Monday, July 30, 2012

Хэлэхээс илүү хийх үү? Гадаадаас ирээд хийж бүтээх үү?

Саяхан Цахим өртөө сүлжээгээр хэлэлцүүлэг уншиж суутал тэрхүү сэдэв нь гадаадад ажилладаг хүмүүс улсдаа ирж хийж бүтээх хэрэгтэй, ер нь яриад байх уу? эсвэл хийх үү? гэсэн сэдэв болж хальтирсан байв.

Ярих яах вэ хийх чухал гэдэг дээр би доорх 2 комменттой санал нийллээ.
"Ер нь хүн болгон хийгч, бүтээгч, хэрэгжүүлэгч байх албагүй, зарим хүн зөвхөн ярьдаг, нийгэм болон хүмүүст шинэ санаа хэлдэг, өгдөг байж болно."
"Ярих яахав ээ хийх чухал байна бага ярия гэдэг үзэл сүүлийн үед улсуудад их ажиглагдах боллоо. Аргачгүй биз дээ. Дээдчүүд яриад байхаас хийдэггүйгээс улбаалаад тэсвэр алдсан хүмүүс ингэж байгаа байх Монголын өнөөгийн уур амьсгалд.
Миний хувьд ярих гэдэг маань хийхэд маш чухал шүү. Ялангуяа их үйлсийг эхлүүлэхийн тулд маш их ярьж олон хүний манлайлан дагуулах үндэсний нөлөөтэй манлайлагчид бүр ч их чухал. Том том төслүүд явж байхад communication гэдэг бол дээд зэрэгийн чухал. Communication багадахад аюултай байдагаас ихэдлээ гээд ямар ч аюул дагуулдаггүй олон эрсдлийг зайлуулдаг. Орчин үе чинь угаасаа communication эрин зуун"

Харин гадаадаас ирж эх орондоо хийж бүтээх хэрэгтэй гэдэг дээр Урианхай гуайн хэлсэн "эх орноо хайрлах хайр"-тай хүн бол хаана ч байсан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг гэдэгт итгэдэг. Гадаадад байгаа ч эх орондоо энд байгаагаас дутахгүй хэрэг болдог олон хүн бий. Тэд ч гэсэн эрт орой хэзээ нэгтээ Монголдоо ирэх л болно. (түүний ярилцлагыг эндээс) :
Европын хүчирхэг эдийн засагтай улс орнуудын дайн байлдаантай үеийнх нь болон энх тайван цагийн хөгжлийн түүхээс надад нэг бодол төрдөг юм. Энэ бодлоо би зөвхөн бодол ч бус теором гэж хэлсэн ч ичихгүй. Хараад байхад улс орнуудын хөгжилд явж явж ганц л нууц байна шүү дээ. Би яахав нууц гэж л хэлж байгаа болохоос биш, үнэндээ бол нууц ч биш, ил нэгэн үнэн юм. Юу гэвэл, эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна. Эх орондоо хайртай байна гэдэг бол өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдрана гэсэн үг! Хил хязгаараа дархан, амгалан байлгах, бурханаас бүтээсэн гоо сайхан хэвээр нь хадгалах, хор урхаггүй ухаалгаар ашиглан амьдралынхаа жаргал болгох, ард түмнээ сайхан амьдруулах түүхэн дурсгалт гавьяа бүтээхийн тулд л хамаг насаа ухамсартайгаар зориулна гэсэн үг. Германы алдарт зохиолч Б. Брехт “Эх орноо хайрладаг чин хайр л аль ч утгаараа баатруудыг төрүүлдэг. Баатрууд төрдөггүй эх орон хамгийн золгүй эх орон” гэж хэлсэн байдаг юм шүү! Айхтар үг шүү. Хэн нэгэн бусдынхаа тусын тулд л амьдарч баатар болно шүү дээ. Тийм биз? Нэг хүний ач тусын их багын хэмжээнээс үл хамааран хариуд нь түмэн хүний түмэн тус өглөг болж ирдэг юм. Зөвхөн өөрийгөө бөөцийлдөг хүн эцэстээ ганцаардал, гутрал, хорсол, бухимдал, үзэн ядалттайгаа амьдарсаар дуусдаг. Хамгийн дотно, хамгийн үнэнч хань нөхөр нь авс л болдог.

