Saturday, June 30, 2012

Бизнест хэрэгтэй Даншари сэтгэлгээ

Энэхүү номыг Японы олон компанид ажиллаж байсан Масами Тазаки хэмээх бизнесийн зөвлөх эрхэм бичжээ. Тэрээр Монгол Улсын их сургуульд 2 жил багшилж байсан, ер нь Монголтой их холбоотой хүн. Тиймдээ ч танилцуулан буй энэ номыг Монгол дах гэртээ бичжээ. Нэг үгээр, мах цусанд нь "давчуу зай, дутагдалтай нөхцөлд хамгийн их үнэ цэнийг бий болгох" чанар суусан япон хүний энэ чанарынхаа талаар бичсэн ном гэж ойлгож болно. Заавал бизнесийн салбарт ажилладаг гэлтгүй амьдрах ухаанд суралцахыг хүсдэг хэн бүхэнд бодол сэдэл өгөх энэ ном жижиг дунд компанид ажилладаг надад тун ч сонирхолтой байлаа. Тиймээс өөрийн үнэлэмжээр гол төлөв номынх нь үгээр хураангуйлж энд оруулав. Доор бичсэн зүйлсийг ойлгоход илүү тустай сонирхолтой олон жишээ, фактуудыг та номоос нь үзээрэй.
--------------------------------


Даншари хэмээх 3 ханз үсгийн нийлбэр үг нь "Эд зүйлээ цэгцлэх замаар өөрийгөө таньж, сэтгэл доторх эргэлзээг тайлж амьдралаа таатай болгох" гэсэн утгатай ажээ. Энэ нь зөвхөн гадна талын өөрчлөлт төдийгүй дотоод өөрчлөлт буюу сэтгэл санааны өөрчлөлт юм.

Орчин үеийн хүмүүс бидэнд "эд юмыг гартаа оруулах" нь хялбар болсон бөгөөд хүн хялбар зүйлд толгойгоо ажиллуулдаггүй. Харин авмаар санагдаад авсан зүйлийнхээ хагасыг хая, орхи гэхээр илүү хэцүү байдаг гэнэ.

Даншарийн хамгийн чухал нь орхихдоо биш "ирээдүйд орхихоос өөр аргагүй болох зүйлийг хийхгүй, эхлүүлэхгүй" байхдаа байдаг. Ерөөс даншари сэтгэлгээнээс бизнест санаа авч ашиглууштай зүйл маш их, бизнес ухаантай тун дөт ойр зүйл ажээ.

"Стратеги гэдэг орхихын нэр" гэсэн үг байдаг. Энэ үгийн утга бол хөрөнгө мөнгө, менежментийн нөөц хязгаарлагдмал нөхцөлд ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд нөөцийг төвлөрүүлөх хэрэгтэй, төвлөрүүлнэ гэдгийг эсрэгээр хэлбэл "бусад зүйлийг орхихгүй бол болохгүй" гэсэн үг юм.

Тэгэхээр, Даншари бол нэг ёсондоо "одоогийн байдал хамгийн зөв байгаа эсэхийг" үргэлж өөрөөсөө асууж, түүнийхээ хариултыг эрэлхийлэх явдал болно.

Нэгдүгээр бүлэг. Даншарийг хэрэгжүүлснээр бизнес амжилттай явна

Даншарийн 2 төрөл байдаг:

1. Урагшаа даншари - Бизнесийнхээ ирээдүйг бодож, санаачлага гарган "хязгаарлагдмал менежментийн нөөцөө илүү өгөөжтэй бизнес рүү шилжүүлэхийн тулд" хийдэг алхам. Ө.х, аливаа бизнес, бизнесийн чиглэлийг үнэ цэнэтэй байгаа дээр нь зориуд орхих.
2. Ухраа даншари - Аль нэг бизнесээс гарах, үйлдвэрлэлийн аль 1 дамжлагыг зогсоох, борлуулах нутаг дэсвгэр, сүлжээ дэлгүүрээ хаах зэрэг яах ч аргагүй нөхцөл байдалд орсноос болж шийдвэр гаргахыг ийн нэрлэнэ. Үүнд цомхотгол зэрэг орно.

