Friday, October 11, 2013

Зөв бичгийн дүрэм ээ гэж...

"Та өөрөө старт-ап компани" номыг орчуулахдаа угийн дагах ёстой Дамдинсүрэнгийн зөв бичгийн дүрэм, саяхан Төрийн хэлнээс зөвлөлөөс цэгцэлсэн 700 үгийн бичлэгийг барих гэж хичээв. 1983 энэ дүрмийг сайн уудлаад үзвэл мэдүүштэй зүйл их олон байна лээ. Гадаад үгэнд нөхцөл залгах гэх мэт зарим зүйл заалтууд нь гэхдээ Саруул багшийн хэлснээр үг дуугүй дагахад хэцүү гэх. Нээрэн л тийм шиг. Юутай ч, уг номыг уншиж байх явцад "цээжлэх" гэдгийг "чээжлэх" гээд биччихсэн байвал бүү гайхаарай. Хэдий санал нийлэмгүй зарим зүйл байсан ч дүрэм бол дүрэм гэж үзэв.

Зарим нь ч уншсан биз, Саруул багшийн хоёр сонирхолтой нийтлэлийг, өнөө 700 үгтэй хуваалцъя:

Толгойд гарсан бөөс болоод буй зөв бичих дүрмийн алдааг яах вэ?

Өнөө 1983 оны Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын “Зөв бичих дүрмийн толь” чинь л одоо хүртэл хүчинтэй байгаа шүү дээ.
Буруу биччихээд тэрийг нь хэлэхээр “та нар өөрсдөө дүрмээ олон солиод байхаар чинь тэгэлгүй яах юм бэ?” гэх хүн олон таарах. Та нар гэдэг нь хэл шинжээчдийг хэлж байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд өнөөх 1983 оны дүрмийг хэн ч өөрчлөөгүй гучин жил болж байна даа. Төсөрхөн 700 үгийг цэгцэлсэн, энэ нь дүрэм өөрчилсөн гэсэн үг огт биш, хоёр өөр янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр болгосон хэрэг юм.
Ингэхдээ аль дүрмийг нь баримтлах юм бэ гэж л ахин битгий асуугаарай даа, албан ёсны ганцхан дүрэм л байгаа. Алдаа биш, харин санаатайгаар өөр өөрийнхөөрөө бичдэг нь дүрэм биш үзэл бодол юм. Үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй, харин дүрмийг бол дагах ёстой. Дагахгүй бол тооцдог хариуцлага бас байх ёстой.
"Пэхээняан" гэж гацалгүй, "лямбда" гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна

Төрийн хэлний зөвлөлөөс бичлэгийг нь нэг мөр болгон цэгцэлсэн 700 үг

Wednesday, October 9, 2013

What is permanent beta?

Саяхан твиттерийнхээ танилцуулгыг I'm in permanent beta гэж өөрчлөв. "Та өөрөө старт-ап компани" ном хэд хэдэн шинэлэг санаа дэвшүүлсний нэг нь энэхүү байнгын бета хувилбарт орших явдал юм. Юу болохыг номын доорх хэсгээс уншина уу:
-------------------------------

ИРЭЭДҮЙГ ЧИГЛЭХ ЖИМ

1997 онд Цахиурын хөндийд амьдардаг Рийд Хастингс хэмээх програм хангамжийн мэргэжилтэн залууд нэгэн асуудал тулгарчээ. Тэр видео киноны дэлгүүрээс “Аполло 13” киног түрээсэлж үзээд, хэд хоног хоцроон буцаах үедээ эхнэртээ хэлэхээс ч санаа зовмоор их мөнгөний торгууль төлжээ. Улмаар түүний энтрепренер зөн “Хэрэв чи кино прокатлалаа гэхэд хэзээ ч хожимдож буцаасны төлбөр төлдөггүй байвал ямар вэ?” гэж дотроос нь хатгажээ.