Friday, July 27, 2012

Sports I will watch during Olympics


Монголын наадам дуусч "Дэлхийн наадам" Олимп эхэллээ. Бөмбөрцгийн шигшмэл, сор болсон тамирчдыг мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хэрхэн хөлсөө урсган тэмцэхийг, ялаад улсынхаа далбааг хийсгэн баярлаж гүйхийг, аз дутаж гунигийн нулимс унагахыг сэтгэл догдлон харах цаг иржээ.

Энэ Олимпоор миний голлож үзэх спортын төрлүүд:
Эрэгтэй сагс
Эмэгтэй воллейбол (заалны)
Ширээний теннис (бүх төрлүүд)
Усанд сэлэлт (ихэнх төрлүүд)
Хөнгөн атлетик (ихэнх төрлүүд)
+
Мэдээж манай монголын тамирчдын оролцох тэмцээнүүд




Шүлэг оролдож бичгийн чадвараа сайжруулах нь (Б.Франклины жишээ)

("Бэнжамин Франклин: Миний намтар" номын хэсгээс)


Хотод байх Жон Коллинс гэдэг өөр нэгэн номонд дуртай хөвгүүнтэй би дотно танилцсан юм. Бид хоёр заримдаа маргалдаж мэтгэлцдэг байсан бөгөөд ингэхдээ өөр өөрийн үндэслэлээ дэвшүүлж, нэгнийхээ буруу гэдгийг батлахаар шамддагсан. Гэвч энэ нь бид хоёрт хүмүүстэй ямар нэг зүйлийн тухай хэлэлцэхэд сөрөг үндэслэл заавал гаргах гэдэг, ингэснээрээ бусдад таагүй сэтгэгдэл төрүүлж, эвгүй уур амьсгал авчирдаг олиггүй зан суулгаж мэдэхээр байв. Тэрхүү муу зан нь аливаа харилцан яриаг хурцатгаж, дургүйцэл жигшил төрүүлэх, тэр байтугай нөхөрлөе гэсэн хүнтэй дайсагнуулах ч чадалтай билээ. Тэр цагаас хойш би хуульчид, их сургуулийнхан хийгээд Эдинбород төрж өсөгчдийг эс тооцвол ухаалаг хүмүүс энэ зуршлаас холуур тойрдгийг ажиглах болсон юм.

Нэгэн удаа, яагаад ч юм бэ, Коллинс бид хоёрын хооронд эмэгтэйчүүдийг сургуульд сургах нь хэр зохистой талаар болон тэдний сурах чадварын талаар мэтгэлцээн өрнөсөн юм. Коллинс эмэгтэйчүүдийг сургуульд явуулах нь зохисгүй, эмэгтэйчүүд угаасаа үүнд тэнцэхгүй гэж мэтгэв. Би асуудлын нөгөө талд зогссон ба сонголтод маань мэтгэлцэхээ бодсон нь ч бас жаахан нөлөөлсөн биз. Тэр намайг бодвол төрөлхийн цэцэн цэлмэг, үгийн сан элбэгтэй, миний санахад заримдаа намайг үндэслэлийнхээ хүчээр биш уран үгийнхээ хүчээр буулгаж авдаг байлаа. Энэ сэдвээр баахан мэтгэлцэж, шийдэлд хүрч чадаагүй бид хоёр нэг хэсэгтээ л уулзах шинжгүйгээр салсан тул би өөрийн үндэслэлүүдээ бичихээр сууж, бичсэнээ хуулж түүнд илгээсэн юм. Коллинс хариу илгээж, би ч дахин захидал бичив. Улмаар аль аль нь гурваас дөрвөн захидал илгээгээд байтал аав минь тэдгээрийг олоод уншчихжээ. Тэгээд намайг дуудаж, асуудлын зөв бурууг ярилгүйгээр миний бичих арга барилын тухай надтай ярилцсан ба намайг хэдий зөв бичгийн дүрэм болон гаргасан үндэслэлээрээ Коллинсыг давж буй ч (би эдгээр чадварыг хэвлэлийн газрынхаа ачаар олж авсан) түүнээ яруу тод илэрхийлэх, дэс дараалалтай бичих зэрэгтээ хол дутуу байгааг хэлж, хэд хэдэн жишээгээр үүнийгээ баталсан юм. Би түүний шүүмж голыг нь олж байгааг ойлгож, түүнээс хойш бичих ур чадвартаа ихээхэн анхаарч, сайжруулахын тулд чармайхаар шийдсэн билээ.

