Өөрөөр хэлбэл, Амазон хэзээ ч бүтээгдэж дуусахгүй, өдөр бүр Амазоны “эхний өдөр” юм. Энтрепренерүүдийн хувьд дууссан (finished) гэдэг үг бол F үнэлгээ байдаг. Агуу компаниуд үргэлж урагш хөгжиж байдгийг тэд мэднэ.

Үүнтэй адил бид ч бас үргэлж хөгжиж байдаг. Өдөр бүхэн бидэнд ажил амьдралдаа илүүг сурах, илүүг бүтээх, илүү байх, илүү өсөх боломжийг бэлэглэж байдаг. Карьераа байнгын бета хувилбарт байлгаснаар та өөрийгөө төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрч, сурах зүйл их байгаа, ирээдүйд дасан зохицож, өсч хөгжих хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ бол өөрийгөө сайжруулах, эргэн тойрны ертөнцөө улам сайхан болгох хүч чадал танд бий шүү гэдгийг илтгэсэн, өөдрөг үзлээр жигүүрлэсэн сэтгэлгээ болохыг бүү мартаарай.

Калифорни-Дэйвис их сургуулийн Энтрепренершипийн төвийн тэргүүн Энд Харгадон “Хорин жилийн туршлага гэдэг бол үнэндээ хорин удаа давтсан нэг жилийн туршлага юм” гэж билээ. Хэрвээ таны карьер байнгын бетад байх юм бол 20 жилийн туршлага тань, жил бүр нь шинэхэн бөгөөд баялаг сорилт, боломжуудаар дүүрэн байх учир үнэхээр л 20 жилийн туршлага байх болно. Байнгын бета гэдэг нь тэгэхээр яахын аргагүй өөрийгөө хөгжүүлэх насан туршийн сэтгэлгээ юм.

Завгүй, идэвхтэй амьдрагтун! Үгүй бол та амархан уруудна. Өсч хөгжихгүй бол та улам давжаарах болно. Урагш гишгэхгүй бол арагш ухрах болно.

Tuesday, October 8, 2013

My information diet

Би гэдэг хүн мэдээллийн энэ эринд мэдээллийг хэрхэн олж авч байна вэ гэж...

Одоогийн байдлаар www.feedly.com дээр 92 сайт RSS-дсэн байгаа юм байна. Ихэнх нь блогууд. Блогтоо их үнэнч гэж байгаа. www.twitter.com дээр одоогоор 612 аккаунт дагаж байна. Листэлж ангилахдаа муу тул нүдээ чилээхгүй гэж аль болох бага хүн дагахыг бодох юм. Твиттер дээр бас RSS-дэхэд төвөгтэй том aggregator сайтуудыг дагачихад зүгээр санагддаг. Мөн байнга харж, суралцаж байдаг хэдэн хүнийхээ твиттер хуудсыг тогтмол шалгаж, бичсэн, шэйрлэсэн зүйлсийг нь ажиглаж байдаг. Аль нэг сэдэв юм уу, аль нэг мэдээллийн хэрэгслээр дагнах биш, итгэлт хүмүүсээрээ дамжин мэдээлэлд хүрэх нь миний хувьд их чухал. www.facebook.com бол зохистой хэрэглэвэл мэдээж мэдээллийн нэг чухал эх сурвалж. Одоогоор 700 гаруй найзтай, үздэг үздэггүй нийлсэн 30, 40-өөд группт харъяалалтай байгаа юм уу даа. Хэрэгцээт линкүүдийг хадгалахдаа www.delicious.com-ыг ашиглаж байна. Хэвлэмэл гэвэл Өнөөдөр, Өдрийн сонин 2-ыг л гүйлгэж харж байх шив дээ.
Одоохондоо нэг иймэрхүү байна, ойрноос мэдээллийн эдгээр сурвалжийнхаа мэдээлэл авч буй давхардлыг арилгаж, ер нь information diet-ийнхаа талаар нухацтай бодно оо.

Ташрамд, удахгүй хэвлэгдэх гэж буй "Та өөрөө старт-ап компани" номд өнөөгийн нөхцөлд мэдээллийг хэрхэн олж авч, боловсруулах тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдгаас энд хэсэгчлэн оруулъя:
----------------------------------------------------------------

/5-р бүлэг. Үсрэлт хийх боломжийг эрэлхийл/

......

Завшаант мэдээлэл

Тавдугаар бүлэгт бичсэнчлэн, азтай ололт нь таныг хөдөлгөөнтэй байх үед буюу ямар нэг зүйл хийж байхад ирдэг. Тэгвэл санаандгүй тохиолдлоор олдох мэдээлэл буюу завшаант мэдээлэл /serendipitous intelligence/ нь мөн ийм л үед, өөрөөр хэлбэл таныг хүмүүстэй уулзаж, ярилцаж байх үед олдоно. Хэрэв та хүмүүстэй байнга холбоотой байж, тэдний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг бол танд хамаатай мэдээлэл бүхий имэйлийг илгээж магадгүй. Түүнчлэн үдэшлэг дээр, эсвэл ердийн үдийн хоолны үеэр хэн нэгэн танд маш хэрэгтэй мэдээлэл өгч болохыг таах аргагүй. Хэдийгээр Цахиурын хөндийд авъяаслаг хүмүүсийн төлөө, хөрөнгө нөөц олохын төлөө, бусдын анхаарлыг татахын төлөө ширүүн тэмцэл өрнөдөг ч, технологийн старт-апуудын тийш нүүдэг нэг шалтгаан нь завшаант мэдээллийг олж авах явдал байдаг.