Ер нь хүмүүс бизнесээ өргөтгөх тухай ярих хүн олон байдаг ч юуг орхих, болих талаар ярих хүн цөөн байдаг. Хаяна, орхино гэдэг хэлэхэд амар ч хийхэд хэцүү. Бизнес томорч, аливаа нэг нөөцийг амархан төвлөрүүлдэг болоод ирэхээрээ "компанийн нөөц хязгаарлагдмал" гэдгийг санаж, ямарваа хязгаарлалтгүй болчих нь бий. Хязгаарлалт байхгүй нөхцөлд бүтээлч, стратегич сэтгэлгээ огт төрдөггүй. Том байх тусмаа хаана юуг орхиж, гээхийг харах, даншари хийх хэцүү болдог.

Бизнес явуулж байхад ойчдог нэг занга бол "Нийлүүлэгчийн байр сууринаас харах" гээд байдаг хэвшил юм. "Үйлчлүүлэгдэд өгөх үнэ цэнэ"-ээ нэн түрүүнд бодолгүйгээр "Илүүдсэн хүний нөөцийг ашиглах", юмуу "Зах зээл өснө", "Ийшээ орвол ашиг их олно", "Чадах юм чинь" "Бусад компанитай хийх өрсөлдөөний шаардлагаар" гэсэн шалтгаануудаар бизнес эхлүүлсэн компани үйлчлүүлэгчээ анхнаасаа бодоогүй тул яалт ч үгүй орхих, гарах сонголт хийхээс өөр аргагүй болдог.

Хоёрдугаар бүлэг. Орхиж чадахгүй байх шалтгаан ба шалгуур

Яагаад орхиж чаддаггүй вэ? Хэд хэдэн шалтгаан байдаг.
  • Компанийн удирдагч хүн одоогийн компанийн хүрээд байгаа байр байдалд хамаатай шийдвэрүүдэд оролцож ирсэн учраас өөрийгөө үгүйсгэх болчихдог. Энэ нь эцэстээ гадны мэргэжилтэн, удирдагч нарыг авчрахад хүргэдэг ба тэд асуудлыг төвөггүй олж харан зоригтой даншари хийж чаддаг.
  • Амжилт олсон өмнөх туршлага, ажилчдаа бодох зэрэг "сэтгэлийн асуудлууд"
  • Бизнес эрхлэгчид тогтвортой ашгийг хүсдэг. Тиймээс цогцолжсон бизнес буюу зэрэг зэрэг олон бизнес хийж "ямар нэг юм болоход зориулсан хөрөнгө мөнгө"-тэй байхыг боддог. Гэвч үүнд маш том сул тал бий. Бизнес нэг бүрийнх нь өрсөлдөх чадварт асуудал үүсэх өндөр магадлалтай бөгөөд нэг нь алдагдалтай ажиллаж, нөгөө нь гайгүй ашиг хийхэд "байх л зүйл" гэж боддог. Тэгвэл энэ "харилцан нөхөх" арга хүчтэй байсан бизнесийг сулруулж, сулхан байсан бизнесийг хэрэгцээнээс нь илүү удаа хугацаагаар оршин тогтнох болгочихдог.
  • Дээр дурдсанчлан "нийлүүлэгчийн байр сууринаас харах"
Тэгвэл юуг орхиж, юунаас татгалзах, тэгээд юуг сонгох вэ гэдгийг бодоход ямар зүйлийг шалгуур болгох хэрэгтэй вэ?
  • ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨГӨХ ШИНЭ ҮНЭ ЦЭНЭ юу вэ гэдгийг эн тэргүүнд бодох.
  • Алдагдсан боломжийн зардлыг тооцох
  • Үлдээх шалтгаандаа логик тайлбар хийж чадах уу?
Гуравдугаар бүлэг. Өөрсдийн давуу тал, байршлыг тодорхойлох

Ер нь өөрийгөө буруу таниснаас хэрэггүй бизнес эхэлдэг. Зөв бизнес эхлэе гэвэл өөрийгөө зөв таних, байршлаа зөв тодорхойлох болно. Гэвч энэ нь тийм амархан биш.