Энэ үед би “Үзэгч”-ийн[1] гуравдугаар ботийг олж үзэв. Би урьд нь тэдгээрийн алийг нь ч олж хараагүй юм. Би тэрхүү ботийг худалдан авч, дахин дахин уншаад ихэд баярласан юмдаг. Хэл найруулга нь үнэхээр сайн юм гэж бодоод ингэж бичдэг болохсон гэж хүсэв. Ингээд би цаас авч, “Үзэгч”-ийн өгүүлбэр бүрээс утга санааг нь эргэн сануулах цөөн битүү үгсийг тэмдэглэж аваад, тэдгээрийг цөөн өдөр далд хийснийхээ дараа гарган ирж, номоо харалгүйгээр тэмдэглэж авсан үгсээ ашиглан толгойд орж ирсэн тохиромжтой үгсээр жинхэнэ эх нь иймэрхүү л байсан болов уу хэмээн өгүүлбэрүүдийг өөрийнхөөрөө дахин бичдэг болсон юм. Үүний дараа би өөрийнхөө “Үзэгч”-ийг жинхэнэ эхтэй нь харьцуулж, хийж буй алдаануудаа олж засдаг боллоо. Ингэж би үгийн сан муутайгаа буюу тохирох үгсийг сонгож хэрэглэхдээ тааруугаа мэдэж авсан бөгөөд үүнээс үүдэн хэрвээ шүлгээ үргэлжлүүлэн бичсээр байсан бол эдгээр дутагдлаа өдийд засчихсан байх байсан даа гэж бодож билээ. Чингэсэн бол ижил утгатай боловч мөрний хэмжээ хийгээд хэмнэл айзамд тохирох өөр урттай, ондоо сонсголонтой үгсийг олж хэрэглэх хэрэгцээ намайг тэргээрийн эрэлд байнга мордоход хүргэж, улмаар тархинд минь хадаж өгснөөр эцэстээ би энэ чадварт туйлын гаргууд болчих байв. Иймээс би зарим нэг үлгэрийг сонгон авч, түүнийгээ шүлгэн хэлбэрт оруулж бичээд, эх зохиолоо мартахуйц хугацаа өнгөрсний дараа мөнөөх шүлэглэлээ дахин хүүрнэсэн хэлбэрт нь оруулж бичих болов. Мөн би заримдаа тэмдэглэж авсан битүү үгсээ сайтар холиод хэдэн долоо хоногийн дараа өгүүлбэрүүдийг гүйцээж, эх зохиолыг санан дахин бичихээсээ өмнө тэдгээрийг зөв дараалалд нь оруулахыг хичээдэг байв. Энэ нь чухамдаа намайг бодол санаагаа цэгцэлж, дараалалд оруулж сургах ёстой байлаа. Дараа нь өөрийн зохиолоо жинхэнэ эхтэй нь харьцуулж, олон алдаагаа олж засдаг байсан агаад заримдаа жинхэнэ эхийнхээ хэл найруулга, логик дарааллыг сайжруулахуйц үг хэллэг, засвар оруулснаа хараад ихэд хөөрч, цаг нь ирэхээр би бичгийн их хүн болох мөрөөдлөө биелүүлж магадгүй юм байна гэж бодох хүртлээ урамшдагсан. Би эдгээр дасгал болон уншлагаа хэвлэлийн газартаа ганцаар байж болох цагуудад буюу шөнө ажлынхаа дараа, өглөө ажлаа эхлэхээс өмнө, мөн Ням гараг бүр хийж, аав маань намайг дэргэдээ байлгах үедээ заавал оролцуулдаг байсан нийтийн мөргөлд очихоос аль болох зайлсхийдэг байлаа. Тэрхүү мөргөлд оролцохыг би нэг үүргээ гэж үзсэн хэвээр байсан авч энэ үүргийг биелүүлэх цаг хугацааны боломж үнэндээ гардаггүй байв.