Ингээд тэр энэ салбарыг судалж эхлэн, шинээр гарсан ДиВиДи /DVD/ технологи нь тээвэрлэхэд хөнгөн, бас хямд болохыг олж мэдсэн байна. Тэрбээр интернэт худалдаа руу чиглэсэн шилжилтийг ДиВиДи-ний хувьсгалтай нийлүүлбэл гайхалтай боломж нээгдэхийг ойлгоод, тэр жилдээ интернэт худалдааг уламжлалт шуудантай хослуулсан бизнес эхлүүлэв. Үйлчлүүлэгч вэбсайтаас хүссэн киногоо сонгох бөгөөд киноныхоо ДиВиДи-г шуудангаар хүлээн авч, үзэж дуусмагцаа буцаан илгээх ёстой байв. Энэ нь маш гайхалтай санаа байсан ч технологийн салбарт олон жил ажилласан Рийд бизнес нь цаашид зайлшгүй хувьсан өөрчлөгдөхийг мэдэж байлаа. Тэр бизнесээ “Шуудангийн ДиВиДи” гэдэг ч юм уу, бизнесийнхээ тухайн үеийн нөхцөлийг илтгэх өөр бусад нэрээр нэрлэхээс зайлсхийж, оронд нь Нетфликс хэмээх илүү өргөн хүрээтэй компанийн нэр бодож олжээ.

Нетфликс тэр даруй амжилт олсонгүй. Тухайн үед Нетфликсийн хэрэглэгчид дэлхий даяар зуу зуун видео прокатны дэлгүүртэй, салбартаа ноёрхогч Блокбастерын үйлчилгээнд төлдөгтэй л адилаар түрээсэлсэн ДиВиДи болгондоо мөнгө төлж байв. Бизнес нь олонд сайн хүрээгүй тул Рийд сарын захиалга хийсэн нөхцөлд хязгааргүй тоогоор кино авах үйлчилгээ санал болгож эхлэв. Гэсэн ч хэрэглэгчид онлайнаар кино сонгосноос хойш шуудангаар иртлээ их удаж байна гэж гомдоллосоор байлаа. 1999 онд тэр Блокбастерын төв байранд уулзалт зохион байгуулж, орон нутгийн түгээлтэд хамтран ажиллах боломжийн талаар, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах тухай ярьсан боловч Блокбастерынхан дэмжээгүй аж. “Биднийг оффисоос нь гарахад тэд инээлдэж байсан” хэмээн Рийд дурссан байдаг.

Рийдийн багийнхан шантарсангүй. Тэд түгээлтийн төвүүдийн сүлжээгээ төгөлдөржүүлж, хэрэглэгчдийн 80-аас илүү хувьд киногоо өдөрт нь хүлээлгэн өгдөг болов. Мөн өмнөх худалдан авалтан дээр нь үндэслэн хэрэглэгчдийн сонирхлыг татах магадлалтай кинонуудыг санал болгодог програм хөгжүүлэв. 2005 он гэхэд Нетфликс дөрвөн сая захиалагчтай болж, өрсөлдөгчдөөсөө ялгаран, онлайн кино прокатны хаан болсон бөгөөд 2010 онд Нетфликс 160 гаруй сая ам.долларын ашигтай ажиллажээ. Харин Блокбастер интернэтийн эринд дасан зохицож чадаагүйгээс тэр жил дампуурлаа зарлав.

Гэсэн ч Нетфликсийн санаа амарсангүй. Шуудангийн ДиВиДи нь 2010, 2011 онд ашигтай хэвээр байсан ч тэд гол анхаарлаа дараагийн шатанд буюу компьютер, ухаалаг гар утас, таблет төхөөрөмжүүдээр кино болон телевизийн шоунуудыг шууд дамжуулахад хандуулав. Энэ бол тэдний олон жилийн мөрөөдөл бөгөөд түгээмэл тархсан өргөн судалт /broadband/ технологийн ачаар одоо энэхүү мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ. Хэрэглэгчдийн дийлэнх нь одоо ТВ шоу, кинонуудыг ДиВиДи-нээс илүү онлайнаар үзэж байгаа бөгөөд яг энэ мөчид хагас, бүтэн сайн өдрийн нийт интернэт хандалтын 30-аас илүү хувийг Нетфликс эзэлж байна. Магадгүй онлайнаар шууд үзэх арга нь /online streaming/ нэг их удахгүй Нетфликсийн үндсэн програмыг, эсвэл хараахан бий болоогүй шинэ технологийг ч өөртөө агуулж мэдэх юм. Аль нь ч байсан тэдний өнөөгийн амжилт мөнхийн биш. Шинэ сорилтууд хэзээд урган гардаг билээ.