Mitsukoshi шиг 20 гаруй их дэлгүүрээс нь 3-хан нь тогтмол ашиг оруулж байхад "Бид мерчандайзингаар чадварлаг болохоор" гэж эндүүрч, өөрсдийгөө "Японд номер 1 их дэлгүүр" гэж тодорхойлчихвол эцэстээ тэдэн шиг л ямар нэг том компанид нэгдэхээс аргагүйд хүрнэ.

Даншари бол бизнесийн стратеги: Зах зээлийн орчин (үйлчлүүлэгчийн хэрэгцээ), өрсөлдөгч тал, өөрийн компанийн нөөцөд тулгуурласан өөрийн компанийн өрсөлдөх давуу талыг хамгийн сайн гаргаж чадах байлдааны тактик, тулалдах газраа тодорхойлох нь бизнесийн стратеги юм. Өөрөөр хэлбэл стратеги гэдэг ганцхан байна гэсэн үг биш юм. Өөрийн байр суурь, орчноос хамааран огт өөр байна.

Бизнес дэх даншарид, юуны өмнө өөрийн компани юу хиймээр байгаа болон хаана гол тулааныг хийх вэ гэдгийг шийдэж, бусад хэсгийг орхих гэдэг үндсэн зарчим үйлчилдэг.


Дөрөвдүгээр бүлэг. Даншарийг хэрэгжүүлбэл ажил урагштай явна.

Энэ бүлэгт Бизнесч хүний танилын харилцаа, Бизнесч хүний цаг, Карьер төлөвлөгөө зэргийн талаар болон ажил хэрхэн дааж авах, даалгах тухай нарийн ширийн зүйлс бичжээ. Жишээлбэл, цаг ашиглалтын тухайд зохиогч "Хагас албадлагын байдалд өөрийгөө оруулж өөрөөр хэлбэл 2 дахин их ажил авч байж цаг ашиглаж сурна. Зав зай нь яг таарсан ажил хийгээд бол сайжирна гэж байхгүй."

Мөн, бизнесч хүний зорилгоо биелүүлэхийн тулд дараах 3 чадварыг эзэмших хэрэгтэй гээд нэг бүрийг нь дэлгэрүүлсэн байна:
  • Асуудал шийдвэрлэх чадвар
  • Мэргэжлийн чадвар
  • Суралцах чадвар

Шигтгээ. Японы алдарт зохиолч Шиба Рёотаро Монгол хүнийг "Гайхалтай эдийн шуналгүй" гэж үнэлж байжээ. Нүүдэлчид гэр хэмээх нүүдлийн сууцанд, илүү зүйлгүй аж төрдөг. Нэгэн алдартай архитекторчийн хэлснээр монгол гэр бол дэлхий дээрх хамгийн энгийн бөгөөд ухаалаг шийдэлтэй сууц гэнэ. Амьдрах орчин, нөхцөл нь монгол хүнийг эдийн шуналгүй болгож, шуналгүй монгол хүн хүчтэй байдаг байна. Тэд гэр бүл, байгаль ахуйдаа санаа тавьж, сэтгэлээрээ дүүрэн байх нь аз жаргал гэдгийг мэдэж, танихгүй хүн гэрт нь ирэхд хоол унд өгөн унтуулаад явуулдаг. Хулгай зэлгий байхгүй тул аюулгүй. Одоо тэгвэл тэд ямар болов? Ихэнх нь хотод амьдрах болж, улмаар олон монголчууд шуналын тулам гэхээр болж хувирчээ. Эдийн зүйлийг хуримтлуулъя гэх бодолтой байдаг болж, байхгүй бол атаархаж, эд зүйлд бүхнээ зориулдаг. Энэ нь байнга сөрөг бодлын эх үүсвэр болдог.

Хотжихоор ихэнх монголчууд шуналтай болчихдогийн учир нь нүүдэлчин монголчуудад хэзээд хоол унд нь бэлэн байдаг, Япон зэрэг ургацаа хүлээдэг тариачин үндэстнийг бодвол хөдөлмөрлөснөөс хойш ашиг шимийг нь хүртэх хүртэлх хугацаа тун богино болохоор "яаж ийгээд болно доо " гэсэн өөдрөг үзлийнх аж.