[1] “Үзэгч” нь Англид 1711-1712 оны хооронд хэвлэгдэж байсан өдөр тутмын хэвлэл юм. Үүнийг Жозеф Эдисон, Ричард Стийл нар эрхлэн гаргаж байсан бөгөөд хожим нь долоон боть болгон хэвлэжээ. Орч.

Saturday, July 21, 2012

Ажилд ороход тань туслах ном

За ийм нэг ном уншаатахав. Тус номыг шинээр байгуулагдсан "Цахим Өртөө" дээд сургуулийн "Ажил ороход туслах төв" болон ШУТИС-ийн Механик Инженерийн сургуулиас хамтран хэвлүүлсэн юм байна. ЦӨДС-ийн хувьд оюутнуудаа дэмжих зорилгоор гадаадын их дээд сургуулиудын жишгийг барьж дэргэдээ тус төвийг байгуулсан нь Монголын их дээд сургуулиудын хувьд анхных нь аж.

Номонд миний таньдгаас Моннис группын дэд ерөнхийлөгч Д.Сайнбаяр, ЦӨДС-ийн УЗ-ийн дарга М.Тулгат нарын эрхмүүдээс гадна зарим компанийн хүнийн нөөцийн менежерүүд, МИС-ийн багш нар "Өөрийгөө хэрхэн таних вэ?", "Анкет хэрхэн бөглөх вэ?", "Ярилцлага шалгалтад хэрхэн бэлдэх вэ?"-гээс эхлээд "Карьер хөгжүүлэлт", "Шинэ ажилтны мэдэх хэрэгтэй зүйлс" зэрэг цөөнгүй сэдвийн хүрээнд оюутнуудад зөвлөж, өөрсдийнхөө туршлагаас хуваалцжээ.

Дөнгөж төгсөөд буй, төгсөх гэж буй оюутны хувьд бол ёстой иж бүрэн, бэлэн хоол байна лээ. Намайг дөнгөж сургуулиа төгсөхөд иймэрхүү ном байхгүй яав даа гэж бодогдсон. Гэвч ажил дээр гараад тийм их удаагүй болохоор мэдээд авмаар, магадгүй дараа өөр ажилд оръё гэхэд санууштай зүйлс цөөнгүй байгаа харагдсан.


Номонд гарч буй зөвлөгөөнүүд дээр өөрийн бодож явдаг 3 зүйлийг нэмбэл:

1. Манайхан ажилд орохдоо танил тал, гуйлга түйлгэ гэж явах нь элбэг. Зарим тохиолдолд танил тохой татаж, хүн хараар хэлүүлэхгүй бол болдоггүй газар ч байдаг биз. Харин шинэхэн төгсөгч та энэ замыг бүү сонгоорой. Өөрийнхөө чадлаар, ном журмаар нь орвол нэр цэвэр, сэтгэл амар. Хожим хойно нь элдэв шантааж, гоочлоон үгүй. Хүний өөдөөс зоригтой дуугарах болно.

2. Ажилд орохоор хандахдаа та мэдээж эхлээд тухайн компани, байгууллагыг судална. Ингэхдээ жижиг дунд компани бол дарга захирлыг нь, том компани бол өөрийн чинь дээр ажиллах менежерийг юмуу хэлтсийн даргыг болж өгвөл ажиглан тандаарай. Энэ бол юунд ч хүрээгүй байж ямар хүний доор ажиллахаа шилж сонго гэж байгаа юм биш. Жишээлбэл, танд 2 компани ижилхэн таалагдаад алинд нь орохоо шийдэж чадахгүй байна гэж бодъё. Тэгвэл ийм үед боссуудыг нь харьцуулаад үзчихэд гэмгүй.

3. Төгсөөд шууд бие даан бизнес эрхэлнэ гэвэл нухацтай бодоорой. Ядахнаа 1, 2 жил салбарын аль 1 компанид ажиллаж туршлага хуримтлуулбал зөв юм шиг санагддаг. Эргэн тойрны жишээнүүд маань намайг ийм бодолтой болгосон. Гэхдээ шууд бизнес хийгээд амжилт олохыг үгүйсгэхгүй, ийм жишээнүүд бас бий.

Tuesday, July 17, 2012

Наадам тойрсон бизнесээ гэж...