Азтай ололттой учрахын тулд танд хийж болох зүйлс байдагтай адил завшаант мэдээллийг олж авах аргууд ч бий. Юун түрүүнд хүмүүсээс асуух хэд хэдэн асуултыг нөөцөл. Жишээ нь, “Сүүлийн хэдэн сард сурсан хамгийн сонирхолтой зүйл чинь юу вэ?” /Эдийн засагч Тайлер Ковен Бэнтэй уулзах бүртээ ингэж асуудаг/ гэх мэт ерөнхий, эсвэл “Хөрөнгө оруулалт хийж хамтарчихмаар ямар нэг гайхалтай энтрепренер юм уу, старт-апыг олж мэдэв үү?” /Би энтрепренерийн орчинд ажилладаг хүмүүстэй яриа өрнүүлэх зуураа энэ асуултыг асуудаг/ гэх мэт онилсон асуулт байж болно. Иймэрхүү асуултанд ямар хариулт ирэхийг та үнэхээр мэдэх боломжгүй бөгөөд ямар нэг сонирхолтой зүйлд хөтлөх нь тодорхой. Өнөө үед завшаант мэдээлэл онлайнаар түгэх нь ихсэв. Та нэг танилынхаа ЛинкэдИн юм уу, Фэйсбүүк хуудсыг ямар нэг тодорхой зүйл хайлгүйгээр зүгээр л үзэж байгаад ажилладаг салбарынхаа тухай сонирхолтой нийтлэл олж үзэх, хамт ажиллаж байсан танил тань ажиллахыг хүсдэг компанид тань орсныг мэдэх, эсвэл эрхлэхийг хүсдэг бизнесийг тань нэг найз тань эхлүүлснийг санамсаргүй олж мэдэх боломжтой болсон.

Түүнчлэн, Зингагийн гүйцэтгэх захирал Марк Пинкусын “интернэтийн дуут дохионууд” хэмээн нэрийдсэн Амазон, ЛинкэдИн, Яхүү, Фэйсбүүк, Иэлп, Гүүгл зэрэг вэбсайтад нэвтрэх нь завшаант мэдээллийг олж авах нөхцөлийг бүрдүүлдэг. Та www.cnn.com руу орж, Фэйсбүүк дээрх найз нарынхаа хуваалцсан нийтлэлүүдийг гарган ирж болно. Тэр ч байтугай, Форчун сэтгүүлийн “Хамгийн шилдэг 100 компани”-ийн жагсаалтыг үзэж суухдаа ЛинкэдИн дээрх хоёр, гуравдугаар зэргийн танилууд дотроос тань хэн хэн тэдгээр шилдэг компанид ажилладаг болохыг сонирхож болно. Дотор нь ажилладаг хүнийг таньдаг байх нь тухайн компанийн талаар мэдээлэл авахад илүү дөхөм болдог. Саяхныг хүртэл хэн нэг нийтлэгч юм уу, аливаа нэг програм ямар мэдээлэл чухал болохыг сая сая уншигчдад зөвлөдөг байлаа. Харин өдгөө нийтийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс сайн мэддэг, итгэлт хүмүүсээрээ дамжуулан мэдээлэлд хүрэх болсон. Эцэст нь тэмдэглэхэд, сонирхолтой мэдээллийг танилын сүлжээ рүүгээ түгээх нь эргээд завшаант мэдээллийг олж авах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс нийтлэл, эшлэл зэргийг бусадтай хуваалцах, мэдсэн ажлын саналаа хүмүүс рүү илгээх гэх мэтээр жижиг бэлгүүдийг сүлжээнийхэнтэйгээ хуваалцаж байгаарай. Найз нөхөд тань үүнд талархах бөгөөд эргээд танд завшаант мэдээллийг эелдгээр илгээх болно.


Thursday, September 19, 2013

Нохойн дуу ойртсоор


Олон сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэх дөхөж л байна даа. Өнөөдөр редактор маань засаж дуусгасан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүк дээр номынхоо Та өөрөө старт-ап компани  гэсэн пэйжийг нээгээтэхлээ. Орж like дараад номтой холбоотой мэдээлэл авахын зэрэгцээ ФБ найзууддаа түгээн дэмжээрэй. Хэрэгцээтэй линк/нийтлэлийг хуваалцах нь танаас их зүйл шаардахгүй хэрнээ цаад хүндээ үнэ цэнтэй байдаг гэж энэ номд бичсэн байдаг юм билээ:) Удахгүй номын зарим хэсгээс блогтоо оруулах болно оо.