Энэхүү өөдрөг үзэл, эдийн шунал 2 нэгдэхээр юу болох вэ? Хэрээ мэдэхгүй хэрэглэх болдог аж. "Ердийн япон хүн жилийн орлого нь 5 сая иен байлаа ч 5 саяын машин авч унахгүй биз дээ? Монгол хүн бол 5 саяын орлоготой бол дээр нь зээл тавьж байгаад 7 саяын машин худалдаж авахыг бодно" Энэ бол япон, монгол хүний ялгааг сайн мэдэх монгол хүний үг юм.

Т.Жефферсоноос хуралд хэрхэн бэлдэх талаар суралцах нь




Томас Жефферсон хуралд хэрхэн амжилттай бэлдэж, өөрийн санаа бодлыг бусдаар хэрхэн дэмжүүлэх талаар бидэнд бэлээхэн сургаад өгчээ. Доорх түүхийг Thomas Jefferson, Jefferson and His Time номоос авав:




Виржиниагийн Их Сургуулийг үндэслэн байгуулах санааг мань хүн анх сэдсэн хэдий ч тус байгууллагын удирдах зөвлөлд өөр өөрийн гэсэн ашиг сонирхол, төлөвлөгөө бүхий олон төрлийн хүмүүс багтан байр сууриа эзлэхийг хичээж байв.

Тэднийг асуудлуудыг цэгцлэн шийдэхээр анх удаагаа хуралдахад Жефферсон архитекторын зургууд, барилгын болон үйл ажиллагааны нарийвчилсан төсөв, санал болгох сургалтын хөтөлбөр хийгээд Европоос зээлдмээр байгаа тэнхим факультетийнхаа нэрсийг хүртэл нямбай гэгч нь бэлдсэн байв. Хурал дээр түүн шиг сайн бэлтгэлтэй хүн байгаагүй болохоор ирэгсэд Жефферсоны буулгасан дүр зургийг дагахаас аргагүйд хүрч, улмаар Виржиниагийн Их Сургууль голчлон түүний төлөвлөгөө ёсоор байгуулагджээ.

Эцэстээ төлөвлөснөөс нь хамаагүй их төсвөөр барилга баригдсан, ерөөс түүний гаргасан олон олон санаа янз бүрийн шалтгаанаар хэрэгжээгүй хэдий ч хуралдаж байх үес Жефферсон энэ бүхнийг сайн мэдэж байсан биз ээ. Дээрх байдлаар маш сайн бэлтгэлтэй орсон нь түүний стратеги байж. Хурал дээр маш бодитой, далайцтай сайтар бэлдсэн санал дэвшүүлмэгц бусад нь үүнд ердөө л нэмэлт өөрчлөлт санал болгох үүрэгтэй болсон бөгөөд ингэснээр явж явж төслийн (буюу ажлын) ерөнхий хэлбэр, чиг баримжаа, цаашлаад төлөвлөгөө зэрэг нь түүний хүссэнээр гарч ирсэн аж.

Friday, June 29, 2012

Цагийн менежментийн 2 техник

Цагийн менежментийн зөндөө л арга техникүүд байдаг. Хүн бүр өөр өөрийн барилтай. Манай захирал гэхэд тв үздэггүй байх жишээтэй.

Саяхан юм уншиж яваад цагийн менежменттэй холбоотой 2 өгүүлбэр олж үзсэн нь хичээвэл хэрэгжүүлэхэд тийм хүнд хүчир биш мэт боловч ихээхэн үр дүнтэй аргууд шиг санагдав. Эдгээрийг туршаад хичээнээ:

1)
Ямар зүйлийг шинээр хийж эхэлбэл өөр нэгийг нь орхи.Саяхан уншсан "Бизнест хэрэгтэй Даншари сэтгэлгээ" номонд яг энэ тухай өгүүлдэг. Даншари гэдэг нь хэрэггүй зүйлийг орхих ухаан юм билээ. Энэ номны талаар дараа бичлэг болгон оруулах болно.

2) Хэрэв минутын дотор хийчихэж болохоор зүйл бол ЯГ ОДОО ХИЙ. Энэ бол хэнд ч ойлгомжтой, хэнд ч тохирох арга боловч олон хүнд зэрэг зэрэг хурдан хариу өгөх ёстой миний ажлын онцлогт үүнээс илүү надад таарах цаг.мен.техник үгүй л болов уу.