“Ихэнх тохиолдолд дэлхийд гарч буй өөрчлөлт чамайг нөмрөн авдаг” хэмээн Рийд өгүүлнэ. Нэгэн удаа Холливүүдийн удирдах ажилтан түүнтэй зурагтаар ярилцлага хийхдээ “Та стратегийн төлөвлөгөөгөө таван жилээр гаргадаг уу, гурван жилээр гаргадаг уу? гэж асуухад Рийд “аль нь ч биш” гэж хариулжээ. Гурван жил гэдэг бол Цахиурын хөндийд “мөнхийн” гэсэнтэй адил сонсогдох бөгөөд тэд стратегиа ийм урт хугацаагаар төлөвлөх боломжгүй аж. Үүний оронд Нетфликс хурдан шаламгай, байнгын дасгалжилттай, үргэлж туршилтын шатандаа явахыг илүүд үздэг. Энэхүү сэтгэлгээг бид “байнгын бета” гэж нэрлэлээ.

Старт-ап сэтгэлгээ: Байнгын бета

Технологийн компаниуд бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргасны дараа хэсэг хугацаанд “бета туршилтын шатандаа яваа” гэсэн шошго хадаж, тус бүтээгдэхүүн хараахан бүрэн төгс болоогүй, улам сайжруулах болно гэдгийг тодотгодог билээ. Жишээлбэл, ЖиМэйлийг 2004 онд хэрэглээнд гаргасан боловч 2009 онд нэг сая хэрэглэгчтэй болсных нь дараа л бета шошгийг нь албан ёсоор авсан юм. Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос жил бүр хувьцаа эзэмшигчдэд явуулдаг захидалдаа яг л 1998 онд анхны захидалдаа бичиж байсанчлан “Хэдийгээр бид өөдрөг байгаа ч сонор сэрэмжтэй, яарангуй хэвээр байх ёстой. Өнөөдөр бол интернэт болоод Амазоны хувьд хамгийн эхний өдөр юм” гэж бичсээр, сануулсаар байдаг аж. Өөрөөр хэлбэл, Амазон хэзээ ч бүтээгдэж дуусахгүй, өдөр бүр Амазоны “эхний өдөр” юм. Энтрепренерүүдийн хувьд дууссан (finished) гэдэг үг бол F үнэлгээ байдаг. Агуу компаниуд үргэлж урагш хөгжиж байдгийг тэд мэднэ.

Үүнтэй адил бид ч бас үргэлж хөгжиж байдаг. Өдөр бүхэн бидэнд ажил амьдралдаа илүүг сурах, илүүг бүтээх, илүү байх, илүү өсөх боломжийг бэлэглэж байдаг. Карьераа байнгын бета хувилбарт байлгаснаар та өөрийгөө төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрч, сурах зүйл их байгаа, ирээдүйд дасан зохицож, өсч хөгжих хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ бол өөрийгөө сайжруулах, эргэн тойрны ертөнцөө улам сайхан болгох хүч чадал танд бий шүү гэдгийг илтгэсэн, өөдрөг үзлээр жигүүрлэсэн сэтгэлгээ болохыг бүү мартаарай.

Калифорни-Дэйвис их сургуулийн Энтрепренершипийн төвийн тэргүүн Энд Харгадон “Хорин жилийн туршлага гэдэг бол үнэндээ хорин удаа давтсан нэг жилийн туршлага юм” гэж билээ. Хэрвээ таны карьер байнгын бетад байх юм бол 20 жилийн туршлага тань, жил бүр нь шинэхэн бөгөөд баялаг сорилт, боломжуудаар дүүрэн байх учир үнэхээр л 20 жилийн туршлага байх болно. Байнгын бета гэдэг нь тэгэхээр яахын аргагүй өөрийгөө хөгжүүлэх насан туршийн сэтгэлгээ юм.

Завгүй, идэвхтэй амьдрагтун! Үгүй бол та амархан уруудна. Өсч хөгжихгүй бол та улам давжаарах болно. Урагш гишгэхгүй бол арагш ухрах болно.

Tuesday, October 8, 2013

My information diet

Би гэдэг хүн мэдээллийн энэ эринд мэдээллийг хэрхэн олж авч байна вэ гэж...