Наадам тойрсон наймаа бизнес мундахгүй. Энгийн иргэд бол хонь ямаа, хоол хүнсээ овоохон базааж хувцас дээлээ зэхнэ. "Наадмаар мэргэшсэн нөхдүүд" бол хуушуур ундаа, хүүхдийн тоглоом зарахаас аваад наадмын билет шаглах, цаашлаад начны найраа, айрагдсан морьдын арилжаанд оролцоно гээд тоолох аргагүй. Зарим нэг нь зайлшгүй, зарим нэг нь зайлуулмаар бизнесүүд.

Зайлшгүйд нь бол мэдээж хуушуурын худалдаа орно. Нэг найзын маань дүү энэ жил хэдэн найзтайгаа хуушуур зарж байна, найзууд бүгдээр очиж хуушуурдав. Зарах зөвшөөрөл, гурил мах, ширээ сандал, майхан сэлт гээд зардал нь 900,000-1000,000 хавьцаа болж байна гэнэ. Эхний өдрөө оройхон эхлээд бараг сая төгрөгийн орлого хийсэн гэнэ, хоёр дах өдөр нь бол 1,5 сая бараг хийчих биздээ гэж байна. Чадаж байгаа хүнд ашигтай л наймаа.

Бид хэд хуушуурдчихаад Цэнгэлдэх тойрч явтал нэг залуу бөмбөг өшиглүүлж байв. 12, 13 орчим метрийн цаана байршуулсан тор уруу 1 удаа өшиглүүлэхэд 500 төг авч, оруулбал 1000 төг өгдөг юм байна. Азаа нэг үзчихье гэж хорхойссон хүн бол юухан байхав 10-хан секундэд л 500 төгрөг төлнө. За тэгээд үсрээд л 5 хүнээс 1 нь оруулах юм билээ.

Бид хэд ч яахав хэдэн цаасаа тушаачихаад -Энэ чинь харин ёстой зөв бизнесээ олоод авсан нөхөр байна даа, толгой нь ажиллажээ. Бөмбөг өшиглүүлэхэд элдэв зөвшөөрөл сэлт авав л гэж, ямар ч зардалгүй наймаа байна гэцгээсээр одов.

Одоо бодохнээ, 1 хүний бөмбөг цохих хугацааг хамгийн ихдээ 30 сек гэвэл мань хүн 2,5 минутанд багадаа л 5х500-1000=1500 төгрөг, 60 минутанд 36000 төг, 8 цаг зогсоод л 288,000 төгрөгтэй болж бүр нэг башийсан бололтой дог шүү...

Сайхан санаа олжээ, тэр залуу.






Sunday, July 15, 2012

Үйлчлүүлэгчийн соёл

(2011.12.24-нд бичсэн)


Саяхан байгууллагынхаа шинэ жилээр захирлынхаа хүнтэй ярилцаж байхыг сонсов:

"Бид үйлчилгээний соёлыг эрхэмлэж, хамгийн сайн үйлчилгээг
үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх гэж хичээдэг. Угаасаа ч манайд үйлчил-
гээний соёл гэдгийг нэвтрүүлж эхлээд, үйлчилгээнийхээ чанарт
анхаардаг газрууд цөөнгүй бий боллоо. Гэвч ажиглаад байхад,
ажлаа хийлгэж хийлгэчихээд юмуу хүлээлгэж хүлээлгэчихээд хээвнэг
алга болдог хүмүүс олон, ерөөс үйлчлүүлэгчийн соёл гэдэг зүйл
манайд сайнгүй хэвээрээ байх юм. Энэ уг нь үйлчилгээний соёлоосоо
дутуугүй чухал юм сан"

Нээрээ л үнэн үг. Монголчууд бид сүүлийн үед үйлчилгээний соёл нэхэхдээ
гарамгай болоод байгаа. Харин өөрсдөө хэр соёлтой үйлчлүүлдэг билээ?
гэдгийг дор бүрнээ нэг бодоод үзмээр.

Saturday, July 7, 2012

Эдийн засагч Жаргалсайхан: Бүгдээрээ бичицгээе

(or The Quote of the day)

Өчигдөр эдийн засагч Жаргалсайхан гуайн "Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?" номын (Инжинаш хэвлэлийн газар) нээлтээр хальт ороод гарав. Нийтлэлүүдээ эмхтгээд ийм нэртэй ном болгосон юм байна. 30% нь цоо шинэ агуулга гэв үү дээ...