Sunday, June 17, 2012

We're so young. We have precious human life.

Хэд хоногийн Yahoo homepage дээр Marina Keegan: Yale grad’s final essay gets new life after writer’s death гэсэн гарчигтай нийтлэл гарсан байсан нь нүднээ тусав. Ороод үзтэл Иэлийн их сургуулийг дөнгөж төгсөөд байсан, 22 настай Марина Кееган хэмээх паблишинг ертөнцөд авъяас чадвараараа танигдаж эхэлсэн залуухан бичээч (writer) бүсгүй авто ослоор өнгөрсөн тухай байв. Түүний өөдрөг гэрэлтэй үгс бүхий, үеийнхнээ зоригжуулж урам өгсөн сүүлчийн эсээ нь нас барсных нь дараа ийнхүү цахим ертөнцөд дэлгэгдэж, амьдралын үнэ цэнийг хүмүүст дахин нэг сануулжээ:


"What we have to remember is that we can still do anything. We can change our minds. We can start over. Get a post-bac or try writing for the first time. The notion that it's too late to do anything is comical. It's hilarious. We're graduating college. We're so young. We can't, we MUST not lose this sense of possibility because in the end, it's all we have." "We're so young. We're so young. We're twenty-two years old. We have so much time."


Үүнтэй тун төстэй бас нэгэн түүхийг би мэднэ:

Дээрх бүсгүйтэй ижилхэн бичих дуртай, хүсэл мөрөөдлөө цээжиндээ багтааж ядсан, дөнгөж анагаах ухааны ИС-ийг дөнгөж төгсөөд байсан 21 настай монгол охин 2 жилийн өмнө Хөвсгөл-УБ-ын замд авто ослоор өнгөрчээ.

Everyday is a new life гэсэн гарчигтай блогтоо өөрийн ертөнцийг буулгадаг, I have a big heart and a big smile хэмээн өөрийгөө тодорхойлсон тэр охины блогоор би зочлох тун дуртай сан. Эрүүл мэндийн хэрэгтэй зөвлөгөөнүүд, уншсан ном, үзсэн киноны тойм, шүлэг дуу, хөөрхөн бодол санаанууд... өөдрөг нь дэндүү бичлэгүүд. Тэр ч минийхээр орж гарсаар бид хоёр онлайн найзууд болсон байв. Хамгийн сүүлд бид 2 фэйсбүүкээр чатлахад сүүлийн шалгалтуудаа өгч байгаа гэж байсан сан. Гэвч тэр блогоо бүр бичихээ байчихав. Чи яачихав? гэж хүртэл сүүлийн бичлэгт нь бичив. Сураггүй хэвээр. Тэгсээр би ч найзыгаа мартчихлаа. Гэтэл жилийн дараа түүний фэйсбүүк сэргэж Wall дээр нь хүний өөрийн постууд гарсан байх нь тэр. Шуурхайлан үзвэл бүх юм тодорхой боллоо. Эгч нь фэйсбүүкт хүсэлт тавьж нууц үгийг нь сэргээжээ.

Сургуулийнхаа төгсөлт дээр найз-төгсөгч нартаа хандан үг хэлэх хүндтэй үүргийг хүлээн авсан онц сурлагатан, гарцаагүй Монголд улсад маань хэрэгтэй, алтан гартай эмч болох байсан тэр диваажингийн хүмүүсийг эмчлэхээр, нэгэн цагт дотор нь амьдарна гэж мөрөөдөж байсан жижигхэн байшингаа тэнд барихаар бүрмөсөн яваад өгчээ... Фэйсбүүкт сүүлд хийсэн төгсөлтийнх нь инээд баяслаар дүүрэн зургуудыг үзэж суухдаа ийм мундаг эмчээр эмчлүүлэх заяагүй өөрсдийгөө бодож би дэндүү, дэндүү ихээр харамсан гуниглаж билээ

Түүний блогийг сөхөхүй харууслыг минь улам лавсгах мэт гунигт уянгын аялгуу сонстоно. Гэвч жаахан байзнаад сонсвол өөдрөг аяз эгшиглэж эхлэх ажээ.




The first post

Шинэ блогтой боллоо.