Одоогийн байдлаар www.feedly.com дээр 92 сайт RSS-дсэн байгаа юм байна. Ихэнх нь блогууд. Блогтоо их үнэнч гэж байгаа. www.twitter.com дээр одоогоор 612 аккаунт дагаж байна. Листэлж ангилахдаа муу тул нүдээ чилээхгүй гэж аль болох бага хүн дагахыг бодох юм. Твиттер дээр бас RSS-дэхэд төвөгтэй том aggregator сайтуудыг дагачихад зүгээр санагддаг. Мөн байнга харж, суралцаж байдаг хэдэн хүнийхээ твиттер хуудсыг тогтмол шалгаж, бичсэн, шэйрлэсэн зүйлсийг нь ажиглаж байдаг. Аль нэг сэдэв юм уу, аль нэг мэдээллийн хэрэгслээр дагнах биш, итгэлт хүмүүсээрээ дамжин мэдээлэлд хүрэх нь миний хувьд их чухал. www.facebook.com бол зохистой хэрэглэвэл мэдээж мэдээллийн нэг чухал эх сурвалж. Одоогоор 700 гаруй найзтай, үздэг үздэггүй нийлсэн 30, 40-өөд группт харъяалалтай байгаа юм уу даа. Хэрэгцээт линкүүдийг хадгалахдаа www.delicious.com-ыг ашиглаж байна. Хэвлэмэл гэвэл Өнөөдөр, Өдрийн сонин 2-ыг л гүйлгэж харж байх шив дээ.
Одоохондоо нэг иймэрхүү байна, ойрноос мэдээллийн эдгээр сурвалжийнхаа мэдээлэл авч буй давхардлыг арилгаж, ер нь information diet-ийнхаа талаар нухацтай бодно оо.

Ташрамд, удахгүй хэвлэгдэх гэж буй "Та өөрөө старт-ап компани" номд өнөөгийн нөхцөлд мэдээллийг хэрхэн олж авч, боловсруулах тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдгаас энд хэсэгчлэн оруулъя:
----------------------------------------------------------------

/5-р бүлэг. Үсрэлт хийх боломжийг эрэлхийл/

......

Завшаант мэдээлэл

Тавдугаар бүлэгт бичсэнчлэн, азтай ололт нь таныг хөдөлгөөнтэй байх үед буюу ямар нэг зүйл хийж байхад ирдэг. Тэгвэл санаандгүй тохиолдлоор олдох мэдээлэл буюу завшаант мэдээлэл /serendipitous intelligence/ нь мөн ийм л үед, өөрөөр хэлбэл таныг хүмүүстэй уулзаж, ярилцаж байх үед олдоно. Хэрэв та хүмүүстэй байнга холбоотой байж, тэдний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг бол танд хамаатай мэдээлэл бүхий имэйлийг илгээж магадгүй. Түүнчлэн үдэшлэг дээр, эсвэл ердийн үдийн хоолны үеэр хэн нэгэн танд маш хэрэгтэй мэдээлэл өгч болохыг таах аргагүй. Хэдийгээр Цахиурын хөндийд авъяаслаг хүмүүсийн төлөө, хөрөнгө нөөц олохын төлөө, бусдын анхаарлыг татахын төлөө ширүүн тэмцэл өрнөдөг ч, технологийн старт-апуудын тийш нүүдэг нэг шалтгаан нь завшаант мэдээллийг олж авах явдал байдаг.

Азтай ололттой учрахын тулд танд хийж болох зүйлс байдагтай адил завшаант мэдээллийг олж авах аргууд ч бий. Юун түрүүнд хүмүүсээс асуух хэд хэдэн асуултыг нөөцөл. Жишээ нь, “Сүүлийн хэдэн сард сурсан хамгийн сонирхолтой зүйл чинь юу вэ?” /Эдийн засагч Тайлер Ковен Бэнтэй уулзах бүртээ ингэж асуудаг/ гэх мэт ерөнхий, эсвэл “Хөрөнгө оруулалт хийж хамтарчихмаар ямар нэг гайхалтай энтрепренер юм уу, старт-апыг олж мэдэв үү?” /Би энтрепренерийн орчинд ажилладаг хүмүүстэй яриа өрнүүлэх зуураа энэ асуултыг асуудаг/ гэх мэт онилсон асуулт байж болно. Иймэрхүү асуултанд ямар хариулт ирэхийг та үнэхээр мэдэх боломжгүй бөгөөд ямар нэг сонирхолтой зүйлд хөтлөх нь тодорхой. Өнөө үед завшаант мэдээлэл онлайнаар түгэх нь ихсэв. Та нэг танилынхаа ЛинкэдИн юм уу, Фэйсбүүк хуудсыг ямар нэг тодорхой зүйл хайлгүйгээр зүгээр л үзэж байгаад ажилладаг салбарынхаа тухай сонирхолтой нийтлэл олж үзэх, хамт ажиллаж байсан танил тань ажиллахыг хүсдэг компанид тань орсныг мэдэх, эсвэл эрхлэхийг хүсдэг бизнесийг тань нэг найз тань эхлүүлснийг санамсаргүй олж мэдэх боломжтой болсон.