Энэ ёслолын арга хэмжээний талаар "Номын ертөнц" зэрэг номын нэвтрүүлгээр гарах байх. Уг нь бичлэг нь байвал энд тавьчихмаар байна. Нэгэнт байхгүй тул Жаргалсайхан хэлсэн үгээс таалагдсан хэсгээ өөрийнхөө үгээр найруулан буулгая:

Монгол Улс хэтэрхий улстөржсөн байна. Саяын сонгуульд ямар их мөнгө хийсэв...Иргэний нийгэм гэдэг нэг ёсондоо мэдлэгтэй нийгмийг хэлдэг. Мэдлэггүй нийгэм болохоор хүмүүс олноороо улс төр рүү зүтгэж байна. Мэдлэгтэй нийгмийг бий болгоход хэвлэл мэдээлэл чухал боловч миний анзаарснаар Монголд сэтгүүлчдийн дунд хурц өрсөлдөөн үйлчлэх боломжгүй юм байна. Учир нь бүгд л цаагуураа улс төртэй холбоотой, юу ч бичиж байсан ивээн тэтгэгчтэй байж байдаг. Тэгвэл блог, фэйсбүүк, твиттер зэрэг бол маш хүчтэй зэвсэг юм. Ийм нийгмийг бий болгохын тулд бүгдээрээ бичицгээе! Эрүүл нийгэмд иргэн хүн хувийн компанид ажиллаж 3 сая төгрөг авах уу? Төрийн байгууллагад 1 сая төгрөг авах уу? гэдгээ шийдэх болно.

Thursday, July 5, 2012

Сайн анхаар, бүү хэт эрхлүүл

Би хүмүүсийг хүүхдээр нь дүгнэх дуртай. Зүй ёсных ч гэж боддог. Хүүхэд нь ойворгон нэгэн бол эх эцэг нь хичнээн сайхан ажил хийдэг, хөрөнгө чинээтэй байгаад миний үнэлэмж буураад ирдэг. Бүтэлгүй хүүхэдтэй хүнийг би лав баян хүн гэхгүй. Харин бусдаас овойж оцойгоод байхгүй ажил төрөл эрхэлдэг ч, энгийн амьдралтай хэдий ч хүүхдүүд нь хүмүүжил сайтай, боловсролтой, ааль зан сайтай бол би тэднийг дажгүй сайн хүмүүс байна даа гэж бодно. Сайхан хүүхэд төрүүлж, зөв зүйтэй өсгөсөн бол тэр яах аргагүй баян хүн. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэнэ гэдэг сайн үртэй хүнд л зориулсан үг биз ээ.

10 жилийн минь нэг найз байдаг юм. Манийг бодвол хөрөнгө чинээтэй айлын хүү хэдий ч тэр арвич хямгач, цэвэрч, хүмүүжилтэйг нь яана гээ. Найзыгаа бодох бүр аав ээжийнх нь ухааныг биширдэг юм. Харин, боломжийн амьдралд зүтгэж хүрсэн зарим хүмүүс хүүхэддээ "Өөрийнхөө өмсөж зүүж, идэж ууж байснаас илүүг хүртээнэ" гээд хэт эрхлүүлж орхих юм. Юугаар ч дутаалгүй бүх юмыг нь хангаад өгөхөөр хүнд хүсч тэмүүлэх, зорих зүйл үгүй болчих нь ойлгомжтой шүү дээ. Гэртээ дур зоргоороо өссөн зорилгогүй нөхдүүд нийгэмд ч эрх дураараа байх гээд байх нь гачлантай.

Дундаж давхаргын зарим хүмүүс болохоор хүүхдээ "Бусдын хүүхдээс дутаахгүй юмсан" гэж хуруу хумсаа хугалчих шахна. Хүүхдийнхээ зүйл бүрийн хэрэгцээг хангах гэж есөн шидийг хийнэ. Мөнгөний хойноос гүйгээд хүүхэд нь хэнтэй юу хийж явааг, хичээлдээ ямархуу байгааг анхаарах сөхөөгүй. Гэтэл цаадах нь энэ хооронд "өөрийнхөөрөө" том болчихсон байдаг. Мөнгө хэрэгтэй ч анхаарал халамж илүү чухал гэдгийг зарим хүмүүст ойлгуулах юмсан.