Түүнчлэн, Зингагийн гүйцэтгэх захирал Марк Пинкусын “интернэтийн дуут дохионууд” хэмээн нэрийдсэн Амазон, ЛинкэдИн, Яхүү, Фэйсбүүк, Иэлп, Гүүгл зэрэг вэбсайтад нэвтрэх нь завшаант мэдээллийг олж авах нөхцөлийг бүрдүүлдэг. Та www.cnn.com руу орж, Фэйсбүүк дээрх найз нарынхаа хуваалцсан нийтлэлүүдийг гарган ирж болно. Тэр ч байтугай, Форчун сэтгүүлийн “Хамгийн шилдэг 100 компани”-ийн жагсаалтыг үзэж суухдаа ЛинкэдИн дээрх хоёр, гуравдугаар зэргийн танилууд дотроос тань хэн хэн тэдгээр шилдэг компанид ажилладаг болохыг сонирхож болно. Дотор нь ажилладаг хүнийг таньдаг байх нь тухайн компанийн талаар мэдээлэл авахад илүү дөхөм болдог. Саяхныг хүртэл хэн нэг нийтлэгч юм уу, аливаа нэг програм ямар мэдээлэл чухал болохыг сая сая уншигчдад зөвлөдөг байлаа. Харин өдгөө нийтийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс сайн мэддэг, итгэлт хүмүүсээрээ дамжуулан мэдээлэлд хүрэх болсон. Эцэст нь тэмдэглэхэд, сонирхолтой мэдээллийг танилын сүлжээ рүүгээ түгээх нь эргээд завшаант мэдээллийг олж авах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс нийтлэл, эшлэл зэргийг бусадтай хуваалцах, мэдсэн ажлын саналаа хүмүүс рүү илгээх гэх мэтээр жижиг бэлгүүдийг сүлжээнийхэнтэйгээ хуваалцаж байгаарай. Найз нөхөд тань үүнд талархах бөгөөд эргээд танд завшаант мэдээллийг эелдгээр илгээх болно.


Thursday, September 19, 2013

Нохойн дуу ойртсоор


Олон сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэх дөхөж л байна даа. Өнөөдөр редактор маань засаж дуусгасан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүк дээр номынхоо Та өөрөө старт-ап компани  гэсэн пэйжийг нээгээтэхлээ. Орж like дараад номтой холбоотой мэдээлэл авахын зэрэгцээ ФБ найзууддаа түгээн дэмжээрэй. Хэрэгцээтэй линк/нийтлэлийг хуваалцах нь танаас их зүйл шаардахгүй хэрнээ цаад хүндээ үнэ цэнтэй байдаг гэж энэ номд бичсэн байдаг юм билээ:) Удахгүй номын зарим хэсгээс блогтоо оруулах болно оо.

Tuesday, September 17, 2013

My YLP Journey

Анх Тэрэлжид очоод багт хуваагдсан нь
Одоогоос нэг жилийн өмнө өдийд Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөрт (Young Leadership Program-YLP) тэнцчих санаатай эсээгээ бичээд сууж байжээ. YLP маань 11 дэх жилийн элсэлтээ зарласныг хараад сонирхож буй хүмүүст тус хөтөлбөр 8 сарын хугацаанд ямархуу байдлаар үргэлжилдэг тухай танилцуулж, сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо.

Анх найзаасаа зарыг нь дуулаад хэрэндээ их л бэлдэж өргөдлөө өгч байлаа. Тэнцсэн хариу аваад, анхны өдөр Зориг сан дээр цуглахад сангийн залуухан захирал Г.Бадруун угтаж, бидэнд хөтөлбөрийн талаар танилцуулав. Анги маань төрөл бүрийн салбарт харилцан адилгүй ажил эрхэлдэг 22 шижигнэсэн залуугаас бүрджээ. Ингээд тэр өдөртөө бүгд Тэрэлж рүү зугаалан хоорондоо танилцаж, хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Уолт Жэнкинсээс манлайллын талаар "номын дуу" сонсов.  Хөтөлбөрийн зохицуулагч маань Германд сургуулиа төгсөж ирээд Зориг санд ороод удаагүй байсан, мөн Young Leadership Program Europe 2010-т оролцож явсан Түвшинзаяа байлаа. 

МАН-ын н.б.дарга Цогтбаатар гуайг яриулаад л бмаар бв
Ингээд бид 4 дэх өдөр болгоны орой 18.30 цагаас сангийн байранд цуглаж, салбар бүрийн тэргүүний судлаач, мэргэжилтнүүдтэй уулздаг боллоо. Анхны зочин маань Зориг агсны анд Энхбаяр байв. Түүний яриа их сонирхолтой байсан тул би 
тэмдэглэснээ ийн оруулж байсан билээ. 

Хөтөлбөр эхлээд нэг их удалгүй Halloween-ий баярыг өргөн тэмдэглэдэг уламжлалтай аж. Бүгдээрээ багт хуваагдан мэндчилгээ дэвшүүлэхээр болж, багийн дарга нар нь зохион байгуулах комиссыг бүрдүүлсэн нь бидний анхны багийн ажил болов. EFP буюу Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран зохион байгуулсан баяр маань ч сайхан болж, үе тэнгийн залуус хөгжилдөн цэнгэж, улам дотно танилцгаасан. Мэндчилгээгээ бэлдэх гээд Монголын уран зургийн галлерейн өрөөнд Addams Family-гийн нэг үзэгдэл дээр дуу оруулан инээлдэж байснаа тодхон санаж байна.

Halloween-аар манай Addams Family
Оюун сайд, Тэмүүжин сайд, Стратегийн хүрээлэнгийн захирал Ганбат, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга асан Хашчулуун зэрэг зочидтой уулзаад байтал шинэ жил ч болов. Хамгийн гоё баяраа мэдээж хамгийн сайхнаар тэмдэглэлгүй яахав. Манай шинэ жилд 2012 оны шилдэг залуу бизнесмэнээр тодорсон, Ньюком группын гүйцэтгэх захирал асан Бямбасайхан уригдан ирж, бидэнтэй манлайллын талаар санаа бодол, туршлагаа хуваалцав. Харин бид манлайллын жишээнүүдээр жүжиг тоглож, миний бие Сүхбаатар жанжны дүрд хувиран бантагнуулсан санагдана :) Бас болоогүй ээ, эрэгтэй эмэгтэй хосолдог тэмцээнд нь орчихсон л явсан. Ер нь би юун төлөө ийм нэртэй хөтөлбөрт оролцоо билээ, бас нүүр хагарах боломж юм гэж, аливаа зүйлээс хойш суухыг ер бодоогүй.

Төслийн маань үзэсгэлэнгийн нээлтэнд олон хүн ирэв.
Он гараад удалгүй хөтөлбөрийн маань нэг чухал хэсэг болох төсөл хэрэгжүүлэх цаг боллоо. Бид 3 багт хуваагдсан бөгөөд миний орсон баг "Солонгон бийр" хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дүрслэх урлагаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олгох зорилготой төслөө эхлүүлэв. YLP-гийн эхний 8 ангийг төгсгөсөн, хөтөлбөрийн "нэвтэрхий толь," Канад сангийн зөвлөх Билигээ эгч маань төсөл яаж хэрэгжүүлэх талаар бидэнд зааж, "төслөөр хоолоо олдог" сангийнхан маань ч тусалж дэмжсээр бид төслийнхөө санхүүжилтыг өөрсдөө босгон, 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, хүүхдүүдийнхээ бүтээлүүдээр ил захидал хэвлүүлж, Хаан Банкинд байрлах Улаан гэр галлерейд тайлан үзэсгэлэнгээ амжилттай гаргасан билээ. Бидний хэрэгжүүлсэн community development project буюу нийгмийн хөгжлийн төсөл нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлогтой.

Оюутолгой уурхай дээр. 2013 оны 4 сар
Энэ завсар OT-г бүх талаас нь судалсан гэхэд болно. Монголын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх учиртай энэ том уурхайн эргэн тойронд юу болоод байна, гэрээ нь яаж хийгдэв, цааш хэрхэн ёстой вэ зэрэг асуултад хариулт авахаар нэг талаас Ганбаатар гишүүн, нөгөө талаас OT Watch ТББ-ын Сүхгэрэл эгчийг урин, мэтгэгч талууд юу ярьж байгааг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Мөн Өмнөговь дахь Оюутолгойн уурхай руу EFP-гийнхэнтэй хамт онгоц хөлөглөн нисч, тэр том уурхайтай төдийгүй Ханбогд сумтай танилцчихаад буцсан нь ховор олдох сайхан боломж байв. Яриа хийсэн бусад зочид маань ч Оюутолгойн талаар санал бодлоо бидэнтэй харамгүй хуваалцаж байсан болохоор сүүлдээ бид бүгд энэ асуудалд санаа тавьж, юу болж байгаа талаар их сонирхдог болсон.

Мөн хөтөлбөрийн маань чухал хэсэг Монголын Эдийн Засгийн Форум 2013-ыг дурдахгүй өнгөрч боломгүй. 2 өдөр зохион байгуулалтын ажилд нь тусалж, 2 өдөр форумд оролцсон талаараа би ийн бичиж байв. 

Мэдээж бүх юм албан байдлаар явагдвал сонирхолгүй. Чөлөөтэй, инээж наргисан үедээ л залуучууд улам дотно болдог хойно, янз бүрийн шалтгаан гаргаж уулзалдах их сайхан. Нэг удаа юунаас ч тарлаа даа, дараа нь үргэлжлүүлж, нэлээд хэдүүлээ Түвшөөгийнд очин нэг шил юм эд бад хийнгээ дурлалын тухай яриад суучихснаа санаж байна. Бас мань хүний санаачилгаар хагас сайны орой виногоор даруулан хэд хэдэн кино үзсэн дээ.

Ийнхүү 8 сарын хугацаанд бид салбар салбарын 20 орчим эксперттэй уулзаж, Монголын эдийн засгийн форумд оролцож, Оюутолгой, Цэвэрлэх байгууламж, Изинис Эйрвэйз, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг газраар зочилсны эцэст хөтөлбөрийнхөө төгсгөлд ирэв. Анх өргөдөл өгсөн 170, 180 гаруй залуусаас шалгарч орчихоод, бусдын итгэл, цаг зав, хөрөнгө мөнгийг гарздахгүй юм сан гэж, аль болох ихийг сурах сан гэж миний бие хэрэндээ л хичээсэн. Иймдээ ч дуурь үзэж чадаагүйг эс тооцвол бүх уулзалт, семинар, аялалд (field trip) хамрагджээ.

Ойн хүлээн авалт. Маш хөгжилтэй зүйл болсон бололтой
Манайхан бас их азтай. YLP-гийн 10 дах төгсөлтийнхөн болж, том ойн гол баатрууд болчихдог. Монголдоо анхдагч болох YLP маань 10 жилийн хугацаанд 200 орчим залуу мэргэжилтнийг төгсгөжээ. Ингээд манай төгсөлтийг хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээтэй давхцуулан хийв. Зургаан сарын тэр нэг өдөр төгсөгчид бүгдээрээ Хаан банкны зааланд цуглан, хүндэт зочид маань үг хэлж, Төгсөгчдийн холбооны өмнөх удирдлага тайлангаа тавьж, ээлжит сонгуулиа хийсэн юм. Төгсөлт бүрээс нэг хүн удирдах зөвлөлд орох ёстой тул ангийнхан маань намайг дэмжиж оруулав. Орой нь бүх төгсөгчдөд зориулсан хүлээн авалт болж, манай ангийнхан төгсөлтийн гэрчилгээгээ гардан, төслийнхөө үр дүнг сонссон билээ. Манай төсөл 1-р байрт шалгаран баяр дээр бөөн баяр. Хэдий төсөл хэрэгжүүлэхэд ялагч, ялагдагч гэж байхгүй ч ингэж шалгаруулна гэсэн нь бидний хурцлах гэсэн нэг арга байсан биз ээ. За тэгээд A Sound ирж тоглон, YLP 7-ийн Ариука, YLP 9-ийн Энхзаяа, Пагмаа нар ая дуугаа өргөж, YLP 7-гийнхний зохиосон дуун дээр дурсамжийн презентаци үзэн, дуур хуур, бүжиг наадмаа үргэлжлүүлсэн.

Ийнхүү бид Залуу Манлайлагч Хөтөлбөрийн Төгсөгчдийн Холбоо гэх өнөр гэр бүлд албан ёсоор отголж, цааш улам өргөжих залуу мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэв. Тус арга хэмжээнээс хойш удирдах зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжиж, энэхүү сүлжээг гишүүддээ ихээхэн үр өгөөжтэй байлгах төлөвлөгөө гарган, энэ 9 сараас эхлэн сар бүр 2 ажил зохиохоор болоод байгаа юм.

Энэ бүхний эцэст надаас "YLP чамд үнэ цэнтэй ямар зүйл юу өгсөн бэ?" гэж асуувал би залуу насны сайхан дурсамж, ижил санаа зорилготой найзуудыг өгсөн гэж хэлнэ ээ.


Friday, September 6, 2013

Дуу хуураар үдсэн нь

Ажлынхантайгаа  5 цаг "хага" караокэдчихоод ирэв. Хоолой гэж хошного, бас халамцуу л байна. Унтахаасаа өмнө блогдмоор санагдав.

Монголчууд дуучин ард түмэн юм аа. Үүнийг би караокэ орох тоолондоо, хол замд автобусанд явах бүртээ мэдэрдэг. Үнэндээ сайн дуулж чаддаггүй хүний хувьд энэ бол солгой хоолойгоороо орилох том завшаан юм. Хэн ч чамайг муухай дууллаа гэж шүүхгүй, дээр нь түрээд явчих зөндөө хүмүүс байгаа. Караокэнд хэн нэгэн ойрд сонсоогүй дуртайг дууг чинь сонгох, эсвэл чиний ор тас мэдэхгүй гоё дууг сонгон дуулах, гэнэт хэн нэгэн  өөрийг нь дуулна гэж огт төсөөлөхөөргүй дууг сэвэлзтэл дуулах зэрэг нь үнэхээр сайхан байдаг. Үе үе хүмүүстэй караокэдэхэд чамаас бусад нь дуучин юм шиг санагдах нь ч бий.

Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байна гэдэг шиг сайн давтаж байгаад "үнэн хашраадаг" цайны ганц хоёр дуутай болъё гэж би караокэнд дууны ном эргүүлж суух бүртээ боддог ч бахь л байдгаараа байх юм. Сайн дуулдаггүй байлаа ч хаа газар нүүр тахалж, "найрын дугараа өнгөрөөх" иймэрхүү ганц нэг дуутай байх зүгээр санагддаг. Байгууллагад шинээр орсон юм уу шинэ хүмүүстэй танилцсан хүний хувьд караокэд час хийсэн ганц дуу дуулаад л өөрийгөө албан байдлаар таниулахаас илүү танилцуулчихдаг тохиолдлууд байдаг даа.... Өнөөдрийн хувьд эрэл хайгуул болж болж Сийлэгмаагийн "Хүн хүндээ хайртай явъя"-г л гоцлох шив.

Өнөөдрийн үйл явдлаас өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол бусдадаа хүндлэгдсэн ажилтан гэж ямар байдгийг харсан минь байв. Шоуддаг шалтгаан нь манайх компанийн ууган, шилдэг ажилтнаа карьерын шинэ замд үдсэн явдал байлаа. Ялангуяа, түүнд бүгд нэг нэгээрээ хундага барьж, сэтгэлийн үгээ хэлэхэд бахармаар байв. Тэр олон сайшаал дундаас нэг нь "Манай Соко магтаалд хөөрдөггүй, загнахад урвайдаггүй. Чигээрээ тогтвортой үргэлжлүүлж чаддаг. Энэ чанар одоогийн залуус дунд ховордсон юм шиг санагддаг" гэснийг онцолмоор санагдлаа. Ийм хүн ажлаасаа хүндтэй, ерөөлтэй гардаг юм байна. Захирал маань хэлж байна лээ: Ажил дээрээ хүнийг хайрлана гэдэг их сайхан зүйл юм аа гэж.

Ажлынхны маань хувьд хөгжилтэй, бас хөнгөн гунигтай өдөр ийнхүү өнгөрлөө. Цаг 04:30.

Wednesday, September 4, 2013